| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00850/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 41
| 2019 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00041 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, Тайчууд овогт Цэдэнбалжирын М /.../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар /9067043/-т холбогдох,
ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,987,968 /таван сая есөн зуун наян долоон мянга есөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00850/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй бөгөөд 2004 оноос Дөргөн сумын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр тус сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Тухайн байгууллагад ажиллаж байхдаа ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй ба өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор хандан төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллаж сургуулийн шилдэг багшаар удаа дараалан шалгарч, бэлтгэсэн шавь нар нь улс аймгийн уралдаан, тэмцээнд бөхийн олон төрлөөр оролцож удаа дараа амжилт үзүүлж байсан. Мөн 2012 онд аймгийн багш нарын олимпиадад 3-р байр эзэлсэн.
Захирлаар ажиллаж байх хугацаандаа сургуулийн 60 жилийн ойг амжилттай зохион байгуулсан, 2015 онд Дөргөн сургуулийн дотуур байр Шилдэг үнэлгээтэй загвар дотуур байр, 2016 онд Шилдэг үнэлгээтэй сургуулиар шалгарсан.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 19-ны өдрийн Б/41 тоот Б.Мад сахилгын шийтгэл ноогдуулах тухай хууль бус захирамж гарч үндэслэлгүйгээр надад нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан билээ. Аймгийн Засаг даргын Б/41 дугаартай захирамж нь хууль бус үндэслэлгүй байсан болох нь Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 39 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 13-ны 221/МА2017/0867 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай тогтоолоор миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр нотлогдсон. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу миний бие 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу урьд ажиллаж байсан Дөргөн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдон ажиллаж байна.
Ховд аймгийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас 2017 оны 10 сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2018 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар хуулийн дагуу нэхэмжилж байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 5,987,968 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү....гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хоёр зүйл хэлье. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр гарган өгч байгаа нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үндэслэл дотор нь Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн байдаг. Хохирол шаардах болохоороо Засаг даргын тамгын газраас шаарддаг. Засаг даргын захирамжтай холбоотой асуудлыг Засаг даргын тамгын газар хариуцан гэсэн ойлголт байхгүй. Засаг даргын Тамгын газрын ажлын алба нь тусгайлсан эрх үүрэгтэй, цалингийн болон үйлчилгээний төсөв багтсан байдаг. Засаг даргатай холбоотой асуудлыг Засаг даргын тамгын газар хариуцах нь хэр үндэслэлтэй вэ шүүх дүгнэлт хийж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,987,968 /таван сая есөн зуун наян долоон мянга есөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж тайлбарлав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ц.М нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаснаар шийдвэрт тушаалын огноо хэсэгт өөрчлөлт оруулж, хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 54-68 дугаар тал/.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц.Мыг Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон болох нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-ийн 10 дугаар тал/.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч Ц.Мыг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0867 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай тогтоолын хуулбар зэрээг нотлогдож байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль зүйн үндэслэлгүй эрхийн акт гаргасан албан тушаалтны байгууллагаас буюу Ховд аймгийн Засаг даргын ажлын алба болох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон ажил олгогчийн захирамж гарсан өдрийг дуусталх хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөднэхэмжлэгчийн өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх эрх байхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 6,703,916 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй юм.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааныхаа цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх хүсэл зоригтой байгаа гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хариуцагчаас тодорхой мөнгө гаргуулах шаардлага байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан хэмжээгээр нэхэмжлэлийн үнийг төлсөн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд өөрийн эрхээ хамгаалах, хэрэгжүүлэхээр шүүхэд хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлагыг гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэлд бичигдсэн 5,987,968 төгрөгөөр тодорхойлолоо.
Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыгтодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 0505184 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов /хх-ийн 6-9 дүгээр тал/.
/2017 оны 2 дугаар сар 902,049 төгрөг + 3 дугаар сар 985,315 төгрөг + 4 дүгээр сар 797,967 төгрөг = 2,685,331 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 895,110 төгрөг / 19,6 хоног = 1 өдрийн цалин хөлс 45,668.8 төгрөг х 160 хоног = 7,307,008 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2017 оны 2 сард ажлын 18 хоног + 3 сард ажлын 21 хоног + 4 сард ажлын 20 хоног = 59 хоног / 3 = 19,6 хоног/.
Ажилгүй байсан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу ажлын нийт 160 хоногийн цалин хөлс 7,307,008 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,987,968 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,987,968 /таван сая есөн зуун наян долоон мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 5,987,968 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,757 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,987,968 /таван сая есөн зуун наян долоон мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мад олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,750 /нэг зуун арван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Маас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7 /долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 110,757 /нэг зуун арван мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ