| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00836/и |
| Дугаар | 00039 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00039
| 2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00039 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Монгол овогт Бавуудоржийн Б / /-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 153/2018/00836/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 онд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт төрсөн. 1984 онд 8 дугаар анги төгссөн. 1984 оноос 1987 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн текниккумыг малын бага эмчээр төгссөн. 1987 оны 7 дугаар сард Ховд аймгийн Зэрэг суманд малын бага эмчээр томилогдоод 1987 оны 9 тсард цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 05 сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл болон Баясгалант амьдрал ХК-д малын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Шинээр Мал эмнэлгийн тухай хууль гарсантай холбогдуулан Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газраас салж шинээр мал эмнэлгийн газар зохион байгуулалтад орсон. Би төрийн албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Хөдөө орон нутагт ажиллаж 5 жил цэргийн 2 жилээ нэмэхээр төрд 20 жил ажиллаж байна. Шатлал ахиулах журмаар ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна. Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Мал эмнэлэгт 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Мал эмнэлэгт 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Мал эмнэлэгт 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 223 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, 1990-1995 онуудын цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Б.Цэрэндашийн ....Би 1977 оноос 1986 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 5 дугаар бригад буюу Тахилт бригадад малчнаар, 1987-1990 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад агентаар тус тус ажиллаж байсан....Б.Б нь манай сумын малын эмч байгаа юм. Б.Б нь 1990-1992 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бриагдад малын эмчээр, 1992-1995 он Ховд аймгийн Манхан сумын Мал эмнэлэгт малын эмчээр тус тус ажиллаж байсан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл 1992 оны үед л тарсан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 02 сарын 09-нд Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-9, 29-30, 34-41, 42 дугаар тал/
Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан 0180338 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 15-20 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Шүрэнцэцэг, Б.Цэрэндаш, З.Батхүү нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Ц.Шүрэнцэцэг, Б.Цэрэндаш, З.Батхүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан Манхан сумын 90 жилийн ой гэх бичвэртэй баримтад нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Бавуудоржийн Бын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Мал эмнэлэгт 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ