Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00013

 

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2019/00013

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Гахайнхан овогт У. Н ..../-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00006/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч У.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 онд төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгссөн. 1984 оноос эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1990 онд гэр бүл болсон. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. 2014 оноос сайн дурын даатгал төлж байгаа. Тэтгэврээ тогтоолгох гэж шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Бог мал ихэнхдээ хонь малладаг байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч У.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.Н нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1837 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумны Үйлдвэр бригадын 1983-1984 Агваш бригадын 1985, 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зураг, 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдөр олгосон Тэргүүний малчин алтан медалын 1654 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.Басангийн ...Би Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг 1971 онд төгсөж илгээлтээр хөдөө гарсан. 1974 оны 6 сард цэргийн албанд явж 1977 оны 6 сард цэргээс ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Дөргөн сумын 2 дугаар бригадад малчин, агент зэргийг 1987 он хүртэл хийсэн. 1987-1990 оны 10 сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аж ахуйн няраваар ажиллаж байсан....У.Н нь 1983 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчин болж эцэг, эхийн хамт 1990 он хүртэл мал маллаж байсан. У.Н сумын депутатаар сонгогдож байсан. Оныг нь санахгүй байна. Сайн малчин байсан. У.Н бог мал малладаг байсан. У.Нийн аавынх нь нэрийг Д.Урианхай гэдэг. Ээжийнх нь нэрийг Д.Дүүдээ гэдэг. У.Н нь эцэг, эхээс олуулаа. Н нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. У.Нийн нөхрийнх нь нэрийг Батнасан гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвийн ...Би 1973-1979 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчин, 1979 оны өвөл Дөргөн сум нь Мянгад сумаас салсан юм. 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан....У.Н нь 1983 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчин болж эцэг, эхийн хамт 1990 он хүртэл мал маллаж байсан. Илгээлтээр малчин болж байсан хүүхэд байгаа юм. У.Н нь залуу малчин Алтан медаль авч байсан. Сумын депутатаар сонгогдож байсан. Оныг нь би санахгүй байна. Их малч хүүхэд байсан. У.Н нь эцэг, эхийн хамт нэг хэсэг тэмээ маллаж байсан. Сүүлд нь бог мал малласан. У.Нийн аавынх нь нэрийг Д.Урианхай гэдэг. Ээжийнх нь нэрийг Д.Дүүдээ гэдэг. У.Н нь эцэг, эхээс 7-уулаа. Н нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. У.Нийн нөхрийнх нь нэрийг Батнасан гэдэг. Ховд аймгийн Мянгад сум руу хүнтэй суугаад явсан. Оныг нь санахгүй байна. Нэгдэл тарснаас хойш суусан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 18-19, 33-34, 35-36 дугаар тал/

Хавтаст хэргийн 12-14, 17 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Басан, Д.Пүрэв нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гахайнхан овогт Ураанхайн Нийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ