Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00021

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00021

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Тариачин овогт Даваадоржийн Э /.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Байлгас овогт -н М /../-д холбогдох,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 153/2018/00841/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Б.Мтай 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуримаа хийсэн. Бид хоёрын дундаас 2011 оны 04 дүгээр сард хүү Баатарцог төрсөн. Хамт амьдрах хугацаанд Б.М байнга архи ууж намайг цохиж дарамталдаг байсан. Ажилд орохоороодолоо хоног ажилладаг. Цалингаа аваад байнга архи уугаад намайг дарамталдаг. Би Баруун бүсийн төв захад хүний бараан дээр зогсож байхад согтуу ирээд байнга мөнгө нэхэж дарамталдаг байсан. Б.М миний хурим хийхдээ авч очсон тавилгануудыг буурин дээрээ үлдээгээд гэрээ зарчихаад Улаанбаатар хот руу явсан. Хамтын амьдралтай байснаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Миний хүү Э.Баатарцог миний асрамжид байдаг. Би хүүгээ 3 настайгаас нь цэцэрлэгт өгсөн. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Лаборатори 1-р сургуулийн 2д ангид сурдаг. Эрүүл саруул өсөж бойжиж байгаа....гэв.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Д.Э бид хоёр 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуримаа хийсэн. 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай хүү Баатарцог төрсөн. Баатарцог нь миний хүүхэд мөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Б.Мад холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.М нар нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул дээрх хугацаанд зохигчийг хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.М нарын дундаас 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцог төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцогын төрсөн эцгээр Б.Мыг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнбөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцогын нас болон хүүхдэд тавих эхийн халамж, эхийн хамт амьдарч байгаа зэргийг харгалзан хүүхдийг эх Д.Эийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Э.Баатарцог нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Э.Баатарцогыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Эийг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02885 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж нийт 170,582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

Хариуцагч Б.Маас хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70,200 төгрөгийг, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70,200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцог нь 7 нас 8 сартай байгаа тул Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 178,000 төгрөгийн 50 хувь болох 89,000 төгрөгийг сар бүр хариуцагч Б.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Э.Баатарцогт сар бүр төлөх тэтгэлэг 89,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,068,000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,182 төгрөг, нийт 170,582 төгрөгийгхариуцагч Б.Маас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Мад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Тариачин овогт Даваадоржийн Э, Байлгас овогт Батсуурийн М нарыг 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцогын төрсөн эцэг Байлгас овогт Батсуурийн М мөн болохыг тогтоосугай.     

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцогыг эх Д.Эийн асрамжид үлдээсүгэй.  

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Баатарцогыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Мад тус тус мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Эийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02885дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж нийт 170,582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамж нийт 170,582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЖАРГАЛ