| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00845/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 44
| 2019 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00044 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-9 тоотод оршин суух, Боржигон овогт Даваажаргалын О /..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-07 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Э /.../-т холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 153/2018/00845/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оноос эхлэн М.Этэй үерхэж, бидний дундаас 2018 оны 05 сарын 21-нд охин О.Энхцэцэг төрсөн. Би аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Намайг жирэмсэн байх хугацаанд М.Э нь манайд ирж очоод байж байдаг байсан. Намайг төрснөөс хойш охин бид дээр ирээгүй, нэг ч уузаагүй, утсаа ч авахгүй байгаа. Би охиноо өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн. М.Э бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Миний хүүхэд биш гээд намайг доромжилж хэрүүл хийдэг.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хариуцагч М.Э биелүүлэхгүй байна.
Иймд хариуцагч М.Эээс О.Энхцэцэгийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлэгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжпэлийн шаардлагыг ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.О миний бие нь М.Эт холбогдуулан охин О.Эийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагч тал М.Э нь 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг өгсөн. М.Э нь тодорхой эрхэлсэн ажилгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд биелүүлсэн гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Д.О миний бие нь хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь М.Эт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Д.О нь хариуцагч М.Э хүүхдийн тэтгэлэгт 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/02904 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж нийт 100,382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эт холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Э хүүхдийн тэтгэлэгт 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШЗ2018/02904 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж нийт 100,382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ