Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00012/и |
Дугаар | 42 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 42
2019 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00042 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-17 тоотод оршин суух, Молхы овогт Бахтиярын Х /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах, Зэвсэгт хүчний 123 дугаар ангидхолбогдох,
ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 /нэг сая зургаан зуун гурван мянга хорин ес/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, байгууллага төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгасан суутгал 367,704 /гурван зуун жаран долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулах, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 153/2019/00012/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Намайг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үндэслэлгүй ажлаас халсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан. Намайг ажилд тогтоосон. Ажилгүй байсан хугацааны цалин 3,342,746 төгрөгийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулахаар шийдвэр гарсан. Гэтэл Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан. Уг суутгалыг Зэвсэгт хүчний 123 дугаар анги өөрөө төлөх ёстой байсан. Тиймээс надад олгох ёстой 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 367,704 төгрөгийг суутгаж авсан учраас нэхэмжилж байна. Би өөрийнхөө төлөө явж хариуцагчаас мөнгө нэхэмжилсний төлөө намайг ёс зүйгүй гэж байгаа. Хариуцагчаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлнэ. Ажилгүй байсан хугацааны цалин 1,603,029 төгрөг, төрийн албан хаагчид олгох 300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч хуурамч тайлбар хийж байгаад харамсалтай байна. Буруу шийдвэр гаргасан Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулж өгнө үү....2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,603,029 төгрөгийг нэхэмжилж байна....Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар гэрээт харуулын ажилчнаар ажилд авсан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь манай байгууллагад гэрээт харуулаар ажилладаг. Нэхэмжлэгч 3,342,746 төгрөгийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас нэхэмжлэхэд хуульд заасны дагуу 367,704 төгрөгийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгаж нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон. Нэхэмжлэгчтэй эвлэрье гэсэн боловч нэхэмжлэгч утсаа авахгүй байсан учраас эвлэрч чадаагүй. Төрийн албанд ажиллаж байгаа хүний хувьд ёс зүйн доголдлыг удаа дараа гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 367,704 төгрөгийг олгох боломжгүй. Тухайн үед нэхэмжлэгч ажилгүй байсан учраас төрийн албан хаагчийн 300,000 төгрөг нь олгогдоогүй. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү....Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сарын цалинг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 /нэг сая зургаан зуун гурван мянга хорин ес/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, байгууллага төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгасан суутгал 367,704 /гурван зуун жаран долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулах, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Ховд аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрээр 3,342,746 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан суутгал болох 367,704 төгрөг гаргуулах, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгах гэж тодруулав.
Б.Х нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 7-10, 11-13 дугаар тал/.
Нэхэмжлэгч Б.Хг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчнаар ажилд томилсон болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох хүртэлх хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыгтодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 0180874 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов /хх-ийн 7 дугаар тал/.
/2017 оны 8 дугаар сар 584,685 төгрөг + 10 дугаар сар 528,061 төгрөг + 11 дүгээр сар 657994 төгрөг = 1,770,740 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 590,246 төгрөг / 22 хоног = 1 өдрийн цалин хөлс 26,829 төгрөг х 60 хоног = 1,609,740 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2017 оны 8 сард ажлын 23 хоног + 9 сард ажлын 21 хоног + 11 сард ажлын 22 хоног = 66 хоног / 3 = 22 хоног/.
Ажилгүй байсан хугацаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу ажлын нийт 60 хоногийн цалин хөлс 1,609,740 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,603,029 /нэг сая зургаан зуун гурван мянга хорин ес/ төгрөгийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид даалгахааршийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрээр 3,342,746 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан суутгал болох 367,704 төгрөг гаргуулах, хариуцагчаас төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу 3,342,746 төгрөгөөс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 367,704 төгрөгийг суутгасан. Тухайн үед нэхэмжлэгч ажилгүй байсан учраас төрийн албан хаагчийн 300,000 төгрөг нь олгогдоогүй гэж тайлбарлав.
Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлээр Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцээд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан тус шүүхэд гаргасан байна.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Хг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас Б.Хгийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх нийт 5 сар 27 өдөрт ногдох олговорт 3,342,746 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгож, Б.Хгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид үүрэг болгож шийдвэрлэжээ.
Уг шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх ба энэ талаар талууд маргаагүй болно.
Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай тушаал хүчингүй болсон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлгүй гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагчаас төрийн албан хаагчид олгох урамшуулал 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаартай шийдвэрийн 3 дахь заалтыг биелүүлж, шүүхийн шийдвэрт тусгагдсан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,342,746 төгрөгөөс зохих суутгалыг хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан суутгал болох 367,704 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 /нэг сая зургаан зуун гурван мянга хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан суутгал болох 367,704 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Хартажаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 1,903,029 /1,603,029+300,000/ төгрөгт ногдохулсын тэмдэгтийн хураамж 45,399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,603,029 /нэг сая зургаан зуун гурван мянга хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн3,342,746 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан суутгал болох 367,704 /гурван зуун жаран долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хгийнажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,282 /тавин нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамж 45,399 /дөчин таван мянга гурван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ