Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0197/Э |
Дугаар | 2022/ШЦТ/192 |
Огноо | 2022-12-19 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/192
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
хохирогч Х.Х-,
шүүгдэгч М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.х овогт М-ы Т-ид холбогдох эрүүгийн 2213000000239 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У.х овогт М-ы Т-, РД:БЭ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн 20 айлын орон сууцны 702 тоот өөрийнхөө байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Х.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч М.Т- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч Х.Х- мэдүүлэхдээ: “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
2. Эрүүгийн 2213000000239 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Мөрдөгчөөс хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,
2.2. Хохирогч Х.Х-т аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
2.3. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10, 12-13 дахь тал/,
2.4. Насанд хүрээгүй гэрч Т.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
2.5. Гэрч К.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х-ын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 799 дугаартай “иргэн Х.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
2.7. Яллагдагч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
2.8 Шүүгдэгч М.Т-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 60-61, 63-64, 66-68, 70-73, 76-77 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Т-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд.
3.1. Хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн 20 айлын орон сууцны 702 тоот өөрийнхөө байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Х.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Мөрдөгчөөс хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,
3.1.2. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Тэгээд хаалга онгойлгох үед нөхөр болох М.Т- нь орж ирээд намайг шууд багалзуурдаж аваад намайг зодох гэж дайрч байх үед манай охин болох 11 настай Л- ирж “ааваа, та болиоч ээ” гээд гараас нь татах үед М.Т- нь Л- охиныг түлхээд ар нуруу хэсэгт нь гараараа нэг удаа цохисон бөгөөд энэ үед хүүхдүүд маань айсандаа манай хөрш хадам эгч болох А-ийг дуудсан байсан. Энэ үед гаднаас А- эгч орж ирэх үед М.Т- нь “чи миний эгчийг дууддаг хэн юм бэ” гээд намайг газарт унагааж миний толгой хэсэг рүү өшиглөж, зүүн хөл хэсэг рүү мөн нэг удаа өшиглөсөн. Тэр үед М.А- эгч М.Т-ийг салгах үед М.Т- нь гадагшаа гараад явсан юм.
...М.Т- нь надтай хамт амьдарснаас хойш намайг байнга зоддог байсан ба миний санаанаас гардаггүй, намайг зодсон үе нь манай хамгийн том охин 4 настай байхад М.Т- нь гэртээ согтуу ирээд, тухайн үед нь би “чи яагаад согтуу ирсэн юм бэ, бусад хамт явсан хүмүүс чинь зүгээр байхад нь” гэж хэлсний төлөө намайг нүүр, нүдгүй зодож, түмпэнтэй ус авч ирээд миний толгой руу асгаж, газарт унасан байх үед миний толгой руу өшиглөж тэр үед миний хамарнаас цус гартал намайг зодсон ба энэ үед манай том охиныг орны дэрээр зодож байсан юм, ингэж зодуулсан явдал нь миний санаанаас огт гардаггүй бөгөөд үүнээс өөр зөндөө л намайг зоддог байсан ба ингэж зодуулдаг байснаа 5 жил би гэр орны хүмүүст огт хэлдэггүй байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10, 12-13 дахь тал/,
3.1.3. Насанд хүрээгүй гэрч Т.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд ээж хаалгаа цоожлоод бид нар унтаж байх үед шөнө дунд хаалга нүдэх чимээ гарч энэ үед ээж босоод хаалга тайлсан ба аав ээж хоёр хоорондоо чанга чанга дуугаар хэрэлдээд байхаар нь би босоод аав ээж хоёр дээр очиж аавд хандаж “та одоо болиоч ээ” гэж хэлэхэд аав “чи дуугүй бай” гэж хэлээд намайг эргүүлээд миний ар нуруу хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон юм. Намайг аав ээжийн зогсож байсан газарт очих үед аав Т- нь ээжийг хоёр гараараа хоолойг нь багалзуурдаж зогсож байсан ба энэ үед салгах гэж дундуур нь орсон. Миний дараа аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байж байх үед ээж газарт шалан дээр сууж байх үед аав ээжийн нүд хэсэг рүү нь хөлөөрөө шууд нэг удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
3.1.4. Гэрч К.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түүний дараа төд удалгүй 30 минут орчим болсон байх М.Т- нь хаалга цохиж энэ үед Х.Х- эгч босоод хаалга тайлах гэж жаахан удаад хаалга онгойлгох үед М.Т- нь Х.Х-тай хэрэлдээд эхэлсэн бөгөөд энэ үед би өрөөнөөсөө гүйгээд очих үед Х- газарт шалан дээр унасан байдалтай байсан. Тэр үед Л- очоод аавыгаа болиулах гээд уйлаад зогсож байсан ба төд удалгүй М.А- гаднаас орж ирсэн юм. Түүний дараа Т- нь Х- эгчийг зодох гээд дайраад байсан ба энэ үед А- эгч бид хоёр Т-ийг хориглож гарнаас нь барих үед Т- нь хөлөөрөө Х.Х- эгчийн толгой, нүд хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х-ын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 799 дугаартай “1.Иргэн Х.Х-ын биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүү хоолойны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн мөрөнд баруун бугалганд, зүүн мөрөнд тус тус хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдөгөнд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Иргэн Х.Х-ын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
3.1.6. Хохирогч Х.Х-т аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-45 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараа гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Шүүгдэгч М.Т-, хохирогч Х.Х- нар нь 2010 онд гэр болсон, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт хүүхдүүдийн хамт оршин суудаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна. Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Т-, хохирогч Х.Х- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго бүхий нөхцөл байдлуудыг хамааруулж ойлгох бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т-и нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Х.Х-ыг зодох сэдэлт, зорилгоор гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр Х.Х-ыг зодсон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.
6.3. Шүүгдэгч М.Т-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
6.4. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
6.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.Т-ийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Шүүгдэгч М.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигт төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.Т-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Т-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
Хохирогч Х.Х-аас “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй” гэх тайлбарыг,
Шүүгдэгч М.Т-иэс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан болно.
2.2. Шүүхээс шүүгдэгч М.Т-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.3. Шүүгдэгч М.Т-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Т-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ийг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
2.6. Шүүгдэгч М.Т-ид урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.х овогт М-ы Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ийг 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Т-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Т-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ