Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгч Ж.М- нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ж-ийн М-од холбогдох эрүүгийн 2213000900244 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .... ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, О овогт Ж-ийн М-, РД:УИ.............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суух иргэн А.Н- бусдад зодуулсан гэх хэрэг бүртгэлийн Б/488 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох: (1) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд гомдол гаргагч А.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

(2) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн А.Н-ыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсныг устгасан,

(3) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн А.Н-ыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

(4) 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хохирогч А.Н-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

(5) 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилсон тогтоолтой танилцсан тэмдэглэлийг хохирогч А.Н-ад танилцуулаагүй атлаа танилцуулсан мэтээр хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн,

(6) 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хохирогч А.Н-ад танилцуулаагүй атлаа шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

(7) 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд мөн хохирогч А.Н-ын гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Ж.М- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Эрүүгийн  2213000900244 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөгчөөс иргэн А.Н-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримт бичиг материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 21-77 дахь тал/,

2.2. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

2.3. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-83, 230 дахь тал/,

2.4. Гэрч У.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

2.5. Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/520 дугаартай эрх зүйч-цагдаагийн ажилтан Ж.М-ыг ... ажилд томилсон талаарх мэдэгдэх хуудас, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 134-139 дэх тал/,

2.6. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулгыг хуулбарлан авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 161-163 дахь тал/,

2.7. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч ажилтай М.Э-ын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2042 дугаартай бичиг судлалын адилтгалын дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 173-188 дахь тал/,

2.8.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/54 дугаартай бичиг судлалын дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 233-250 дахь тал/,

2.9. Мөрдөгчөөс Иргэн А.Н-аас гарын үсгийн шинжилгээнд зориулж авсан өнгийн 6 хуудастай өврийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.10. Яллагдагч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

2.11. Шүүгдэгч Ж.М-ын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ж.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суух иргэн А.Н- бусдад зодуулсан гэх хэрэг бүртгэлийн Б/488 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох: (1) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд гомдол гаргагч А.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

(2) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн А.Н-ыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсныг устгасан,

(3) 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн А.Н-ыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

(4) 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хохирогч А.Н-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

(5) 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилсон тогтоолтой танилцсан тэмдэглэлийг хохирогч А.Н-ад танилцуулаагүй атлаа танилцуулсан мэтээр хохирогч А.Н-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн,

(6) 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хохирогч А.Н-ад танилцуулаагүй атлаа шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд хохирогч А.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

(7) 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд мөн хохирогч А.Н-ын гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Мөрдөгчөөс иргэн А.Н-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримт бичиг материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 21-77 дахь тал/,

3.1.2. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү А.Н-ыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С- гэх хүн зодож биед нь гэмтэл учруулсан. Ингээд энэ талаар цагдаад мэдэгдэж хэсгийн мөрдөгч Ж.М-од 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сумын төвд орж мэдүүлэг өгсөн. Ингээд дахин мэдүүлэг өгөөгүй, гэтэл аймгийн Прокурорын газраас хэрэг нээхээс татгалзсан шийдвэр ирсэн. Тэр шийдвэрийг үзэхэд А.Н-аас дахин мэдүүлэг авсан, дахин мэдүүлгээр А.Н- нь гомдол санал, хүсэлт байхгүй, 200.000 төгрөгийн хохирол авсан гэж бичсэн байсан, миний хүү огт тийм зүйл яриагүй юм.

...прокурорын тогтоолд дахин мэдүүлэг гэж ороод миний хүүгийн ярьж хэлээгүй зүйлийг ярьж хэлсэн мэтээр бичсэн байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

3.1.3. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, С- гэх хүнд зодуулж сумын цагдаад мэдэгдээд, зодуулснаас хойш 2-3 хоногийн дараа байх сумын төв рүү орж цагдаагийн хэсгийн байранд очоод мөрдөгч Ж.М-од мэдүүлэг өгсөн. Түүнээс өөр дахин мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Надаас анх гараар бичиж мэдүүлэг авсан. Компьютер эвдэрсэн байна гээд гараар бичиж аваад гар бичмэл дээр гарын үсэг зуруулж байсан. Надад үзүүлж байгаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд зурсан гарын үсгийг харлаа энэ бол миний гарын үсэг биш, би ийм цаас материал дээр гарын үсэг зураагүй. Үүнээс харахад Нур гэж гарын үсэг зурахдаа Н үсгийг салгасан байна, би хэзээ ч Н үсгийг салгаж бичдэггүй.

...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг ч бас миний гарын үсэг биш байна.

...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна.

...Надад С- гэх хүн 200.000 төгрөг өгсөн зүйл байхгүй, одоог хүртэл би тэр хүнээс мөнгө төгрөг аваагүй. Би ингэж мэдүүлээгүй, ийм мэдүүлэг аваагүй. Надад ямар нэгэн карт өгсөн зүйл байхгүй, би Ж.М- мөрдөгчөөс карт авсан зүйл байхгүй.

...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй өмгөөлөгчтэйгөө цуг танилцаж гарын үсгээ зурж байсан. Би тухайн баримтад зурсан гарын үсгийг харлаа миний гарын үсэгтэй төстэй байна. Энэ үед би ширээн дээр тавьж байгаад тухтай зурсан болохоор арай өөр байж магадгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-83, 230 дахь тал/,

3.1.4. Гэрч У.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Н-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин мэдүүлэг авсан талаар би мэдэхгүй. Би Сагсай сум руу явах “Цагаан эрэг”-ийн постонд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэж байсан болохоор ямар нэгэн мэдүүлэгт орчуулагчаар оролцоогүй. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан болохоор цагдаагийн газарт ирэх боломжгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Н-аас дахин мэдүүлэг авахад би орчуулагчаар оролцоогүй.

 Гэхдээ таны надад үзүүлж байгаа мэдүүлэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тус гарын үсгийг .......... Ж.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг постонд үүрэг гүйцэтгэж байхад над дээр ганцаараа ирээд “үүнд нэг гарын үсэг зурчих, өмнө нь гарын үсэг дутуу зурсан байна” гээд надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед анзаарч хараагүй болохоор дахин мэдүүлэг авсан гэдгийг мэдээгүй, энэ асуудалд албаны шалгалт явуулж эхлэхэд мэдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

3.1.5. Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/520 дугаартай эрх зүйч-цагдаагийн ажилтан Ж.М-ыг Баян-Өлгий аймгийн ..........ийн ажилд томилсон талаарх мэдэгдэх хуудас, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 134-139 дэх тал/,

3.1.6. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулгыг хуулбарлан авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 161-163 дахь тал/,

3.1.7. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч ажилтай М.Э-ын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2042 дугаартай бичиг судлалын адилтгалын “1.Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загварууд адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана.

3.Шинжилгээнд ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Б/488 дугаартай материалын: 2-р хуудсанд байх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”-ийн “А.Н-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

7, 9, 10, 11-р хуудасны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 12-р хуудасны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн доор болон “А.Н-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

15-р хуудсанд байх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын “А.Н-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

22-р хуудсанд байх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл”-ийн “А.Н-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

24-р хуудсанд байх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ийн “А.Н-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Н-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 173-188 дахь тал/,

3.1.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/54 дугаартай бичиг судлалын “1.Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд хүргүүлсэн гарын үсгийн туршилтын загвар, харьцангуй чөлөөт, чөлөөт загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

3. Б/488 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал” гэсэн материалын - 7-р хуудасны 2021.11.09-ний өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 12-р хуудасны 2021.11.22-ны өдрийн дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд тус тус А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсэг,

- 15-р хуудаст байх 2021.11.08-ны өдрийн шинжээч томилсон тогтоол танилцсан тэмдэглэлийн А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсэг

- 22-р хуудаст байх 2021.11.16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсэг

- 24-р хуудаст байх 2021.11.22-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийн А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгүүд нь Ж.М-оос авсан гэх загваруудтай тохирч байна.

2-р хуудаст байх 2021.11,09-ний өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”-ийн А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсэг,

- 9, 10, 11-р хуудасны 2021.11.09-ний өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл тус тус А.Н- гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгүүд дармал аргаар бичигдсэн тул харьцуулах загвар байхгүй байна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 233-250 дахь тал/,

3.1.9. Мөрдөгчөөс Иргэн А.Н-аас гарын үсгийн шинжилгээнд зориулж авсан өнгийн 6 хуудастай өврийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Ж.М-оос “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон гэж дүгнэлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, өөрчлөх, устгах гэмт хэрэг нь нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

6.2. Шүүгдэгч Ж.М- нь гэмт хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/520 тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Буянт сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажилд томилогдон ажиллаж байсан дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт хуульчилснаар хууль сахиулагч гэж үзнэ.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэх ойлголтод хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хамруулан ойлгоно.

6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субъекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субъекттэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэргийн оролцогчид болон иргэн үйлдэж болох бол гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилжээ.

6.5. Шүүгдэгч Ж.М- нь /хууль сахиулагч/ гомдол гаргагч А.Н-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хохирогч А.Н-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг устгасан, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.6. Иймд шүүгдэгч Ж.М-ыг хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдэж “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6.7. Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Ж.М-ын иргэн А.Н-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шалгаж чадахгүй байдалд хүрч, улмаар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн мэтээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналаа прокурорт гаргаж, шийдвэр гаргуулах зорилго нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. 

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.М-оос “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх тухай” тайлбарыг тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Ж.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Ж.М- нь 1998 онд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, залуу гэр бүл, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2.5. Шүүгдэгч Ж.М- нь хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдэж “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ж.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасныг үндэслэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-од оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн иргэн А.Н-аас гарын үсгийн шинжилгээнд зориулж авсан өнгийн 6 хуудастай өврийн дэвтрийг эрүүгийн 2213000900244 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

2.8. Шүүгдэгч Ж.М-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Ж-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдэж “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-од оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн иргэн А.Н-аас гарын үсгийн шинжилгээнд зориулж авсан өнгийн 6 хуудастай өврийн дэвтрийг эрүүгийн 2213000900244 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.М-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.М-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ