Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шанд овогт Янгиагийн *******д холбогдох 2226000000260 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411-05 тоотод оршин суух хаягтай. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Шанд овогт Янгиагийн ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 14 дүгээр гудамжны 16 тоот хашааны үүдэнд 71-18 ӨВО улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “...12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн “...19.1-т Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчино...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Д.Жаргалсүрэнг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “... Тухай  үед архи уусанаас   болж ийм үйлдэл гаргасан. Өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Жаргалсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Арвайхээр сумын 10 дугаар баг 14-16 тоотод нөхөр Болдбаатар, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай нөхрийн найз ******* утсаар яриад, хамт гэрт нь юм хийнэ гээд ирээд аваад явсан. Тэгээд орой 18 цагийн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн Альфард маркийн машинтайгаа манай нөхөр Болдбаатарын хамт хашааны гадаа ирж зогсохыг нь би харсан. Тэгээд манай нөхөр орж ирэхгүй 20 орчим минут болохоор нь нөхөр Болдбаатарыг “их согтоод орж ирж чадахгүй, эсвэл машинаасаа бууж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод оруулж ирэх санаатай” гараад очиход ******* жолооны хүрдэн дээрээ суусан, арын суудал дээр манай нөхөр сууж байсан бөгөөд хойд талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд би “яагаад орж ирэхгүй байгаа юм та хоёр” гэж асуухад “бид хоёр юм яриад сууж байна” гэхээр нь би нөхрөө буу гэртээ оръё гээд машинаас буулгахад, ******* машиныхаа хойд хаалгыг хаасан. Манай нөхөр Болдбаатар түрүүлээд алхаад хашаа руугаа орсон бөгөөд ******* машинтайгаа хөдөлсөн санагдаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Би хашааны хаалганаас зүүн тийш газар хэвтэж байсан. *******гийн машин надаас зүүн тийш байсан. ******* миний толгойг өвдөг дээрээ тавиад тэвэрчихсэн, би эгчийгээ сүйдэлчихлээ, та хаана байна. Би яачихваа гээд байсан. Би тэр үед ухаантай, ухаангүй хоёрын хооронд л байсан. ******* манай нөхөртэй архи уусан л байх манай нөхөр согтуу байсан юм чинь ******* бас уусан л байж таараа. Харин яг хэр зэрэг согтолттой, согтуу байсныг бол би мэдэхгүй байна. Миний баруун эгэм хугарсан, баруун талын хоёр хавирга хугарсан, баруун гарын шуу хэсэг цуурсан, нурууны 1,4-р үе хугарсан, аарцагны цууралт, зүүн талын 3 хавирга хугарсан, уушгины ар хэсэг бяцралттай, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан зэрэг гэмтлүүд учирсан. Мөн хамар хугарсан, умдагны яс, аарцагны яс, хуучин хугаралтай гэсэн. Би өмнө нь гэмтэж, бэртэж байгаагүй юм. Бас эмнэлэгт хэвтэж байхдаа бактерийн халдвар авсан байсан. Үрэвслийн бактери бас авсан байсан. Уг халдвар нь зөвхөн эмнэлэгт байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад орой 18 цагийн үед манай эхнэр Баярмаа над руу залгаад, дүү Мягмарсүрэн залгаад “ээжийг согтуу машинтай хүн мөргөчихлөө гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яав, ийв юу болов гэтэл түргэн дуудсан ирэхгүй байна, нөгөө мөргөсөн машин, жолооч нь байна, цагдаа дуудчих гэхээр нь би аймгийн цагдаагийн 7032102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Би тухайн үед буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байсан бөгөөд ослыг  хараагүй. Миний хадам ээж Д.Жаргалсүрэн одоо Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа, биеийн байдал нь ерөнхийдөө бол хүнд талдаа байгаа. Миний мэдэж байгаагаар баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөг хэсгээр, баруун талдаа 2, зүүн талдаа 1 нийт 3 хавирга зэрэг хугарсан байна. нурууны үе цууралттай, умдагны яс цууралттай гэсэн. Мөн ил харагдаж байгаа нь хамар цөмрөөд далийчихсан байсан. Өөр юу юу гэмтсэнийг одоогоор сайн мэдэхгүй байна. мэдэгдэж байгаа нь дээрх гэмтлүүд байна, гэмтлүүд нь өдөр ирэх тусам нэмэгдээд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг өнгөрч байхад 11-р хороонд байдаг, Шинэ өглөө дэлгүүрийн харалдаа зүүн талд байдаг, нэг айлд очоод байж байтал 18:45 минутад манай төрсөн дүү Отгонтөгс над руу 86990798 дугаарын утсаараа над руу залгаад, ******* ах сая ээжийг машинаараа дайрчихлаа гэхээр нь би шууд тэр айлаас нь гараад гэрийн гадаа иртэл манай ээж хашааны хаалганаас зүүн тийш нэг метр гаран зайд газар уначихсан, ******* ах толгойг нь тэвэрчихсэн, ах нь ээжийг нь гэмтээчихлээ, ахдаа түргэн дуудаад өгөөч гэж байсан. ******* ахын машин Тоёота Альфард маркийн машин нь 17 дугаарын хашааны хаалганы баруун талд зүүн тийшээ хараад зогссон байсан. Харин манай дүү Отгонтөгс түргэн рүү залгахад, утсаа авахгүй байсан. Тэгээд би Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү өөрийн биеэр очиж дуудлага өгсөн. Би түргэний хоёр эмчийг аваад буцаад гэр лүүгээ очиж, ээжийг авч эмнэлэгт хүргэсэн. Би эмнэлэг дээр анх очоод түргэний машин хүлээх зуураа төрсөн эгч Баярмаа руу залгаж болсон асуудлыг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 14-р гудамжны 16 тоот хашааны гадна байлаа. Хэргийн газар ирэхэд тус гудамжны ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай, ногоон өнгийн гүйдэг, төмөр хаалгатай 17 дугаартай хашааны ертөнцийн зүгээр баруун зүг талд уг хашааны баруун үзүүрээс 1 метр зайд, зүүн тийш харж зогссон байрлалтай 7418 ӨВО улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэл зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн урд хоёр, баруун хойд цонх онгорхой, хоёр толь дэлгээстэй, машин унтраалттай байх ба баруун талын урд дугуйны зах ирмэг хэсгээс хойд карлааны гадна ирмэг хүртэл 9.5см зайтай жолооны хүрд дарж зогссон байдалтай байна. Тус тээврийн хэрэгслийн зүүн талаар банзан хашаа байх ба зүүн урд дугуйнаас хашаа хүртэлх зайг метрээр хэмжиж үзэхэд 47см, зүүн хойд дугуйнаас хашаа хүртэл 46см зайтай зогссон байв. Тухайн тээврийн хэрэгслийн хойд талын купер ертөнцийн зүгээр баруун тийш метрээр хэмжихэд 17.1 метр зайд банзан хашаан дээр зурагдсан цагаан өнгийн мөр тогтсон байх ба тус мөр нь газрын хөрснөөс 100 см үүссэн бөгөөд доод цэг нь 40 см байв. Тухайн хашаан дээр үүссэн мөрний баруун үзүүрээс ертөнцийн зүгээр зүүн тийш 2 метр 43 см зайд газрын хөрснөөс дээш 133 см зайд хагарч үүссэн мөр байх бөгөөд уг мөрнөөс хашаанаас урагш 85 см зайд хар өнгийн үсний хавчаар газарт байх ба уг хавчаарыг “3” гэсэн тоогоор тэмдэглэв. Тус хавчаараас баруун тийш 2 метр 60 см зайд мөн адил хар өнгийн үсний хавчаар байсныг “2” гэсэн тоогоор тэмдэглэв. Үүнээс баруун хойд зүг талд 50 см зайд үсний хавчаарын хугархай байсныг “1” гэсэн тоогоор тэмдэглэсэн бөгөөд хашаан дээр үүссэн цагаан өнгийн өнгөртөж тогтсон мөрийг “А” цэгээр тэмдэглэж авав. “А” цэгээс ертөнцийн зүгээр баруун тийш 7 метр 30 см зайд, тээврийн хэрэгслийн мөр байх ба үүнийг “4” гэж тэмдэглээд түүнээс урд зүг тийш 1 метр 75 см зайд тээврийн хэрэгслийн мөр байсныг “5” гэсэн тоогоор тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч Д.Жаргалсүрэнгийн биед зүүн дунд чөмөг, баруун шаант ясны зөрөөтэй далд хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалам болон сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, хоёр уушигны ар хана дагасан няцрал, зүүн 2, 3, 4, 5-р хавирга, баруун талд 3,4-р хавирганы хугарал, баруун эгэмний бяцарсан хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн нум, баруун шуу ясны цууралт, хамар, зүүн гуя шилбэний зулгаралт, баруун тохой, сарвуу, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

            2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №25 дугаартай Текникийн шинжээч Ц.Болдбаатарын “...7418 ӨВО улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. ...2. 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3. 19.1-т Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчино...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уг осол нь зам тээврийн осол мөн. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд: Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байх бөгөөд осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тогтооход Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,     

            2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...*******г согтуурал хэмжигч “Алкотест” багажаар шалгахад 1.92% тоон үзүүлэлт илэрлээ...” гэсэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/,

            үүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай тодорхойлолт /хх-ийн 45/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-151 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг болно.

           Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 14 дүгээр гудамжны 16 тоот хашааны үүдэнд 71-18 ӨВО улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 19.1-т Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Д.Жаргалсүрэнг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Жаргалсүрэнгийн мэдүүлэг, гэрч Х.Галбадрахын мэдүүлэг, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 25 дугаартай техникийн шинжээч Ц.Болдбаатарын  дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, яллагдагч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 2,700,000 төгрөгний хохирол төлсөн гэж өөрөө хэлж байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн байгаа тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналаа дахин дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгчид нэлээд их гэмтэл учирсан нь харагдаж байна. Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь энэ үйлдлээсээ маш том сургамж авсан байх гэж бодож байна.Хохирогчид хохирол төлсөн баримтуудаас гадна  хувиараа 1,000,000 төгрөг төлсөн байгаа. Энэ хохирлын баримтуудыг нэмээд үзэхэд хохирогчид нийт 3,277,450 төгрөг төлсөн гэдгийг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 14 дүгээр гудамжны 16 тоот хашааны үүдэнд 71-18 ӨВО улсын дугаартай Тоёота Апьфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “...12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн “...19.1-т Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчино...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Д.Жаргалсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч Шанд овогт Янгиагийн ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Хохирогч Д.Жаргалсүрэнгийн “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай нөхрийн найз ******* утсаар яриад, хамт гэрт нь юм хийнэ гээд ирээд аваад явсан. Тэгээд орой 18 цагийн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн Альфард маркийн машинтайгаа манай нөхөр Болдбаатарын хамт хашааны гадаа ирж зогсохыг нь би харсан. ...би нөхрөө буу гэртээ оръё гээд машинаас буулгахад, ******* машиныхаа хойд хаалгыг хаасан. Манай нөхөр Болдбаатар түрүүлээд алхаад хашаа руугаа орсон бөгөөд ******* машинтайгаа хөдөлсөн санагдаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Би хашааны хаалганаас зүүн тийш газар хэвтэж байсан бөгөөд *******гийн машин надаас зүүн тийш байсан. ******* миний толгойг өвдөг дээрээ тавиад тэвэрчихсэн, би эгчийгээ сүйдэлчихлээ, та хаана байна, би яачихваа гээд байсан, Би тэр үед ухаантай, ухаангүй хоёрын хооронд л байсан. ...Миний баруун эгэм хугарсан, баруун талын хоёр хавирга хугарсан, баруун гарын шуу хэсэг цуурсан, нурууны 1, 4-р үе  хугарсан, аарцагны цууралт, зүүн талын 3 хавирга хугарсан, уушгины ар хэсэг бяцралттай, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан зэрэг гэмтлүүд учирсан. Мөн хамар хугарсан, умдагны яс, аарцагны яс, хуучин хугаралтай гэсэн. Би өмнө нь гэмтэж, бэртэж байгаагүй. Бас эмнэлэгт хэвтэж байхдаа бактерийн халдвар авсан байсан. Үрэвслийн бактери бас авсан байсан. Уг халдвар нь зөвхөн эмнэлэгт байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Х.Галбадрахын “...2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад орой 18 цагийн үед манай эхнэр Баярмаа над руу залгаад, дүү Мягмарсүрэн залгаад “ээжийг согтуу машинтай хүн мөргөчихлөө гэнээ” гэж хэлсэн. ...Миний хадам ээж Д.Жаргалсүрэн одоо Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа, биеийн байдал нь ерөнхийдөө бол хүнд талдаа байгаа. Миний мэдэж байгаагаар баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөг хэсгээр, баруун талдаа 2, зүүн талдаа 1 нийт 3 хавирга зэрэг хугарсан байна. нурууны үе цууралттай, умдагны яс цууралттай гэсэн. Мөн ил харагдаж байгаа нь хамар цөмрөөд далийчихсан байсан. Өөр юу юу гэмтсэнийг одоогоор сайн мэдэхгүй байна. мэдэгдэж байгаа нь дээрх гэмтлүүд байна, гэмтлүүд нь өдөр ирэх тусам нэмэгдээд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг өнгөрч байхад 11-р хороонд байдаг, Шинэ өглөө дэлгүүрийн харалдаа зүүн талд байдаг, нэг айлд очоод байж байтал 18:45 минутад манай төрсөн дүү Отгонтөгс над руу 86990798 дугаарын утсаараа над руу залгаад, ******* ах сая ээжийг машинаараа дайрчихлаа гэхээр нь би шууд тэр айлаас нь гараад гэрийн гадаа иртэл манай ээж хашааны хаалганаас зүүн тийш нэг метр гаран зайд газар уначихсан, ******* ах толгойг нь тэвэрчихсэн, ах нь ээжийг нь гэмтээчихлээ, ахдаа түргэн дуудаад өгөөч гэж байсан. ******* ахын машин Тоёота Альфард маркийн машин нь 17 дугаарын хашааны хаалганы баруун талд зүүн тийшээ хараад зогссон байсан. Харин манай дүү Отгонтөгс түргэн рүү залгахад, утсаа авахгүй байсан. Тэгээд би Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү өөрийн биеэр очиж дуудлага өгсөн. Би түргэний хоёр эмчийг аваад буцаад гэр лүүгээ очиж, ээжийг авч эмнэлэгт хүргэсэн. Би эмнэлэг дээр анх очоод түргэний машин хүлээх зуураа төрсөн эгч Баярмаа руу залгаж болсон асуудлыг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн  тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/, хохирогч Д.Жаргалсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №25 дугаартай Текникийн шинжээч Ц.Болдбаатарын “...7418 ӨВО улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 2. 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...3. 19.1-т Хорооллын дотор явган зорчигч нь давуу эрхтэй зорчино...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уг осол нь зам тээврийн осол мөн. ...осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тогтооход Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...*******гийн согтуурал хэмжигч “Алкотест” багажаар шалгахад 1.92% тоон үзүүлэлт илэрлээ...” гэсэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэм хорын хохиролд 3.277.450 төгрөгийг  хохирогч Д.Жаргалсүрэнд төлсөн болох нь шүүгдэгч *******гийн мэдүүлэг, хохирогч Д.Жаргалсүрэнгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Жаргалсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:   “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар согтуурсан мансуурсан үедээ зам тээврийн осол үйлдэж,  бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тухайн гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилээс 3 жилийн хугацаагаар хасах, 6-н сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай. Нэгэнт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь хязгаарлах нэмэгдэл ялтай гэмт хэрэг учраас 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санал гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан уг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон  өөрчлөх, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлөх хохирол төлбөргүй байгаа учраас хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нь нээлттэй үлдээх  нь зүйтэй байх. Хэрэгт хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн.  Гэмт хэрэг үйлдсэн дариудаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа. ...Тухайн гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэг байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах талаар заасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл байгаа. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн дариудаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулахаа илэрхийлсэн гэм буруугаа ойлгож ухамсарласан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтын хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар шийтгэж өгнө үү, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь  хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Шанд овогт Янгиагийн *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын  хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Жаргалсүрэнд 3.277.450 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Жаргалсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шанд овогт Янгиагийн *******г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Шанд овогт Янгиагийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Жаргалсүрэнд 3.277.450 төгрөг төлсөн, шүүгдэгч   нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Жаргалсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР