Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч Я.Д,

хохирогч Л.Вр,

хохирогчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Н.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ургийн овогт Нгийн Ут холбогдох 2213002760227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Уургийн овогт Нийн У, регистрийн дугаар,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Н.У нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг “Эрэгт” гэх газарт 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Выг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

1.2. Хохирогч Л.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоо 4.691.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.  У уучлалт гуйх байх гэж 3 сар хүлээсэн. Гэтэл нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Анх шүүх хуралдаанд ирэх үед шүүх хуралдааны танхимд уучлалт гуйсан. Эмчилгээний улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Хагалгаанд орсны дараа 24 цаг сэхээн амьдруулах тасагт байсан” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213002760227 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Л.Вээс зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

2.2. Хохирогч Л.Вын эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 20-28 дахь тал),

2.3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

          2.4. Хохирогч Л.В мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мал маллаад явж байхад Н.У манай эдлэн газарт мал хариулаад явж байхад би “энэ газарт малаа битгий хариул” гэж хэлэхэд Н.У миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед толгой өвдөж ухаан санаа самарсан байхад хэдэн удаа цохисон эсэхийг мэдээгүй. Тэгээд гайгүй болоход гэр рүүгээ хариад явсан.

         ...Нэг удаа гараараа нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед би манарсан байдалтай байсан бөгөөд дараа дахиж цохисон эсэхийг мэдэхгүй байна. ...Нэг мэдтэл Н.У над руу дөхөж ирээд намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар тус газар нэг удаа цохиж авсан. Тэгээд тэрхэн хооронд би хэсэг ухаан манараад хэсэг хугацаанд юу болсныг анзаарсангүй. Ямар ч байсан миний охин уйлсан дуу чимээ сонсогдсон. У нь тэр үед намайг нэг удаа бол цохиогүй, намайг ухаан балартаа хооронд хэд хэдэн удаа цохисон байх. Ямар ч байсан ухаан орох үед Н.У нь намайг заамдсан байдалтай байсан ба миний хамраас их хэмжээгээр цус гарсан, нүүр хэсгээр нэлээн хөндүүр болчихсон байдалтай байхаар нь би Н.Ут “за одоо больё, охин маань уйлж байна” гэж хэлэхэд тэр намайг тавьчихсан.

          ...Ховд аймагт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд эмчлүүлж хагалгаанд орсон. Эхний өдрөө хагалгаанд ороод тэгээд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээнд 417700 төгрөгийн зардал гарсан. Эм, эмчилгээний хэрэгсэл авахад 93100 төгрөгийн зардал гарсан. Шатахууны зардалд 1298166 төгрөг гарсан. ...Ховд аймагт эмчлүүлэх хугацаанд Бадамгарав гэх залууд өөрийнхөө нэр дээрх 1321 тооны малаа 1 сарын хугацаанд хөлсөөр маллуулахад 3300000 төгрөг гарсан. ...Нийтдээ 5108966 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93, 95-96 дахь тал),

 

          2.5. Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Л.В надтай уулзаад би хүнд зодуулчхаад Ховд аймагт хагалгаанд орохоор явж байна, чи миний малыг нэг сар маллаж өгөөч хөлсийг нь малын тоогоор өгье гээд нэг толгой бог малыг 2500 төгрөгөөр тохиролцоод 1321 тооны малыг сарын хугацаанд 3300000 төгрөгөөр маллаж өгөхөөр болж тэр өдрөөс хойш Л.Вын бог малыг маллаж байгаа юм. ...Мал малласан хөлс болох 3300000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал),

 

2.6. Гэрч А.Асын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цайны цагийн үеэр 13 цаг дөхөж байтал цагдаагийн хэсэгт Алтанцөгц сумын 2 дугаар багийн иргэн Л.В хүрч ирээд бусдад зодуулчихлаа гэсэн гомдол мэдүүлж орж ирсэн. Тухайн үед түүний хамар, нүд хэсэг нь хавдчихсан байдалтай байхаар нь би тэр хүний нүүрний зургийг утсаараа дарж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

 2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 713 дугаартай “Дүгнэлт: “...1. Иргэн Л.Вын биед тархины доргилттой, баруун доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, баруун зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, хамрын нуруунд мурийлттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Л.Вын биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

2.8. Шинжээч К.Хтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Дээрх гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн гэмтэлд хамаардаг бөгөөд тус тусдаа гэмтэл үүссэн ч гэсэн тархины доргилт хавсарч үүссэн учраас адилхан хөнгөн гэмтэлд хамаарна. ...Хоёр буюу түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл гар хатуу мохоо зүйлд хамаардаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дахь тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “...1. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хамрын хөндийгөөр зажуурын хөндийг нээх хагалгаанд биш таславч тэгшлэх хагалгаанд орсон байна.Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. 3. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, зажуурын архаг үрэвсэл нь архаг хууч өвчин байна. 4. Хохирогч Л.Вын биед хамрын таславч мурийлттай гэмтлээс шалтгаалан хагалгаанд орсон байна. Хамрын таславчийн мурийлт нь тухай үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна...” гэсэн дүгнэлт

2.10. Яллагдагч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ асуудлыг талаар ярихад 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 11 цаг өнгөрч байхад миний бие Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Эрэгт” нэртэй газарт малаа услаад явж байтал иргэн Л.В нь мотоциклтой хүрч ирээд бэлчээр хорьж, миний малыг учиргүй тууж, хөөсөн учир уг асуудлыг үүссэн, бүхэл бүтэн аймгийн “Аварга” малчин байхад бэлчээр хориглох эрхгүй гэдгийг мэдэхгүй, хүн рүү учиргүй дайрч давшаад миний эзэмшлийн газар, энэ тэр гээд дайраад байхаар нь уурандаа түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл түүний хамраас их хэмжээний цус гараад эхэлсэн ба тэр өөрөө тавь, миний хүүхэд уйлаад байна гээд тэгээд зодоон зогссон. Өөр асуудал болоогүй. Тэгээд Л.В бага хүүхдээ аваад мотоциклоо унаад яваад өгсөн. Ийм л асуудал болсон. Тухайн зодоон болох үед би утсаар бичлэг хийсэн, сүүлд зодоон болох үед бичлэг энэ тэр хийгээгүй. ...Тэр хүн энэ миний эзэмшлийн газар би мэднэ энэ тэр гээд аархаад байхаар нь уурандаа тэр хүний нүүр лүү гараараа нэг, хоёр л удаа цохисон...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 125-126 дахь тал),

2.11. Хохирогчийн эмчилгээ хийлгэхэд зарцуулсан гэх НӨАТ-ийн баримтууд, Е баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, кассын орлогын ордер  (хавтаст хэргийн 46-87 дахь тал),

2.12. Иргэн Л.Вын жилийн эцсийн мал тооллогоор 1705 толгой мал тоолуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 141 дахь тал),

2.13. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн НӨАТ-ийн баримтууд зэрэг нотлох баримтууд болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Шүүгдэгч Н.Уын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон  эд хөрөнгө бүртгэлгүй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 131-135 дахь тал),

2. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 213 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Нямаа овогтой Уын /ББ96030218/-ын  нэр дээр 7896 БӨА улсын дугаартай Тoyota Prius маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 137-138 дахь тал) ,

3. Алтанцөгц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/108 дугаартай “...Тус сумын 2-р багийн иргэн Н.У ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Малчин өрх. Баянбулаг 2 дугаар багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 143 дахь тал) ,

4. Алтанцөгц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/110 дугаартай “...Тус сумын 2-р багийн иргэн Н.У 2021 оны эцсийн мал тооллогоор хонь-61, ямаа-126, нийт 187 толгой мал тоолуулсан болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 142-144 дэх тал)

5.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Л.В, гэрч Л.Б, А.А, яллагдагч Н.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 93, 95-96, 100, 102, 09-10 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.У нь  2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн  нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Л.Втай маргалдах явцад түүний нүүр болон хамар хэсэгт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт хавдар, баруун, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдар, хамрын нуруунд мурийлт, хавдар гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Л.Вын биед нь үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 09-10 дахь тал),  

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч Н.Уын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Л.Выг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг хангасан байна.

4.4. Шүүгдэгч Н.Уын үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч Н.Уыг хохирогч Л.Выг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Бэлчээрийн маргаанаас улбаатай шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Вын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч Л.В нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний болон эм хэрэгслийн зардал 417000 төгрөг, 93100 төгрөг, шатахууны зардал 1298166 төгрөг, иргэн Д.Бадамгараваар 1 сарын хугацаанд мал маллуулахад төлсөн хөлс 3300000 төгрөг, нийт 5108266   төгрөгийг нэхэмжилжээ.

5.3. Үүнээс хохирогчийн эмчилгээ хийлгэхэд зарцуулсан эм, эмчилгээний зардал зэрэг 417000 төгрөгийн хор уршгийг шүүгдэгч Н.У нь төлж барагдуулсан нь Хас банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

5.4 Шүүх хуралдааны явцад хохирогч нь шүүгдэгчийн төлсөн хор уршгийг хасаж, 4691966 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж шатахууны зардал 203650 төгрөгийг нэмж, нийт 4894916 төгрөгийг нэхэмжилсэн болно.

5.5. Хэрэгт цугларсан НӨАТ-ийн баримтуудаар (хавтаст хэргийн 79-81 дэх тал) хохирогч нь 93100 төгрөгийн үнэтэй эм авсан нь тогтоогдсон учир энэхүү эмийн үнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулан хохирогч Л.Вт олгож шийдвэрлэлээ.

5.6. Харин хохирогчийн эмчилгээ хийлгэхэд зарцуулсан эм, шатахууны үнэ гэх 1501816 төгрөгийг нэхэмжилсэн баримтуудыг үзэхэд зарим баримтуудаар ямар эд зүйлс авсан нь тодорхойгүй, барааны нэр бичигдээгүй, шатахууныг хохирогч эмчилгээ хийлгэхэд зарцуулсан эсэх нь нотлогдоогүй, мөн хохирогч нь эмчилгээ хийлгэхээр өөрийнхөө машинаар зорчсон гэх боловч түүний эзэмшилд машин байгаа эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 46-87 дахь тал),

5.7.  Мөн иргэн Л.Бадамгаравт хохирогч Л.В 1 сарын хугацаанд мал маллуулсны хөлс 3300000 төгрөгийг шилжүүлсэн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн утга хэсэгт ямар зорилгоор шилжүүлсэн нь бичигдээгүй, мөн иргэн Л.Бадамгарав нь хохирогчийг таньдаг, байнга харилцаа холбоотой байдаг талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч 1 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан нь нотлогдохгүй байна. (хавтаст хэргийн 84 дахь тал),

5.8. Иймээс  эмчилгээ хийлгэхэд зарцуулсан эм, шатахууны үнэ гэх 1501816 төгрөг, мал маллуулсны хөлс 3300000 төгрөг, нийт 4801816 төгрөгийн нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхиж, хохирогч холбогдох нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Н.Уыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч Н.У урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

2.3. Мөн тухайн бэлчээрийг өөрт нь эрх бүхий албан тушаалтнаас эзэмшүүлж, ашиглуулах талаар шийдвэр гаргаагүй байхад нийтээр ашиглах бэлчээрээс шүүгдэгчийн малыг мотоциклоор тууж хөөсөн хохирогчийн зүй бус үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэгджээ.

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.У нь хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багт оршин суух  хаягтай, гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй мал, тээврийн хэрэгсэлтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 140-145 дахь  тал),

2.6. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож түүнд оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

2.7. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

2.6. Шүүгдэгч Н.Уын хөрөнгө, орлого, мал маллаж амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 93100 төгрөгийн хор уршгийг гаргуулан шүүгдэгчид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.Вын 4801816 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

3.3. Шүүгдэгч Н.У нь хохирогч Л.Вт 417000 төгрөгийг төлж барагдуулсан, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ургийн овогт Нийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Ут оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Ут сануулсугай.

5. Шүүгдэгч Н.У нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уаас 93100 (ерэн гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулан хохирогч Л.Вт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.Вын 4801816 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. 2213002760227 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Л.Вт 417000 төгрөгийн хор уршгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б