Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/951

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **************д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000002513 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **************.   

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Мая Таун хотхоны зогсоол дээр байсан 00-00 УНК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос хохирогч *********гийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.

  Гурав: Эрүүгийн 2205000002513 дугаартай хэргээс

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

 

2. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 03-04 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед байрныхаа гадаа найзтайгаа 2,3 пиво ууж байгаад машин руугаа буюу 108-р байрны баруун талд байрлуулсан машин дээрээ найзтайгаа очсон. Тэгээд машиндаа найзтайгаа юм ярьж байгаад манай найз яваад өгсөн. Би нэлээн согтчихсон байсан болохоор машиндаа унтчихсан. Тэгээд 19 цагийн үед сэргээд өөрийнхөө гар утсыг хайтал байхгүй байхаар нь гэртээ орж ирээд унтчихаад орой 21 цагийн үед сэрээд дахиад машиндаа хайтал байхгүй байхаар нь манай найз аваад явчхаж гэж бодоод өнөөдөр өглөө залгаад асуутал аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машиндаа сууж байхдаа нэг хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд гар утсаа хаана тавьснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

 

4. Дамно ХХК-ийн “Самсунг А52 загварын гар утас 1 ширхгийг 500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд “Мая таун” хотхонд бараа хүргэж өгөх гэж очоод бараагаа буулгаж байтал хажууханд нэг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ухарч гарах гээд юм мөргөөд байхаар нь очиж байсан чинь гараад явчих шиг болохоор нь буцаад машин дээрээ очоод байж байтал нөгөө машин ухарч гарч чадахгүй байхаар нь очоод та ардаа хашлага мөргөөд байна би гаргаад өгье гэж хэлсэн чинь уг машин жолоодож байсан эмэгтэй за тэгээч гээд машинаасаа буугаад би машинд суугаад уг машиныг нь ухраагаад зогсоолд байршуулж өгсөн. Тэгсэн тоормосны хажууд хөлөнд юм гишгэгдэхээр нь харсан чинь нэг цэнхэр өнгийн артай Самсунг А52 маркийн утас байхаар нь тухайн гар утсыг шууд аваад халаасандаа хийгээд эмэгтэйн машинаас буугаад өөрийнхөө машинд суугаад  явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч **************д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар **************д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ************** нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Мая Таун хотхоны зогсоол дээр байсан 00-00 УНК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос хохирогч *********г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж түүний эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 03-04 дэх тал), *********гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед сэргээд өөрийнхөө гар утсыг хайтал байхгүй байхаар нь гэртээ орж ирээд унтчихаад орой 21 цагийн үед сэрээд дахиад машиндаа хайтал байхгүй байхаар нь манай найз аваад явчхаж гэж бодоод өнөөдөр өглөө залгаад асуутал аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машиндаа сууж байхдаа нэг хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд гар утсаа хаана тавьснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), Дамно ХХК-ийн “Самсунг А52 загварын гар утас 1 ширхгийг 500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 19-20 дахь тал), **************гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд “Мая таун” хотхонд бараа хүргэж өгөх гэж очоод бараагаа буулгаж байтал хажууханд нэг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ухарч гарах гээд юм мөргөөд байхаар нь очиж байсан чинь гараад явчих шиг болохоор нь буцаад машин дээрээ очоод байж байтал нөгөө машин ухарч гарч чадахгүй байхаар нь очоод та ардаа хашлага мөргөөд байна би гаргаад өгье гэж хэлсэн чинь уг машин жолоодож байсан эмэгтэй за тэгээч гээд машинаасаа буугаад би машинд суугаад уг машиныг нь ухраагаад зогсоолд байршуулж өгсөн. Тэгсэн тоормосны хажууд хөлөнд юм гишгэгдэхээр нь харсан чинь нэг цэнхэр өнгийн артай Самсунг А52 маркийн утас байхаар нь тухайн гар утсыг шууд аваад халаасандаа хийгээд эмэгтэйн машинаас буугаад өөрийнхөө машинд суугаад  явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч **************гийн дээрх гэмт үйлдлүүдийг Баянгол дүүргийн хяналтын прокуророос “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэргийн шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч хохирогч *********гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хохирогч ********* нь өөрийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг биет байдлаар буцаан авсан тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч **************г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч **************гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч ********* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

**************гийн зорчих эрхийг түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Тав: Бусад асуудлын талаар.

************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. **************г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3. **************гийн зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай..

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. ************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ