| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00835/и |
| Дугаар | 00038 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00038
| 2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00038 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-13 тоотод оршин суух, Улаан соён овогт Галягийн Шомбо /ПВ59012211/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 153/2018/00835/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Шомбо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Шомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Би 1959 онд төрсөн. 1967 онд Ховд аймгийн Буянт сумын дунд сургуульд элсэн орж 4-р анги төгссөн. 16 настайдаа анх ажилд орсон. 1977 онд цэрэгт татагдаад 1980 онд халагдсан. 1980 оны 08 дугаар сард хүн барьлаа гэж хэлмэгдээд Хар хорины засан хүмүүжүүлэх колонид хүмүүжиж байгаад 1985 онд ирсэн. 1986 онд гэр бүл болсон. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад туувар тууж, адуучин, ногоочин зэрэг ажлыг хийж байсан. 1992 онд хувьчлалын үеэр адуу маллаж байгаад хувьдаа гарсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна. Намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэв.
Нэхэмжлэгч Г.Шомбын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Шомбо нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Шомбо нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Шомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 2 буюу Үйлдвэр бригадын 1985-1988 онуудын 70 дугаар дансы хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай албан бичиг, гэрч Н.Сүхээгийн ...Би 1984 онд Санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 1984 оны 8 дугаар сараас 1990 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн туслах болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан....Г.Шомбо гуайтай манайх олон жил айл саахалт явсан. Би энэ хүнийг мэднэ. Намайг 1984 оны 8 дугаар сард Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж эхлэхэд Г.Шомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. 1985, 1986 оны үед Л.Даваатай гэрлэж тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Г.Шомбо нь нэгдлийн адуу маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч О.Цэрэнпилийн ...Би Ховд аймгийн Буянт сумын 2 дугаар бага сургуулийн 4 дүгээр ангийг 1955 онд төгсөөд, түүнээс хойш эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд мал маллаж байгаад, 1969-1983 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадын даргаар ажиллаж байсан. 1983-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд тракторын жолоочоор ажилласан....Г.Шомбо нь багадаа эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Г.Шомбо нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтан, ногоочин зэрэг ажлыг хийж байсан. Эхнэр аваад тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Г.Шомбо нэгдлийн үхэр, адуу голлож маллаж байсан....Г.Шомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад ажиллаж байсан.Тухайн үед нэгдлийн тоо бүртгэгч Нямжав гэдэг хүн хөтөлдөг байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-9, 15, 17, 25-26, 27-28 дугаар тал/
Харин нэхэмжлэгч Г.Шомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Хавтаст хэргийн 10-12 дугаар хуудсанд авагдсан иргэн О.Цэрэнпилийн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Н.Сүхээ, О.Цэрэнпил нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан 1989 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлээс олгосон гэх Баярын бичигт Ховд аймгийн Хүнсний комбинат .... гэх бичвэртэй тамгаар баталгаажсан буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улаан соён овогт Галягийн Шомбын Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Г.Шомбо нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Шомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ