Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0799

 

 

 

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10  дугаар сарын 29-ний өдрийн 846 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Э.Г, Б.Я нар

Хэргийн индекс: 128/2024/0767/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 846 дугаар шийдвэрээр:

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эийн гаргасан Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...Давж заалдах гомдол гаргах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 29-ны өдрийн 128 ШШ2024\0846 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2.1.Шийдвэрт "...нэхэмжлэгч Б.Э нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн албаны байнгын бэлэн байдлыг алдагдуулснаас гадна өөрийн бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулахад сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ... мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нь өөрийн байгууллагын алба хаагчийн Төрийн албаны хууль, Төрийн тусгай хамгаалалтын хууль... зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг албаны дотоод хяналт шалгалтын журмаар шалган тогтоох, шалгалтын үр дүнгээс хамааран алба хаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзнэ" гэжээ

2.2.Б.Эийг Төрийн тусгай хамгаалалтын газрын шуурхай ажиллагааны хэлтэст бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны 08-р сарын 28-ны өдрийн 51*** дугаар тушаалаар "Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан" үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7-р "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.13 "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", 48-р зүйлийн 48.1.4 "төрийн албанаас халах" заалтуудын баримтлан ажлаас халсан.

2.3.Тушаалын хууль зүйн үндэслэл нь төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ. байгууллагын соёл дэг журмыг хэрхэн сахих, албаны нэр хүндийг хэрхэн яаж эрхэмлэн дээдлэхтэй холбогдож байна. Юуны өмнө энэ заалт төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байх үедээ албан байгууллага дээрээ ёс зүйн хэм хэмжээг сахих, байгууллагынхаа соёл дэг журам байгууллага дээрээ байхдаа сахих, албан үүргээ хэрэгжүүлэх, байхдаа төрийн ... аны нэр хүндийг эрхэмлэх, дээдлэх ойлголтод хамаарна.

2.4.Гэтэл шүүгч гэртээ Ач байгаа албан хаагчид дээрх хуулийн томьёолол хэрхэн ямар байдлаар хамаарах талаар дүгнэлт хийгээгүй. Төрийн аливаа үйл ажиллагаа явагдаж, түүнийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд алба хаагч нь дээрх хуулийн заалтыг чандлан сахих үүрэгтэй, харин ажлын бус цаг буюу төрийн албыг хэрэгжүүлээгүй Ач байгаа чөлөөтэй хүн гэртээ ямар байдалтай байхыг хуулиар зохицуулаагүй.

2.5.Энэ тохиолдолд Б.Э нь гэртээ Ач байсан боловч байгууллага буюу албанаас бэлэн байдлын аль нэг зэрэгт шилжин ажиллах нөхцөл байдал үүсэж, уг зэрэгт шилжих үед бэлэн байгаагүй тохиолдолд түүнийг зөрчсөн гэж үзэх ёстой. Тухайн үед ямар нэгэн ийм нөхцөл байдал үүсэж аль нэг зэрэгт шилжин ажиллах талаар байгууллагаас дуудлага ирээгүй байхад зөрчил бий болсон мэтээр шүүх дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Ач байхдаа бэлэн байх нь мэдээж ойлгомжтой, харин энэ тохиолдолд бэлэн байдал зөрчигдсөн ямар нэгэн үйл баримт бий болж байж түүнд нь бэлэн байгаагүй талаар дүгнэх ёстой байтал болоогүй хий хоосон юмыг болсон мэтээр ойлгож түүнийг зөрчсөн байна гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

2.6.Мөн Б.Эийн бүлгийн хэн гэдэг алба хаагчийн бэлэн байдал хангагдаагүй нь хэрхэн ямар байдлаар сөргөөр нөлөөлсөн талаар шүүх тодорхойлоогүй, гэрт нь очсон алба хаагчид нь Б.Эийн бүлгийн алба хаагчид биш учраас түүнийг бүлгийн алба хаагчийн бэлэн байдлыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй болно. Тухайн өдөр Б.Э нь жижүүрийн албанаас буугаад гэртээ Ач байсан бөгөөд хэлтсийн дарга Ш.Б 4 албан хаагчтай хамт гэрт нь согтуу очиж түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаад хууль сануулж байцаасан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүхээр гэм буруу тогтоосны эцэст хэнийх нь зөв буруугийн асуудал яригдана.

2.7.Гэтэл албаны шалгалт гэх зүйлээр халхавчлан хууль сануулаагүй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй гэрч гэх хүмүүсийн тайлбарыг үндэслэн Б.Эыг ёс зүйн зөрчил гаргасан учраас цаашид байгууллагад ажиллуулах боломжгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Учир нь эрүүгийн гэмт хэрэгт тухайн гэрч гэх этгээд нь хамтран оролцогчийн байдлаар гэм буруу яригдвал яах вэ, Б.Эийн өөрийнх нь ярьж байгаагаар Ш.Б эхэлж цохисон, бусад хүмүүс нь намайг бариад хөдөлгөөгүй байхад дахиж цохисон, би хутга бариагүй гэсэн тайлбар нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг болсон тохиолдолд хаана ямар хутга байсан, хутга барьсан гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зөрвөл туршилт, нүүрэлдүүлэн байцаах гээд ажиллагаагаар хэнийх нь үнэн зөв болох байтал албаны шалгалтаар энэ байдлыг тогтоосон хуульд заасан үндэслэл журмаар нотолгоо бүрдүүлэх зарчим зөрчигдсөн.

2.8.Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэнд нь арга хэмжээ авч болно, гэхдээ үүнийг албан үүргээ гүйцэтгэж байсантай холбогдуулж түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь хуульд нийцэхгүй байна. Нотолгоог хуульд заасан үндэслэл журмын дагуу авдаг болохоос байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилгоор авсан тайлбараар асуудлыг шийдвэрлэсэн байхад шүүх түүний зөв бурууд дүгнэлт хийгээгүй.

2.9.Б.Э нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд түүнд ажлаас халах талаар ямар нэгэн байдлаар танилцуулаагүй, Төрийн албаны хуулийн 41-р зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй, хуулиас даасан журмыг үндэслэж хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудлын талаар бодитойгоор үнэлээгүй, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар баталсан журам гэх зүйлийг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулаагүй байхад түүнийг нь зөрчсөн гэж арга хэмжээ авсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

2.10.Мөн шүүх ажлаас халсан тушаалын нэг заалт болох Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7-р "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08-р сарын 28-ны өдрийн 51*** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Эөөс “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23:40 минутад Б.Эөөс Ш.Бөд зодуулчихлаа гэх мэдээллийг утсаар Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын төвд өгч, уг мэдээллээр газрын даргаас өгсөн үүргийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс “Шуурхай ажиллагааны хэлтсийн зарим алба хаагчид ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харилцан зодолдсон, бие биедээ гэмтэл учруулсан байж болзошгүй гэх асуудалд”албаны шалгалтыг явуулж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №*** дугаар албаны шалгалт явуулсан талаар илтгэх хуудсыг[1] гаргажээ.

3.Уг илтгэх хуудсаар “Б.Э нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан, согтуурсан үедээ өөрийн удирдах албан тушаалтантай зодолдсон, бусдын өөдөөс хутга барин дайрсан болох нь тогтоогдсон. Шуурхай ажиллагааны хэлтсийн бүлгийн дарга албан тушаалтай буюу тусгайлан бэлтгэгдсэн алба хаагчийн хувьд бусад руу хутга барин дайрч байгаа үйлдэл нь “Төрийн тусгай хамгаалалттай газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8.2-т зааснаар сахилгын ноцтой зөрчил үйлдсэн буюу тухайн албан хаагчийг байгууллагад цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй тул холбогдох сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.

4.Улмаар маргаан бүхий Б/*** дүгээр тушаалаар[2] “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Монголын Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрэм-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8 дахь заалт, Албаны шалгалтын *** дугаар илтгэх хуудас”-ыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Эийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

5.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, мөн зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-д “ Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 3.4-т “Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна:”, 3.4.1-д “зориуд санаатайгаар зөрчил гаргасан” гэж,

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/316 дугаар тушаалаар “Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т “Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргасан.” 8.1.8-т “ёс зүйн ноцтой зөрчил гаргасан.” гэж тус тус заасан.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Э нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, албаны бэлэн байдал алдагдуулсан, согтуурсан үедээ өөрийн удирдах албан тушаалтантай зодолдсон, бусдын өөдөөс хутга барин дайрсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудас, Б.Эийн тайлбар, 2024 оны 08 дугаар сарын 19, 20, 21, 22, 23-ны өдөр авсан Б.Х, Б.Э, Ж.Д, Ц.Ү, Б.Х, М.Э, Б.А, Ш.Б, нарын тайлбар, Камерын бичлэгийн тэмдэглэл, Б.Эийн гэмтлийн зураг болон бусад албан хаагчдын гэмтлийн байдлын зураг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг баримтуудаар[3] тогтоогдож байна. 

7.Түүнчлэн нэхэмжлэгч Б.Э нь дэд хурандаа цолтой бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн бүлгийн даргын албан тушаалыг эрхэлж байсан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Эийн албан тушаалын тодорхойлолт[4] -д зааснаар албан ажлын онцгой нөхцөлд хамаарах албан тушаал бөгөөд албан тушаалын зорилгын хүрээнд хууль, Засгийн газрын тогтоолоор төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтан, иргэн, байгууллага, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын нөхцөл байдал хүндэрсэн болон бусад шаардлагатай үед хамгаалалтын хүч нэмэгдүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэх, хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад байгаа объектыг барьцаанд авахаар завдсан үйлдлийг таслан зогсоох, барьцаанаас чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэхээр, мөн  3 дугаар зорилтын 2-т “Бүлэгт ашиглагдаж буй зэвсэг, тусгай хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шуурхай бүлэгт ашиглагдаж буй зэвсэг, тусгай хэрэгсэлд тогтмол үзлэг хийж, байнгын бэлэн байдлыг хангасан байна.”, мөн зорилтын 5-д зааснаар “Бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулах”,  ур чадварын хувьд ёс зүйгээр хамт олноо үлгэрлэн манлайлах, хүний эрхийн стандартыг хэрэгжүүлэхээр заажээ.

8.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг нь бусад төрийн албан хаагч нараас онцлог ялгаатай буюу төрийн тусгай хамгаалалтыг тасралтгүй хэрэгжүүлдэг тусгай чиг үүрэгтэй, өдөр тутамдаа байнгын бэлэн байдалд буюу албан ажлын онцгой нөхцөлд ажилладаг онцлогтой, албан үүргээ гүйцэтгэхдээ галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх онцгой эрхтэй, нөхцөл байдлаас шалтгаалан хамгаалалтад хүч нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхээр ажлын байранд бэлэн байх шаардлага гарвал албан хаагч ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх чадвартай ирэх, ёс зүйн хувьд хамт олноо манлайлах, бусад хүний эрхийг хүндэтгэх тусгай үүрэг бүхий онцлог албан тушаал байна.

 

9.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Эийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн удирдах албан тушаалтантай зодолдож, бусад руу хүйтэн зэвсэг буюу хутга барин дайрсан, албаны бэлэн байдлыг алдагдуулсан нь төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн тусгай шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн ажлаас халах шийтгэл ногдуулсан хариуцагч байгууллагын шийдвэрийг хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

10.Мөн анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Б.Э нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн албаны байнгын бэлэн байдлыг алдагдуулснаас гадна өөрийн бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулахад сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

11.Түүнчлэн хариуцагчаас албаны шалгалтыг хийж, илтгэх хуудсанд дурдсан дүгнэлтийг гаргахдаа  зөрчил гарах үед байсан бүх албан хаагчдаас тайлбар, мэдүүлэг авч, албан хаагчдын гэмтлийн байдлын талаар зураг авч баталгаажуулсан, “Эд” клубийн камерын бичлэг зэрэг баримтуудыг үндэслэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул албаны шалгалтыг хийж, зөрчлийг тогтоохдоо нотолгоо бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

12.Мөн хариуцагчаас Захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудсыг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн, нэхэмжлэгчээс шалгалтын явцад тайлбар, мэдүүлэг өгч байсан, албаны шалгалтын баримтыг нэхэмжлэгч Б.Эд танилцуулахаар баримт үйлдэн түүний утас руу холбогдсон боловч эмнэлэгт хагалгаанд орж байгаа гээд уг баримттай биечлэн танилцаагүй зэргээс үзэхэд хариуцагчийг маргаан бүхий актыг танилцуулаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

13.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан “...төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байх үедээ албан байгууллага дээрээ ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахих, албан үүргээ хэрэгжүүлж байхдаа төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, дээдлэх ойлголтод хамаарна, ажлын бус цагаар төрийн албыг хэрэгжүүлээгүй Ач байгаа чөлөөтэй хүн гэртээ ямар байдалтай байхыг хуулиар зохицуулаагүй, мөн тухайн үед ямар нэгэн бэлэн байдалд шилжээгүй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй гэрчүүдийн тайлбарыг үндэслэн зөрчил гаргасан гэж байгаа нь хуульд заасан үндэслэл журмаар нотолгоо бүрдүүлэх зарчим зөрчигдсөн, мөн Б.Эд ажлаас халах тухай талаар ямар нэгэн байдлаар танилцуулаагүй бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар баталсан журам гэх зүйлийг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулаагүй байхад түүнийг зөрчсөн гэж арга хэмжээ авсан бөгөөд эдгээрт шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10  дугаар сарын 29-ний өдрийн 846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 39 дэх тал

[2] Хэргийн 5 дахь тал

[3] Хэргийн 39-42, 43-56, 58-59, 62-63, 65-72, 79-85, 89-90 дэх тал

[4] Хэргийн 23-25 дахь тал