Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00004/И |
Дугаар | 00040 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00040
2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00040 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 8-18 тоотод оршин суух, Цөхүр овогт Ж-ийн З /../-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00004и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Ж.З нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би1968 онд төрсөн. Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн 4-р анги төгссөн. Эцэг, эхийн хамт Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд мал маллаж байсан. 1986 онд гэр бүл болсон. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулид хамрагдсан. Намайг Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би бог мал малладаг байсан....Миний нөхрийг Б.Мягмартогтох, эхийг Энэбиш гэдэг байсан....Би эцэг эхийн хамт мал маллаж байгаад хүнтэй суусан. Миний ах сургуульд сураад мэргэжлээрээ ажиллаж байсан. Ах маань малчнаар ажиллаж байгаагүй....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэл Ж.З нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.З нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 1984-1990 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.Эрдэнэ-Очирын ... Би 1979 оны 6 сараас 1982 оны 5 сар хүртэл, 1985 оны 9 сараас 1990 он хүртэл Увс аймгийн Завхан сумын Сан далай нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....Ж.Зын аав манай хоёрынх олон жил айл саахалт мал маллаж байсан. Ж.З нь Увс аймгийн Завхан сумын Сан далай нэгдлийн 1 дүгээр бригадад 1985-1990 он хүртэл нэгдэлд мал маллаж байсан. Ж.З нь тэмээ маллаж байсан. Манайх Зынх хоёр голын наана, цаана хоёр байдаг байсан юм. Зын аавынх нь нэрийг Жамсран гэдэг. Ээжийнх нь нэрийг бол мэдэхгүй. З нь эцэг, эхээс 5-уулаа санагдаж байна.... гэх мэдүүлэг, гэрч Б.Дулмаагийн ....Би Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 2 дугаар бригадад 1978-1992 он хүртэл малчнаар ажилласан....Ж. З нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1986 онд хүнтэй сууж тус нэгдлийнхээ 2 дугаар бригадад малчнаар ирж 1990 он хүртэл ажилласан. Ж.З нь эцэг, эхийн хамт бог мал маллаж байсан. Хүнтэй суугаад тэмээ маллаж байсан юм. Ж.Зын аавынх нь нэрийг Жамсран гэдэг. Ээжийнх нь нэрийг Энэбиш гэдэг байсан. Жамсрангийнх 2 хүүхэдтэй айл байсан. З нь нэг ахтай. Аав Жамсран нь улсын аварга малчин байсан. Ээж нь депутат хүн байсан.... гэх мэдүүлэг, Балжингийн Мягмартогтох, Жамсрангийн З нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн4-5, 21-22, 23-24, 26-63 дугаар тал/
Хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Эрдэнэ-Очир, Б.Дулмаа нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Ц.Эрдэнэ-Очир, Б.Дулмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цөхүр овогт Жамсрангийн Зын Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ