| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00822/и |
| Дугаар | 00023 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00023
| 2019 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00023 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3Б хэсэг, 612 тоотод оршин суух, Авгас овогт Б-ийн Ц /.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 35 тоотод оршин суух, Хөөмийч овогт Сэнгэдоржийн Д /... /-д холбогдох,
Охин Д.Аззаяад тэтгэлэг тогтоолгох, охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00822/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн, хариуцагч С.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь анх С.Дтой 1998 онд нэг гэрт орж, 1999 оны 02 сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр том охин Дийн Ариунзаяа, 2000 оны 10 сарын 25-ны өдөр дунд охин Дийн Амарзаяа нар бид хоёрын дундаас төрсөн. Бид зан байдпын таарамжгүй харилцааны улмаас 2003 оноос хойш хамтран амьдрахаа больж, 2007 оны 01 дүгээр сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Ариунзаяа, Д Амарзаяа нарыг би өөрийн асрамжид авч үлдэн, төрсөн эцгээс нь тэтгэлэг тогтоолгосон.
Ингээд бид тус тусын амьдралаар амьдарч байгаад 2010 онд эвлэрч, нэг гэрт амьдарч эхэлсэн учир миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан, хүүхдийн тэтгэлгийг олгохыг хуулийн дагуу зогсоож өгөх хүсэлтийг гаргасны үндсэн дээр тэтгэлэг олгох ажиллагааг зогсоосон.
С.Д бид хоёрын эргэж нийлсэн энэ хугацаанд буюу 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бага охин Дийн Аззаяа төрсөн. Гэтэл бид дахин зан байдал таарч нийлэхгүй, хүндрэл бэрхшээл гарч эхэлсэн тул 2013 оны 11 сараас дахин тусдаа амьдарсан.
Ингээд бид 2013 оноос хойш дахиж нийлээгүй юм. Бидний тусдаа амьдарсан бүхий л хугацаанд миний бие 3 охиноо өөрийн биеэр асран халамжилсаар өнөөдрийг хүрлээ. Одоо том охин Д.Ариунзаяа маань 20 нас хүрч, Монголын Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын мэргэжлийн 1 дүгээр ангийн оюутан болсон. Дунд охин Д.Ариунзаяа маань 18 нас хүрч, Идэр Их сургуулийн Англи хэлний багшийн мэргэжлийн 2 дугаар ангийн оюутан болсон. Бага охин Д.Аззаяа маань одоо 7 настай. Баянзүрх дүүргийн 87 дугаар дунд сургуулийн 2а ангид суралцдаг. Ганц бие, өрх толгойлсон, 3 хүүхэдтэй ээжийн хувьд хүүхдүүдээ идэх хоол, өмсөх хувцас, дулаан байраар хангахаас гадна 2 том хүүхдийнхээ ир сургуулийн сургалтын төлбөрийг төлж дийлэхгүйд хүрч, бие болон сэтгэлийн маш их дарамтанд амьдарч байна.
С.Д нь 2013 оноос хойш намайг болоод өөрийн 3 хүүхэдтэйгээ холбоо барьж эргэж тойрч, харж халамжилж байсан удаагүй бөгөөд намайг ямар их ачаа үүрч, хүүхдүүдийнхээ өдөр тутмын хэрэглээ, хоол ундыг зохицуулж байгааг мэдэхгүй, ойлгохгүй үл хайхарч байтаа юм.
Иймд түүнээс бага охин Д.Аззаяад Гэр бүлийн тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасныг үндэслэж төрсөн эцгээр нь тэжээн тэтгүүлэх, том охид болох Д.Ариунзаяа, Д.Амарзаяа нарт Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, их сургуулийн сургалтын төлбөрийн оногдох хувийг нэмэлт зардал гэж үзэн төлүүлэхээр нэхэмжилж байна. Учир нь өнөөдөр бид хамт амьдрахаа больсон хэдий ч Д нь насан туршдаа үр хүүхдийнхээ өмнө эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэх нь зүйн хэрэг хэмээн үзсэнийх юм. Миний бие дээрх шалтгаануудын улмаас С.Доос хүүхдүүддээ шаардлагатай байгаа хэрэглээний зардал болон сургалтын төлбөрийн тал хувийг хариуцан төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж байгаа тул та бүхэн миний хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
С.Доос бага охин Д.Аззаяаг төрсөн эцгээр тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг тогтоолгох, том охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,200,450 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг гаргуулах, дунд охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн 1,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг болон 2018-2019 оны хичээлийн жилд төлбөл зохих 2,400,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 /гурван сая гурван зуун мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Ц нь ганц бие өрх толгойлсон эмэгтэй айлын хашаанд түрээсээр амьдарч байгаа. Ганц бие хүнд 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх хэцүү байгаа юм. Өмнө нь ганц хүүхэдтэй байхад өөрөө зохицуулаад байдаг байсан. Одоо хүүхдүүдийн төлбөрийг төлөхөд хүндрэл гарч байгаа учраас сургалтын төлбөр дээр эцгийг нь туслаач гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр 1997 онд гэр бүл болж том охин төрсөн. Тэгээд таарч тохирохгүй байсан учраас салсан. Б.Ц нь өөрөө ажиллаж байх хугацаандаа тэтгэлэг авч байгаагүй. Ховд аймагт байхад хүмүүс янз бүрийн зүйл их хэлдэг байсан учраас эцгийн хамт Улаанбаатар хот руу шилжсэн. Б.Цийн эцэг нь хамт байсан учраас хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой байсан. Тэгээд эцэг нь бурхан болсноос хойш ганцаараа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх асуудалтай болж эхэлсэн. Одоо нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байгаа. Охин Д.Аззаяа 2011 онд төрсөн. Одоо 2 дугаар ангид сурдаг. Охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,200,450 төгрөгийн 50 хувь 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн сургалтын төлбөр 2017-2018 оны сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,200,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Охин Д.Аззаяа элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан учраас сургалтын төлбөр бага гарч байгаа. Одоо Идэр их сургуулийн англи хэлний багшийн ангийн 2 дугаар курсэд сурдаг. Охин Д.Ариунзаяа Монголын үндэсний их сургуулийн нүүр ам судлалын 1 дүгээр курст сурдаг. Эцэг, эх хоёр нь хамтран амьдарч байсан учраас хариуцлагыг хамтарч хүлээх ёстой гэж үзэж байгаа....гэв.
Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...1998 онд бид хоёр анх танилцсан. 1998 онд том охин Д.Ариунзаяа төрсөн. 2000 онд бид хоёр хуримаа хийсэн. 2000 онд охин Д.Амарзаяа төрсөн. Тэгээд хамт амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. 3 сарын эвлэрэх хугацааг хүлээхгүйгээр 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан. Би салахгүй гэж хэлсэн. Гэтэл Б.Ц надад мэдэгдэхгүйгээр гэрлэлт цуцлуулчихсан байсан. Тэгээд надаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн байсныг би сүүлд мэдсэн. Тэгээд бид хоёр 2009 онд дахин хамт амьдарч эхэлсэн. Тэгээд бага охин Д.Аззаяа 2011 онд төрсөн. Түүнээс хойш 3,4 жилийн дараа 2013 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Бага охин Д.Аззаяагийн тэтгэлэг төлнө. Үүнд татгалзах зүйл байхгүй. Одоохондоо боломжгүй байгаа боловч миний хүүхдүүд учраас сургалтын төлбөрийг нь төлнө. 2013 оны намар нэг өглөө гэр буулгаад аваад явсан. Юу ч ярилгүй яваад өгсөн. 2013 онд би хүүхдүүдээ эргэж очсон. Тэгээд очиход Б.Ц уулзахаас татгалзсан. Би хүүхдүүдтэйгээ уулзаад эндээс авч очсон мах шөлийг нь аваачиж өгөх үү гэхэд том охин яах юм бэ гэхээр нь би эх нь амьдралаа нууж байгаа юм болов уу гэж бодоод хөлсний машинд суулгаж өгөөд явуулсан....Охин Д.Аззаяа 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, миний хүүхэд мөн....Би улирлын чанартай ажил хийдэг учраас одоохондоо ажилгүй байна. Би тэтгэлэг, сургалтын төлбөрийг аль алийг нь төлнө. Би ажилтай байх хугацаандаа төлөх боломжтой. Үр хүүхдүүддээ өгч байгаа учраас би төлнө, санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь С.Дид холбогдуулан охин Д.Аззаяад тэтгэлэг тогтоолгох, охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тусшүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д нь ....Бага охин Д.Аззаяагийн тэтгэлэг төлнө. Үүнд татгалзах зүйл байхгүй. Одоохондоо боломжгүй байгаа боловч миний хүүхдүүд учраас сургалтын төлбөрийг нь төлнө.... гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч С.Д нар нь 1998 онд гэр бүл болж, 1999 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Д.Ариунзаяа, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Д.Амарзаяа нар төрсөн бөгөөд гэрлэгсэд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Ариунзаяа, Д.Амарзаяа нарыг эх Б.Цийн асрамжид үлдээсэн болох нь Д.Ариунзаяа, Д.Амарзаяа нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/
Гэрлэлтээ цуцлуулснаас хойш Б.Ц, С.Д нар нь эвлэрч, хамт амьдрах хугацаандаа 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр охин Д.Аззаяа төрсөн болох нь №0000679760 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо. Энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 6 дугаар тал/
Хариуцагч С.Д нь охин Д.Аззаяад тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ цуцлуулж, гэрлэлтээ сэргээлгээгүй ч тэдний дундаас төрсөн охин Д.Аззаяа нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг С.Доос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Д.Аззаяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан нэмэлт зардал гэдэгт тэжээн тэтгүүлэгч хүүхэд нь хүнд нөхцөлд байгаа, хүүхдийн асрах байгууллагад байгаа, нэн ядуу, эсвэл тухайн хүүхдийн амьдралд орсон өөрчлөлт /сургуульд орох, өвдөж эмчлүүлэх гэх мэт/ нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлсэн байх явдлыг ойлгоно.
Нэхэмжлэгч Б.Ц нь охин Д.Ариунзаяа, Д.Амарзаяа нарын нэмэлт зардалд охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Д нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй.
Тэжээн тэтгүүлэгч Д.Ариунзаяа нь Монголын Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын 1 дүгээр курсэд, тэжээн тэтгүүлэгч Д.Амарзаяа нь Идэр их сургуулийн Англи хэлний багшийн ангийн 2 дугаар курсэд тус тус суралцдаг болох нь Идэр их сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18/171 дугаартай тодорхойлолт, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын үндэсний Их сургуулийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9, 10 дугаар тал/
Иймд хариуцагч С.Доос тэжээн тэтгүүлэгч нарын нэмэлт зардал болох охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Цийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банк дахь 5866075974 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,953 төгрөгнөөс 97,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40,018 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч С.Доос улсын тэмдэгтийн хураамж 97,935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт тус тус олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Цт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Дид тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Аззаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Доос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч С.Доос нэмэлт зардалд 3,300,200 /гурван сая гурван зуун мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Цт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Дид тус тус мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,953 төгрөгнөөс 97,935 /ерэн долоон мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40,018 /дөчин мянга арван найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч С.Доос улсын тэмдэгтийн хураамж 97,935 /ерэн долоон мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт тус тус олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ