| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2022/0191/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/194 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч Я.Д,
оруулагч, хэлмэрч Б.Жа,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жургийн овогт Жйн Хэд холбогдох 2213000000182 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багийн 51 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж ургийн овогт Жн Х, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” нэрийн дэлгүүр дотроос хохирогч Р.Жын 750000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Галакси А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг,
1.1. Шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид дахиж давтагдахгүй.” гэв.
2. 2213000000182 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Р.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улаан тоосгоор өрж барьсан гадна талд “Чингис хаан” гэдэг бичигтэй 1 давхарт нь 1х1 хэмжээтэй гурван тасалгаатай нийт 4 ширхэг цонхтой байшин байв.
Хэргийн газрын үзлэгийг цагийн зүүний дагуу эхлэхэд тус өрөөний зүүн талд гурван тасалгаатай тавиур байх бөгөөд уг тавиурт гэр ахуйн бараа байх ба хойд хэсэгт хүнсний эд зүйлс байв. ...Шилэн лангуу байсан ба тус лангуунд байсан Самсунг Галакси А51 загварын гар утас алдагдсан гэж хохирогч Р.Ж хэлж байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг ( хавтаст хэргийн 3-8 дахь тал),
2.3. Иргэн Т.Манаргүлээс “Самсунг Галакси А52” загварын гар утсыг хурааж авсан тэмдэглэл, хураан авах ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг ( хавтаст хэргийн 11-14 дэх тал),
2.4. “Самсунг Галакси А52” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг ( хавтаст хэргийн 15-18 дахь тал),
2.5. “Самсунг Галакси А52” загварын гар утсыг хохирогч Р.Жад хүлээлгэн өгсөн талаарх Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 22 дахь тал),
2.6. Хяналтын камераас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн талаарх “...СD бичлэгт үзлэг хийхэд уг хяналтын бичлэг нь 00:03:12 хугацааны хяналтын бичлэг байсан бөгөөд уг бичлэгийн хугацаа нь 08/03/2022 16:08:35 гэх хугацааг зааж байв. Бичлэгт 4 эрэгтэй хүн болон 2 эмэгтэй хүн үйлчилгээ авч байх бөгөөд саарал өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн футболктой, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай 25-35 насны сахалтай эрэгтэй хүн баруун талын халааснаасаа гар утас гаргаж ломбардын худалдагчид үзүүлж байх бөгөөд ломбардын худалдагч уг гар утсыг үзэж байсан ба бичлэгийн 00:02:43 дэх цаг хугацаанд саарал өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн футболктой, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай 25-35 насны сахалтай эрэгтэй хүн нь уг гар утсыг буцаан авч доторх мэдээллийг нь үзэж байв. 00:03:09 дэх цаг хугацаанд дээрх гар утсыг гартаа барьсан байдалтай гарч явав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
2.7. Хохирогч Р.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би дэлгүүртээ ганцаараа худалдаа хийж байсан бөгөөд 14 цагийн үед өөрийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсаараа танил болох Талгат гэх хүний хүүхэдтэй яриад уг гар утсаа шилэн лангуун дотор тавьсан. Худалдаа наймаа эрхэлж явж байгаад гар утсаа харахад байхгүй байсан. ...Өлгий сумын 5 дугаар багт ломбардын газар ажиллуулдаг гэх Жака гээд залуу над руу залгаж таны гар утсыг Х гэх залуу бариад явж байна. Над дээр ирээд уг гар утсыг 250000 төгрөгөөр худалдана гэхэд нь би аваагүй гэж хэлсэн.
...Би Самсунг А52 загварын гар утсаа хүлээж авлаа. Миний гар утсанд ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байна. Би гар утасны үнэлгээг гаргуулахдаа тус байгууллагад ажлын хөлс болгож 25,000 төгрөг өгсөн. Уг мөнгөө буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 32, 35 дахь тал),
2.8. Иргэний нэхэмжлэгч Т.Хий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай ломбардын ажилтан Т.Манаргүл надад цагдаагаас манай ломбардад байгаа Самсунг А52 загварын гар утсыг хураан авах гэж байна гэж хэлсэн. ...Тухайн үед манай ажилтан Т.Манаргүл надад уг гар утас барьцаалж мөнгө авсан зээлийн гэрээний зургийг явуулахад Жолдбай Х гэх хүн 275000 төгрөгөөр нэг сарын хугацаатай тавьсан байсан юм. ...Манай ломбардаас зээлж авсан 275000 төгрөг, зээлийн хүүтэй нийлээд 294750 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
2.9. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Бес арыс” ломбардыг ажиллуулж сууж байхад гаднаас Ж.Х гэх залуу орж ирсэн бөгөөд надад Самсунг Галакси А/52 загварын гар утсыг үзүүлж энэ утсыг авах уу гэж асуусан бөгөөд би уг утсыг асааж доторх мэдээллийг нь хараад сууж байхад Чингис хаан дэлгүүрийн эзэн болох Р.Жын зураг байсан. Би уг зургийг хараад энэ ямар учиртай утас бэ? хулгайн утас юм биш үү? эзэнд нь буцааж өгөөрэй гэхэд за за хэмээн буцаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
2.10. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Ж.Х гэх хүн гар утас ломбардад тавих гэсэн юм, машин мөргөөд засварын мөнгө хэрэгтэй боллоо гээд Самсунг А52 загварын хар өнгийн арын гадаргуу нь цэнхэр өнгийн, гадна талдаа ямар нэгэн гэмтэлгүй гар утас үзүүлсэн. Тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? гэхэд тэрээр 275000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд за гээд мөнгө өгөх гэхэд тэрээр иргэний үнэмлэхгүй байсан тул би та бичиг баримтаа авч ирээд мөнгөө аваарай гээд явуулсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад өөрийн цахим үнэмлэхтэйгээ ирээд 1 сарын хугацаатай 275000 төгрөгийг гаргуулж аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
2.11. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22-0219 дугаартай “...Самсунг Галакси А52 загварын гар утас 750000 төгрөгийн үнэтэй болно..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-50 дахь тал),
2.12. Хохирогч Р.Жаас гаргаж өгсөн СД-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 54 дэх тал),
2.13. Яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 9 дүгээр багт амьдардаг, тогтсон хаяг байхгүй, энд тэнд хонож өнжөөд явдаг. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр архи уугаад согтчихсон байсан. Тэгээд Өлгий сумын 10 дугаар багт байдаг “Чингис хаан” нэртэй дэлгүүрт 14 цагийн үед орсон. Тэгээд тэр дэлгүүр дотор явж байхад худалдагчийн хажууд байх шилэн лангуун дотор нэг гар утас байхаар нь худалдагчийн анхаарал сарних үед тухайн утсыг нь халаасандаа хийгээд гарсан. Тухайн гар утсыг мөнгө болгох хэрэгтэй гэж бодоод Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис төвийн 2 давхрын ломбардад очиход зүс таних Х.Жанибек гэх залууд үзүүлэхэд тэрээр гар утсыг шалгаж үзэж байгаад зургийн цомгийг нь үзчихээд энэ ямар учиртай утас бэ? хулгайн утас юм биш үү? эзэнд нь өгөөрэй гэхээр нь сандарсандаа за за тэгнэ гэж хэлээд гар утсыг буцааж аваад гараад явсан. Тэгээд өөр ломбардад очиж үзье гээд алхаад явж байхад 15 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг ломбард байхаар нь тухайн ломбардад ороход нэг эрэгтэй хүн байхаар нь түүнд хүний машин мөргөчихсөн юм, мөнгөний хэрэг гараад байна энэ утсыг барьцаанд тавих гэсэн юм гэхэд тэрээр утсыг үзэж байгаад хэдэн төгрөг хэрэгтэй бэ? гэхээр нь би 275000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэрээр надаас иргэний үнэмлэхийг үзэж байж мөнгө өгнө гэхээр нь би гараад иргэний үнэмлэхийн лавлагааг аваад иртэл оройн 17 өнгөрч байсан. Тэгээд иргэний үнэмлэхээ үзүүлээд тухайн гар утсыг 1 сарын хугацаатай 275000 төгрөгийн барьцаанд тавиад уг мөнгөөр нь хоол авч идээд, архи авч уугаад хэрэглээд дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),
2.14. “Бес арыс-2” ломбардын 12948 дугаартай барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:
1.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 413 дугаартай “...РД:ББ91070211 Жолдбайн Хийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна..” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “...Ж.Х нь Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал),
3. Шүүгдэгч Ж.Хийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75-77 дахь тал),
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” нэрийн дэлгүүр дотроос хохирогч Р.Жын эзэмшлийн 750000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А52” загварын гар утсыг нууцаар авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
3.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улаан тоосгоор өрж барьсан гадна талд “Чингис хаан” гэдэг бичигтэй 1 давхарт нь 1х1 хэмжээтэй гурван тасалгаатай нийт 4 ширхэг цонхтой байшин байв....” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг ( хавтаст хэргийн 3-8 дахь тал),
3.1.2. Иргэн Т.Мээс “Самсунг Галакси А52” загварын гар утсыг хурааж авч, үзлэг хийж, хохирогч Р.Жад хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд ( хавтаст хэргийн 15-18, 22 дахь тал),
3.1.3. Хяналтын камераас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн “...СD бичлэгт үзлэг хийхэд уг хяналтын бичлэг нь 00:03:12 хугацааны хяналтын бичлэг байсан бөгөөд уг бичлэгийн хугацаа нь 08/03/2022 16:08:35 гэх хугацааг зааж байв. ...бичлэгийн 00:02:43 дэх цаг хугацаанд саарал өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн футболктой, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай 25-35 насны сахалтай эрэгтэй хүн нь уг гар утсыг буцаан авч доторх мэдээллийг нь үзэж байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
3.1.4. Хохирогч Р.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлгий сумын 5 дугаар багт ломбардын газар ажиллуулдаг гэх Жака гээд залуу над руу залгаж таны гар утсыг Х гэх залуу бариад явж байна. Над дээр ирээд уг гар утсыг 250000 төгрөгөөр худалдана гэхэд нь би аваагүй гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 32, 35 дахь тал),
3.1.5. Иргэний нэхэмжлэгч Т.Хний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай ажилтан Т.Манаргүл надад уг гар утас барьцаалж мөнгө авсан зээлийн гэрээний зургийг явуулахад Жолдбай Х гэх хүн 275000 төгрөгөөр нэг сарын хугацаатай тавьсан байсан юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
3.1.6. Гэрч Х.Жк, А.То нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 40, 42 дахь тал),
3.17. Яллагдагч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэр дэлгүүр дотор явж байхад худалдагчийн хажууд байх шилэн лангуун дотор нэг гар утас байхаар нь худалдагчийн анхаарал сарних үед тухайн утсыг нь халаасандаа хийгээд гарсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” нэрийн дэлгүүр дотроос худалдагч Р.Жын лангуун дотор тавьсан байсан “Самсунг Галакси А52” загварын гар утсыг нууцаар авч явж, “Бес арыс-2” ломбардад 275000 төгрөгөөр барьцаалсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Х нь хохирогч Р.Жын өмчлөлийн “Самсунг Галакси А52” загварын гар утсыг дэлгүүр дотроос нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан байна.
4.2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр “Самсунг Галакси А52” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 750000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 750000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ. (хавтаст хэргийн 46-50 дахь тал),
4.3. Шүүгдэгч Ж.Хийн дэлгүүр дотор худалдагчийн анхаарал нь сарних хооронд лангуун дотор байсан гар утсыг халаасанд хийж авч явсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж, гар утсыг өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, ломбардад барьцаалж захиран зарцуулан өмчлөгчийн өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг хангасан байна.
4.4. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын эд хөрөнгийн нууцаар, хууль бусаар авч, хохирогчид хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүгдэгч Ж.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.6. Иймд шүүгдэгч Ж.Хийг хохирогч Р.Жын эзэмшлийн “Самсунг Галакси А52” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 750000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, иргэдийн анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Жад 750000 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг хураан авч хохирогч Р.Жад буцаан өгсөн нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Самсунг А52 загварын гар утсаа хүлээж авлаа.Миний гар утсанд ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байна. Би гар утасны үнэлгээг гаргуулахдаа тус байгууллагад ажлын хөлс болгож 25,000 төгрөг өгсөн. Уг мөнгөө буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.3. Шүүгдэгч Ж.Х хулгайлсан гар утсыг “Бес арыс-2” ломбардад 7%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаагаар барьцаалж 275000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч Т.Худайберген 2022 оны 08 дугаар арын 03-ны өдрийн 12948 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 294750 төгрөгийг нэхэмжилжээ.
5.4. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Хээс үндсэн зээл, хүүгийн хамт нийт 294750 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Ж.Хийг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Х нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар төлсөн, 294750 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 275000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх зардал 25000 төгрөгийг гаргуулах саналтай” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ж.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь архины хамааралтай, байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдсон учир албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь гэрлэсэн, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, эзэмшил, өмчлөлдөө бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 69, 72, 75-77, 79 дэх тал),
2.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг агуулдаг.
2.7. Шүүгдэгч Ж.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
2.8. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-аас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
2.10. Шүүгдэгч байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учраас түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “архинаас хамааралтай болсон тул албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэсэн дүгнэлт болон улсын яллагчийн “шүүгдэгч дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг зэрэг хувийн байдлыг ял оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг тус тус харгалзан үзээгүй болно.
3. Бусад асуудлын талаар
3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилжээ.
3.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хулгайлсан гар утсыг “Бес арыс-2” ломбардад барьцаалж 275000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 275000 төгрөгийг албадан гаргуулж, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
3.3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан бөгөөд түүний олсон орлого болох 275000 төгрөг нь иргэний нэхэмжлэгчид төлөх хохирлоос /294750/ илүү гараагүй тул улсын төсөвт шилжүүлээгүйг дурдах нь зүйтэй.
3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын төрлийг тодорхойлж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилжээ.
3.5. Хохирогч Р.Ж нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгоход 25000 төгрөг төлсөн нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
3.6. Иймээс хохирогчийн үнэлгээ тогтоолгоход төлсөн 25000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан түүнд олгож шийдвэрлэв.
3.7. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. 2213000000182 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөнийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Жн Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийг 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-гаас (зургаагаас) дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Хээс 294750 (хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Худайбергенд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос 275000 (хоёр зуун далан таван мянга) төгрөгийг албан гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 25000 (хорин таван мянга) төгрөг гаргуулан хохирогч Р.Жад олгосугай.
7. Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. 2213000000182 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б