| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0375/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/377 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч Л.Батжаргал
Шүүгдэгч Э.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Эрдэнэжавын Энхболдод холбогдох эрүүгийн 2221000000423 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1971 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хүлэмжийн 0-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Хойд овогт Эрдэнэжавын Энхболд. /РД: ***********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Энхболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 638 тоотод оршин суух иргэн н.Хуншагайгийн гэрт хохирогч Л.Батжаргалыг унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж Л.Батжаргалын биед хацарт шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Энхболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 17 цагийн орчимд гэртээ байхад манай найзууд утсаар залгаж намайг дуудсан. Намайг очих үед Батжаргал тасарчихсан унтаж байсан. Бид дэлгүүр явж архи авч ирээд Батжаргал сэргэж гурвуулаа нэг шил архи уусан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон очоогүй. Энэ талаар манай эхнэр хүүхэд гэрчилнэ. Батжаргал ухаан алдаж унадаг өвчтэй. Иймээс тухайн үед ухаан алдаж унасан байж магадгүй. Бид 10 гаран жил найзалсан хүмүүс, би Батжаргалыг цохиж зодох шалтгаан байхгүй. Би эхнэрээ хардаж зодсон гэх нь үндэслэлгүй. Намайг Сүхбаатар аймаг явсан үед найз нар маань гэрт согтуу очсон байсан учир намайг байхгүй үед согтуу ирж болохгүй гэдэг талаар хэлсэн...” гэв.
Хохирогч Л.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 18 цагийн үед Хуншагайтай утсаар ярихад маргааш ажилд явна гэрт хүрээд ир гэж хэлсэн. Хуншагай бид хоёр 19 цагаас хойш нэг шил архи ууж, Энхболдыг утсаар дуудсан. Би 10 цагийн үед унтсан. Шөнө намайг унтаж байх хооронд Энхболд цохисон. Би сэрээд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад Энхболд чи намайг Сүхбаатар аймаг явсан хойгуур манай гэрт очсон байна гэж хэлсэн. Намайг цагдаа дуудахад Энхболд надад цусаа угаа би чамайг цохиогүй шүү гэж хэлсэн. Би 22 цагийн орчим унтсан байсан тул шөнийн 03 цагийн үед архи гарч эрүүл болсон байсан...” гэв.
Хохирогч Л.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд манай найз Нэргүйбаатар бие нь муу гээд эмнэлэг дээр байхад нь би сахиж байгаад гэрт нь хүргэж өгсөн юм. ...Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 4-38 тоотод байх гэртээ ирэхэд надтай хамт ажилладаг Хуншагай гэх залуу над руу залгаад чи манайд ирээд хоночих, маргааш уурхай дээрээс том тэрэгтэй нүүрс аваад компани руу явах юм байна. Хоёулаа нэг газар хоноод өглөө эрт очиж нүүрсээ сайн харж авахгүй бол өмнө жилийнх дандаа хог хийсэн байсан гэж хэлэхээр нь зөвшөөрч Хуншагайгийн гэрт 19 цагийн орчимд очиход Хуншагай, хүү Мөнххүслэн нар байсан. Ингээд бид хоёр унтахаасаа өмнө дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи авч уугаад байж байхад Хуншагай надад хандан Энхболд дажгүй загасны тортой юм байна лээ, би дээр аваад юм барьж чадаагүй. Чи харин одоо асуучих гэж хэлсэн. Ингээд би Энхболд руу залгаад торыг асуутал миний тор үжрээд бүр дууссан гэж хэлээд намайг хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би Хуншагайгийн гэрт байна. Маргааш өглөө бид хоёр ажил руугаа явах гэж байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл бид хоёрыг архиа уугаад дуусч байхад гаднаас Энхболд …архи уусан байдалтай Хуншагайгийн гэрт ирсэн. Тэгээд бид хоёр чи ийм согтуу байж яагаад машин бариад яваад байгаа юм бэ энд унтаж амар гээд бид нар 22 цагийн орчимд унтахаар болсон. Унтаж байтал шөнийн 02 цагийн орчимд миний нүүр рүү нэг юм цохих шиг болохоор нь сэрээд хартал Энхболд миний нүүр рүү гараараа цохисон байсан. Тэгээд би яаж байгаа юм гэж асуухад чи намайг зун Сүхбаатар аймаг руу явсан хойгуур миний эхнэрийг оролдсон гэж хэлээд миний дээрээс хоёр гараараа нүүр рүү цохиод байсан. Энэ үед би Энхболдыг арай гэж өөрөөсөө түлхэж холдуулан босгоод гэр дотор багана тойрч зугтаагаад Энхболд араас ална гээд хөөгөөд байсан. Ингээд миний нүүрнээс цус гараад, би цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Энхболд надад хандаж чи наад цусаа угаа, би чамайг цохиогүй шүү гээд байж байгаад гэнэт гараа зангидаж байгаад миний баруун талын нүүрний доор хэсгийг цохиж би оёдол тавиулсан. ...Тэр үед Хуншагай тасраад унтаж байсан. Харин түүний хүү Мөнххүслэн шөнө сэрээд Энхболдод хандаж та одоо яагаад байгаа юм бэ, зүгээр байгаа хүнийг дээрэлхээд байх юм гээд хэлж байсан. ...Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой шаардагдах төлбөр тооцоог Энхболдоор төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10, 12/
Насанд хүрээгүй гэрч Х.Мөнххүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны оройн 19 цагийн орчимд хичээлээсээ тараад өөрийн гэртээ очиход манай гэрт хүн байгаагүй. Ээж ээлжийн ажилтай, аав гадуур ажилтай байх шиг байсан. ...Тэгээд удалгүй аав, Батжаргал гэх хамт ажилладаг хүнтэйгээ архи уугаад байж байхад гаднаас Карина маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй нэг танихгүй ах орж ирээд манай аав болон Батжаргал ах хоёртой хамт архи уусан. Тэгтэл тэр хүн манай аавтай муудалцах гээд байсан. Ингээд 23 цагийн орчим аав тасраад гэрийн хойд орон дээр унтахаар болж би аавын хажуугаар орж унтсан. Тэгээд нөгөө хоёр хүнийг согтуу болохоор нь унтаад яв гэж хэлсэн. ...шөнийн 03 цагийн орчимд хүмүүс хоорондоо муудалцаад байх шиг чимээ гарахаар нь сэрээд хартал Батжаргал ахын нүүр нь цус болсон, нөгөө ахынх нь зүгээр байсан. Би тэр хоёрт хандаж манай гэр ямар та хоёрын зодолддог газар юм уу гэж хэлэхэд манай гэрээс гараад хашаан дотор муудалцаж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан. Би яг цохилцож зодолдож байхыг нь хараагүй. Харин намайг сэрэхэд Батжаргал ахын баруун нүд орчим цус гараад хавдчихсан байсан. Намайг унтах үед Батжаргал ахын биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Ц.Бүтэдцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Энхболд нь Батжаргалтай найз нөхдийн холбоотой болоод удаж байна. 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө унтаж байхад Батжаргал залгаад байсан ч утсаа аваагүй юм. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой түүн рүү залгаж ярихад Батжаргал манай нөхрийг дуудсан байсан. Манай нөхөр Энхболд нь ойрд Батжаргалтай уулзаагүй юм байна нэг очоод ирье гээд явсан боловч тэр орой гэртээ ирээгүй бөгөөд маргааш өглөө нь гэртээ ирэхдээ Батжаргалтай муудсан юм шиг байна гэж хэлж байсан. ...Батжаргал нь надад танай нөхөр намайг хардаж цохисон гэж ярьсан. Миний хувьд надтай хардах үйл явдал болоогүй. Манай нөхөр Энхболд нь манайх өсвөр насны охидуудтай учир манай гэрээр намайг эзгүй үед битгий ирж бай гэсэн утга санаатай хэлсэн зүйлийг хардсан гэж ойлгосон байх гэж бодож байна. Манай нөхөр өмнө нь Батжаргалтай муудалж зодолдож байсан удаа байхгүй хэвийн харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Шүүгдэгч Э.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд найз Батжаргалтай утсаар ярихад Хуншагай гэх хүний гэрт нь байна гэхээр нь тэдний гэрт очихоор болж өөрийн карина маркийн машинтай Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт хорооллын 638 тоотод очсон. Намайг гэрт нь ороход Хуншагай, Батжаргал, Хуншагайгийн хүү /8 дугаар ангийн хүүхэд гэж байсан/ нар байж байсан. Батжаргал, Хуншагай нар нь нэг шил архи уусан байдалтай архи нь дуусч байсан. Батжаргалын хувьд гэрийнх нь баруун орон дээр согтсон байдалтай унтаж байсан учир түүнийг сэрээж хүргэж өгөх үү гэхэд дуугарахгүй байсан. Ингээд Хуншагай бид 2 дэлгүүр явж 0,75 литрийн цагаан архи авч ирээд Батжаргал, Хуншагай бид гурав уусан. Архиа ууж дуусгаад Хуншагай хүүхэдтэйгээ хойд орон дээрээ унтсан. Батжаргал надаас хүүхэн асуугаад байсан учир миний уур хүрч түүнийг заамдаж байгаад нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Ингээд бид 2 маргалдаж Хуншагайгийн гэрээс гарч гадаа байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхэд Батжаргалын нүүр хэсгээс цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 670 тоот дүгнэлтэд:
1. Л.Батжаргалын биед хацарт шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 674 тоот дүгнэлт
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-40/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Энхболд нь 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 638 тоотод оршин суух иргэн н.Хуншагайгийн гэрт согтуугаар хохирогч Л.Батжаргалыг унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж Л.Батжаргалын эрүүл мэндэд хацарт шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Батжаргал надаас хүүхэн асуугаад байсан учир миний уур хүрч түүнийг заамдаж байгаад нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Ингээд бид 2 маргалдаж Хуншагайгийн гэрээс гарч гадаа байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Батжаргалын “...Унтаж байтал шөнийн 02 цагийн орчимд миний нүүр рүү нэг юм цохих шиг болохоор нь сэрээд хартал Энхболд миний нүүр рүү гараараа цохисон байсан. Тэгээд би яаж байгаа юм гэж асуухад чи намайг зун Сүхбаатар аймаг руу явсан хойгуур миний эхнэрийг оролдсон гэж хэлээд миний дээрээс хоёр гараараа нүүр рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Мөнххүслэнгийн “...шөнийн 03 цагийн орчимд хүмүүс хоорондоо муудалцаад байх шиг чимээ гарахаар нь сэрээд хартал Батжаргал ахын нүүр нь цус болсон, нөгөө ахынх нь зүгээр байсан. Би яг цохилцож зодолдож байхыг нь хараагүй. Харин намайг сэрэхэд Батжаргал ахын баруун нүд орчим цус гараад хавдчихсан байсан. Намайг унтах үед Батжаргал ахын биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 670 тоот “...Л.Батжаргалын биед хацарт шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хойд овогт Эрдэнэжавын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Э.Энхболд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Хойд овогт Эрдэнэжавын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Энхболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс эм, эмчилгээний зардалд 55,000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчтэй тохиролцсон гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Энхболдыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Хойд овогт Эрдэнэжавын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэжавын Энхболдыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхболд нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хохирогч Л.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд Э.Энхболдоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА