Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 43

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00043

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал  би,  

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Б-ийн Аын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ... оршин суух, Г-ийн Пд холбогдох,

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил хүлээлцүүлэхийг даалгах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 153/2018/00292/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04, 05, 06, 22-ны өдрүүдэд явагдсан 5 дугаар хуралдаанаар хариуцагч Г.Пйг тус хурлын даргаас огцруулах асуудал хэлэлцэгдсэн. Тус хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчөөс олонхи нь буюу 22 төлөөлөгч хариуцагч Г.Пйг хурлын даргаас огцруулах саналыг дэмжиж, тооллогын комиссын 02 дугаар тогтоол гарсан. Санал хураалтын дүнг баталгаажуулж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас тогтоол гарган Г.Пйг хурлын даргаас огцруулсан.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар хуралдаанаас төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргаар төлөөлөгч Б.А намайг сонгон баталгаажуулж 05/12 дугаар тогтоол гаргасан. Мөн хуралдаанаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг төлөөлөгч Н.Батцагаанаар ахлуулан байгуулж, ажлаа сайн дураар хүлээлгэн өгөхийг хариуцагч Г.Пд удаа дараа мэдэгдэж, шаардаж ирсэн боловч хууль бус шалтаг заан өдийг хүртэл ажил хүлээлцэхгүй, тамга, хэвлэмэл хуудсыг гаргаж өгөхгүй удаашруулсаар өдийг хүрлээ.

Үүний улмаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд албажиж чадахгүй, хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нэхэмжлэгч Б.А би хурлын төлөөлөгчдийн олонхийн итгэл хүлээлгэсэн ажлаа хүлээн авччадаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталдаг. Нэгэнт хариуцагч Г.Пйг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхи нь огцруулах шийдвэр гарсан тул тэрээр ажлаа хүлээлгэн өгөхгүй удаашруулах, хурлын тамга, хэвлэмэл хуудсыг хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.П нь хурлын тамга, хэвлэмэл хуудсыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэглэл, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 2-т заасан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тамга хэрэглэх, 33-т заасан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгыг хурлын даргын гарын үсэг зурсан баримт бичигт дарах гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас гарсан Г.Пйг хурлын даргаас огцруулж, Б.А намайг хурлын даргаас сонгосон тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Г.П гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШТ2018/0190 дүгээр топгоолоор хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд Г.П нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажпаа хүлээлцээгүйн улмаас орон нутаг дахь төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсч, нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах үндэслэл болж байгаа талаар дурьджээ.

Одоогийн байдлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байнгын үйл ажиллагаа тасрах, хэвийн үйл ажиллагаа алдагдах, хурлын даргын бүрэн эрх хэрэгжихгүй байх нөхцөл үүсээд байгаа тул нэхэмжпэгч Б.А би аргагүйн эрхэнд төлөөлөгчийнхөө хэвлэмэл хуудсан дээр энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

Иймд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил хүлээлцүүлэхийг даалгах, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:....Б.А миний бие 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд Г.Пгаас аймгийн ИТХ-ын тамга, хэвлэмэл хуудсыг гаргуулах, аймгийн ИТХ-ын даргын ажил хүлээлцүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Г.Пд холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил хүлээлцүүлэхийг даалгах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг гаргуулах тухай шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Аын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн сангийн 11000321668 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарнэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Пд холбогдох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил хүлээлцүүлэхийг даалгах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга, хэвлэмэл хуудсыг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ