| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00629/И |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00022
| 2019 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00022 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 9-10 тоотод оршин суух, Жантекей ботахара овогт К Х / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Молхы овогт Дауханы Б /..../-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 153/2018/00624/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч К.Х, хариуцагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Миний бие 1989 онд төрсөн. Эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймагт амьдардаг. Хөдөө аж ахуйн их сургуулийг засал чимэглэлийн мэргэжлээр 2009 онд төгссөн. Тодорхой эрхэлсэн ажилгүй.
2017 оны 9 сард нөхөр Д.Бтэй танилцаж, 10 сард бид албан ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидэнд дундын эд хөрөнгө, хуримын бэлэг болгож миний эцэг, эх хадгаламжинд 500,000 төгрөг хийж өгсөн. Бид хоёр хүүхэдгүй. Тэр мөнгийг нөхрийн тал банкны зээлэнд хийсэн. Нөхөр бид хоёр өвөө, эмээ, охин дүүтэйгээ хамт амьдардаг. Д.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа мал малладаг.
Гэтэл Д.Б нь намайг байнга хэл амаараа доромжилж, хаяа гар хүрдэг. Миний бие байнгын дарамтанд, гэр бүлийн хүчирхийлэлд байна. Эмэгтэй дүү нь хүртэл надад дарамт үзүүлж, хэл амаар доромжилж, гарыг минь өвтгөсөн. Өвөө, эмээ нь ингэ, тэг, хийсэн ажил, хоол ундыг минь таалахгүй, байнга үглэж дарамталдаг. Миний бие цаашид ийм хүчирхийлэл дарамт ихтэй айлд амьдрах боломжгүй их хэцүү байна.
Иймд нэхэмжлэгч К.Х, хариуцагч Д.Б бидний гэрлэлтийг цуцалж, миний эцэг, эхийн надад бэлэг болгож өгсөн 500,000 төгрөгийг нөхөр Д.Бээс гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.
.....Намайг хэл амаар доромжлохгүй гэхээр нь хүүхдээ бодоод эвлэрч байна. 500,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна....гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би эхнэрээ зодож дарамтлахгүй гэдгээ шүүгчийн өмнө тангараглан хэлье. Үр хүүхэд, ханьтайгаа сайхан амьдрах нь хорвоогийн жаргал. Би дахин алдахгүй гэж итгэлтэй хэлж байна. Намайг нэг удаа уучилвал би дахиж хэл амаар доромжлохгүй гэж шүүгчийн өмнө тангараглан хэлье....Эхнэрээсээ уучлалт гуйгаад эвлэрч байна эхнэрээ зодохгүй....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч Д.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Д.Б нь эхнэр К.Хг дахин хэл амаар доромжилж, зодохгүй, уучлалт гуйсан, нэхэмжлэгч К.Х нь жирэмсэн учраас хүүхдээ бодоод нэг удаа эвлэрч, 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан зохигч цаашид хамт амьдрахаар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 85,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К.Хгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бэд холбогдох, гэрлэлт цуцлуулах, 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь эхнэр К.Хг дахин хэл амаар доромжилж, зодохгүй, уучлалт гуйсан, нэхэмжлэгч К.Х нь жирэмсэн учраас хүүхдээ бодоод нэг удаа эвлэрч, 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан зохигч цаашид хамт амьдрахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч К.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,850 /наян таван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ