| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00795/и |
| Дугаар | 00014 |
| Огноо | 2019-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00014
| 2019 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2019/00014 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн .. тоотод оршин суух, Цагаан сүлд овогт Баттөмөрийн М /../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /2086808/-т холбогдох,
Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 153/2018/00795/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нароролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттөмөрийн М миний бие Нийтийн Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт цэвэрлэх байгууламжийн машинистаар 2018 оны 01 сарын 05-наас эхлэн өдийг хүртэл ажиллаж ирсэн.
Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй, үнэнч шударгаар хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн байхад Хөделмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 3.8, 9.4 дахь заалт зэргийг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.
Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргаж арга хэмжээ авагдаж байгууллагын ёс зүйн хороо, даргын хурлаар ч орж үзээгүй байтал дарга Т.Баатарзоригт манай байгууллагын даргын ажлаа аваад шууд намайг ажпаас халсан тушаал гаргасан тухай хүний нөөцийн алба надад мэдэгдсэн. Намайг сахилгын зөрчил болон алдаа дутагдал гаргаж байгаагүйг манай хамт олон сайн мэднэ. Ажил олгогч нь ажпаас халах болон сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар надад огт мэдэгдээгуй. Тухайн шийдвэр гаргасан өдөр болох 2018 оны 10 сарын 25-ны өдөр гэнэт л халагдсанаа мэдсэн. Монгол улсын Дээд шуүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарт: 15.4. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажиптан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно... 15.4.2 . Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино..., 15.4.1 Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна... гэж тус тус тайлбарласан байна.
Дээрхи хуулийн тайлбаруудаас үзэхэд Уг даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Ховд аймаг Нийтийн Аж ахуй уйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн Б\36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цэвэрлэх байгууламжийн машинистийн ажилд эгүүлэн тогтоож , нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.
.... Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг бид нар дараах нөхцөлөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд хариуцагч тал Б.Мын 2 сарын үндсэн цалин болох 980,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны дотор олгоно. "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2018 оны 10 дугаар 20-ны өдрийн Б/36 дугаартай орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх, "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цэвэрлэх байгууламжийн машинист ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулсан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч байгууллагаас надад олгосон итгэмжлэлийн эрхийн дагуу эвлэрлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Б.Мтай харилцан тохиролцоод Б.Мын хэрэгт авагдсан цалингийн тооцооллоос үндэслээд 2 сарын үндсэн цалин болох 980,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж өгөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж эвлэрсэн....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2 сарын үндсэн цалин болох 980,000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Б.Мад олгохоор, нэхэмжлэгч Б.М нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзан эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Т.Баатарзориг нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 167 дугаартай албан бичгээр Н.Оюунчимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 10 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурааамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчБ.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох, Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2 сарын үндсэн цалин болох 980,000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Б.Мад олгохоор, нэхэмжлэгч Б.М нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзан нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "Шим-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ