| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00823/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 52
| 2019 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00052 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 1-5 тоотод оршин суух, Боржигин овогт Цэвэлмаагийн Д / /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00823/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1968 онд Ховд аймагт төрсөн. Ховдод Бага дунд сургууль, УБ хотод ТМС төгсөөд 1986 онд Ховд аймаг дахь НААҮ-ний газрын цэвэрлэх байгууламжид хлоржуулах операторчиноор ажилд орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1986.09.01-1995.12.25-ыг дуустал 8 жил 3 сар 25 өдөр ажилласан. 1994 оны 01 сард жирэмсэний амралтаа авсан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөөгүй орхигдуулсан байх тул миний ажилласан жил хүрэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Ховд аймгийн НААҮ-ний газарт ажиллаж байсан 8 жил 3 сар 25 өдрийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Д нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторт 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хлоржуулах төхөөрөмжийн операторчин /хлоржуулах операторчин/-оор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 165492 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаартай Ус сувагийн төвлөрсөн системийн ажилчдыг ажил, албан тушаалд шилжүүлэн ажлуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын захирлын 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Цэрэнбадамын Дгийн ....Би 1986 оны 7 сард Улаанбаатар хотод санхүү эдийн засгийн техниккум төгсөж ирээд Ховд аймгийн Нийтийн аж ауйн үйлчилгээний газарт тооцооны нягтлан бодогчоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажилласан. Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь 4 удаа нэршил нь өөрчлөгдсөн. Оныг нь сайн мэдэхгүй байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар, Ус сувгийн удидах газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний Шим-Ус ХХК, Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ гэх нэршилтэй болсон....1986 оны 5 сард Ховд аймгийн Усан хангамж ариутгах татварын төвлөрсөн систем ашиглалтанд орж 5 хүүхдийг захиалгаар сургаж мэргэжилтэн ажилчин бэлтгэсэн хүүхдүүдийн нэг нь Ц.Д байсан юм. Ц.Д нь 1986 оны 7 дугаар сараас эхэлж Ховд аймгийн Усан хангамж ариутгах татварын төвлөрсөн системд ээлжийн хлорист, машинист, үйлчлэгч, цэвэр усны өргөлтийн станцад операторчин зэрэг ажлуудыг 1992 оны 9 сар хүртэл хийсэн. Би 1992 оны 9 сараас 1995 оны 8 сар хүртэл Монгол Улсын Их сургуулийг эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжлээр суралцаад төгсөж ирээд 9 сард намайг ажилдаа ороход Ц.Д нь ажлаасаа гарчихсан байсан....Намайг 1995 оны 9 сард ажилдаа ороход Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар гэсэн нэршилтэй, дарга нь С.Идэш, нягтлан бодогч нь Х.Баярсүрэн, боловсон хүчин нь Дарьсүрэн нар байсан... гэх мэдүүлэг, гэрч Цэрэнбадамын Дгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 10-12, 21-22, 23-24 дүгээр тал/
Хавтаст хэргийн 6 хуудсанд авагдсан иргэн Цэрэнбадамын Дгийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, иргэн Цэрэнбадамын Дгийн 0152895 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяр нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Цэвэлмаагийн Дгийн Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторт 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хлоржуулах төхөөрөмжийн операторчин /хлоржуулах операторчин/-оор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ