Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 161/2022/0192/Э |
Дугаар | 2022/ШЦТ/195 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч Я.Д,
хохирогчийн өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч Н.Ч,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Наийн Нд холбогдох 2213000000251 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Мргийн овогт Нийн Н, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нөрөөт” гэх газарт хохирогч Х.Атай бэлчээрийн маргааны улмаас маргалдан улмаар хохирогчийн зүүн талын хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213000000251 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Х.Агаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 02 дахь тал),
2.2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 4-9 дэх тал),
2.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 34 дэх тал),
2.4. Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 10 цагт бог малаа хураан ундаалахаар болж гэрээсээ гарсан юм. Малаа хурааж явахад миний адууны тал нь Буянт сумын 2 дугаар багийн хилийн зааг “Нөрөөт” гэх газарт явчихсан байсныг тус сумын 2 дугаар багт оршин суух Н.Ч гэдэг залуу туугаад ирж байсан тул би морио авах гэж Н.Ч гэх залуу руу өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын бор өнгийн ***** БӨЗ улсын дугаартай мотоциклээр очсон. Н.Ч нь хөх өнгийн загварыг нь мэдэхгүй мотоцикл унаад явж байсан. Н.Ч нь миний хажууд хүрч ирээд “би өвөлжингөө чиний адууг тууж чадахгүй, чамайг алчхаад явдаг газартаа явах болно” гэж хэлсэн. Тэгэхэд би түүнд “чи хүн алдаг хэн юм бэ” гэж хэлэхэд миний хажууд хүрч ирээд зүүн талын хөл рүү чанга өшиглөхөд би газарт унасан. Тэр үед Н.Ч нь миний дээр сундалж суучхаад хоёр гаргаараа цээжин тус газраас ээлжлэн цохиж эхэлсэн. Би тэр үед хөл маань хугарсныг хэлж “намайг битгий зодооч” хэмээн гуйж байгаад арай гэж зогсоосон. Н.Ч надад итгэхгүйгээр босож байгаад газраас том чулуу авч ирээд “чамайг ална”” хэмээн дайрч ирэхэд би уйлж “хөлийг минь хараач” хэмээн гуйж байгаад зогсоосон тул чулуугаар цохиогүй. Н.Ч миний зүүн талын гутлыг тайлж хөлийг үзсэн ба надад “хөл чинь хугарсан байна” гэж хэлсэн.
...Н.Ч намайг хотоос ирсний дараа надад ирж өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Надад учирсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан ба бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Н.Ч бид хоёр хоорондоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47, 50-51 дэх тал),
2.5. Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өглөө нөхөр Н.Ч өөрийн ногоон өнгийн мотоциклоор гарч явсан ба төд удалгүй үл таних нэг залуутай хамт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
2.6. Гэрч Х.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сагсай сумын 1 дүгээр багт байрлах отрын байшинд манай бэр Бибигүл бид хоёр байхад өдрийн 12 цагийн үед Буянт сумын Ч /Н/ гэх залуу манай дүү Х.Агийн хамт ногоон өнгийн мотоциклээр ирсэн ба Агийн мотоциклийг нэг үл таних залуу унаад ирсэн. Ирсний дараа Ч болон нөгөө үл таних залуу хоёр гэрт оруулаад буйдан дээр суулгасан. Н.Ч нэг аяга цай уугаад гараад явсан. Агийн хүргэн ах Ермек гэх залуу Аг Н зодож хөлийг нь хугалсан талаар хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
2.7. Гэрч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Буянт сумын 2 дугаар баг “Нөрөөт” гэх газарт хонь хариулж явсан бөгөөд тухайн өдрийн 12 цагийн үед манай Сагсай, Буянт сумдын хилийн зааг Нөрөөтийн гандуугийн давааны зүүн хойд энгэрт хоёр мотоцикл өөд өөдөөсөө хараад зогсож байсан. ... Буянт сумын талаас ирсэн хүн нь адуу тууж явсан тул би Н гэх залуу гэж бодсон. Намайг харахад тухайн хоёр залуу нь мотоциклоосоо буугаагүй бөгөөд мотоциклтой суусан хэвээр уулзаж байсан. Намайг эргэж харахад нэг мотоцикл нь Нгийн өвөлжөөний зүгт хөдөлсөн ба үлдсэн мотоциклийг унаагүй, данхраатдаж үлдээсэн байсан. Мотоциклийн зүүн талд нэг хүн хэвтэж байсан. Төд удалгүй тухайн хэвтэж байсан хүний хажууд нь дахин нэг мотоциклтэй 2 хүн сундалдаж ирээд тухайн хоёр мотоциклийг аваад явсан. ...Намайг харахад нэг мотоциклд 2 хүн сундалдсан нөгөө мотоциклийг нэг хүн ганцаараа унаж Нгийн өвөлжөө рүү яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал),
2.8. Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед ах Н.Ч нь намайг тугал тууж явахад өөрийн ногоон өнгийн мотоциклтэй ирсэн ба надад “мотоцикл бариад өг” гэж хэлээд намайг сундлаад суулгаад аваад явсан.
...Бид хоёр Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нөрөөтийн Гандуугийн даваанд очход нэг үл таних казах залуу цэнхэр өнгийн нөмрөгтэй хар өнгийн мотоциклийн хажууд явган сууж байсан. Н.Ч ах тухайн үл таних залууг миний ард суулгачих гэж хэлсэн. Би тухайн залууг Н.Ч ахын ард суулгасан. Харин би тухайн залуугийн цэнхэр өнгийн нөмрөгтэй хар өнгийн мотоциклийг унаад Н.Ч ахыг дагаад гэр рүү явсан. Би гэрт очмогц нохой хорьж байсан тул тухайн залууг хэн оруулсныг сайн мэдэхгүй байна. Намайг эргэж харахад Н.Ч ах болон нөгөө залуу хоёр байхгүй байсан. Удалгүй Н ах чи наад “мотоциклоо унаад дагаад яв” гэж хэлээд би тухайн үл таних залуугийн мотоциклийг унаад Н.Ч ахыг дагаж яваад нэг өвөлжөөний модон байшинд очсон. Тухайн өвөлжөөний гадаа очиж би мотоциклээсээ буугаад Н.Ч ахтай хамт нөгөө үл таних залууг гэрт нь оруулж буйдан дээр суулгасан. ...Намайг очиход тухайн үл таних залуу алхаж, гишгэж чадахгүй байсан..” гэсэн (хавтаст хэргийн 73-75 дахь тал),
2.9. Гэрч Ш.Ейн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүү А нь “миний хөлийг Н.Ч өшиглөөд хугалсан. Тэгээд гэртээ аваачаад мотоциклээс унасан гэж гэрийнхэндээ хэлээрэй, чи миний бэлчээрт адуугаа байлгаж болно, хэрвээ цагдаад хэлбэл чамайг ална, би мөнгө төлөөд гараад ирнэ” гэж айлгасан талаар хэлсэн. ...Өлгий орж ирсэн бөгөөд Н.Ч миний дүү Х.А руу 95119773 дугаараар залгасан бөгөөд казахаар “яагаад цагдаад мэдэгдсэн бэ, хоёулаа тохиролцсон шүүдээ” гэж хэлж байсан бөгөөд би дуу дүрсний бичлэг хийж авсан.
...Утсаар ярьсны дараа Н.Ч төрсөн ах Н.Бгын хамт ирж бидэнд “хоёулаа гар барьж тохирсон шүү дээ, яагаад цагдаад өгсөн бэ” гэж хэлэхэд бид нар “хуулийн дагуу шийдүүлнэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),
2.10. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед нөхөр болох Х.А нь адуугаа харахаар гарсан бөгөөд 13 цагийн үед манай нөхөр Х.Аг үл таних 2 монгол залуу авч ирсэн бөгөөд нэг нь 40 орчим насны, нөгөөдөх нь 20 орчим насны 2 хүн байсан.
Манай нөхөр алхаж чадахгүй байсан тул нөгөө хоёр залуу сугадаж оруулаад буйдан дээр суулгасан. Нөхөр Х.А Өлгийд очоод ирсний дараа надад тухайн өдөр Н.Чгээс айгаад хэлээгүй. Тэрээр хөлийг нь гэмтээсэн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),
2.11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 823 дугаартай “Дүгнэлт: 1. Х.Агийн биед зүүн хөлний шилбэ тахилзуур ясны далд хугаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал),
2.12. Шинжээч Х.Ен мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн хөлийн шилбэ тахилзуур ясны далд хугаралттай хүн уулархаг газраар мотоцикл тээврийн хэрэгсэл ганцаараа жолоодох боломжгүй. Мөн ямар нэгэн зүйл тулалгүй хоёр хөлдөө эгц зогсох боломжгүй. Учир нь шилбэ тахилзуур яс нь давхар хугарсан тул эгц зогсох болон мотоцикл жолоодох боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал),
2.13. Яллагдагч Н.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөө мал маллаж амьдардаг. Манай сумын нутаг дэвсгэрт Сагсай сумын иргэд манай бэлчээр рүү малаа оруулдаг байсан. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13-14 цагийн үед Сагсай сумын иргэн Х.Агийн адуун сүрэг нь манай хашааны дээд талд ирсэн болохоор өөрийн мотоциклээр тухайн адуун сүргийг тууж доошоо явж байхад миний урьдаас Х.А өөрийн мотоциклээр хүрээд ирсэн. Тэгээд миний хажууд мотоциклээс бууж ирээд “та байнга миний малыг мотоциклээр тууж явах юм, бодоо болоо юм биш үү, миний адуунууд хөлөрсөн байна шүү дээ” гэж хэлэхээр нь би түүний урьдаас “тэгвэл чи адуундаа эзэн болохгүй юм уу, би чиний адууг өвөлжингөө хариулах ёстой юм уу” гэж хэлснээс болоод хоорондоо маргалдсан. Тухайн үед Х.А над руу дайрсан үед би түүний гадуур хувцасны захаас татаж байгаад баруун хөлөөрөө хавирч татсан үед миний баруун хөл түүний зүүн хөлийн шилбэ хэсэгт хүрч газарт унасан. Тэр үед А “миний хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Би ч гэсэн сандраад өөрийн мотоциклээр дүү болох Болорхүүг дагуулж ирэх хооронд Х.А босоод явж байсан. Тэгээд би хажууд нь ирээд “чи гайгүй юу, би чамайг дагуулж очиж эмчид үзүүлэх үү” гэж хэлэхэд Х.А нь надад “би зүгээрээ, гайгүй болно” гэхээр нь эхлээд би өөрийн гэрт дагуулж ирээд дахин түүнээс “би чамайг сумын төв юм уу, аймгийн төвд аваачиж үзүүлэх үү" гэж асуухад Х.А надад “миний хөл хугараагүй юм шиг байна, та бид хоёр өөрсдөө хоорондоо тохироод явъя” гэж хэлэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Би анхнаасаа түүнийг санаатайгаар цохиж зодоогүй. Түүний хөлийг санаатай өшиглөж хугалаагүй. Тэр өдөр ялимгүй маргаанаас бол хоорондоо маргалдаж, улмаар санамсаргүй нэг удаа өшиглөснөөс болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.
Түүнээс хойш би өөрөө Улаанбаатар хот руу эмчилгээнд явж ходоодны хагалгаа хийлгэж ирсэн. Энэ хооронд Х.Атай утсаар ярьж уучлалт гуйсан байгаа. Х.А өөрөө маргааш аймгийн төвд ирэхээр болсон. Мөн түүнд учирсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулах болно. Иймд миний энэхүү байдлуудыг харгалзан үзэж, миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1. Шүүгдэгч Н.Чгийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 125-130 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 244 дугаартай “...Н овогтой Н /******/-ын нэр дээр 5986 БӨТ улсын дугаартай “Уаз-315212”, *****БӨА улсын дугаартай “Уаз-3303” маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна...” гэсэн албан бичиг, (хавтаст хэргийн 134-135 дахь тал) ,
3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 585 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Н.Ч нь Буянт сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны А/64 тоот захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв өвөлжөө , хаваржааны газартай байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 134-135 дахь тал) ,
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Х.А, гэрч Б.Пү, Х.З, М.Т, О.Б, Ш.Ек, Б.Б, яллагдагч Н.Ч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 45-47, 50-51, 53-54, 61-62, 66-68, 73-75, 79-81, 85-86 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нөрөөт” гэх газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Атай маргалдах явцад түүний хөл рүү нь өшиглөж, хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны далд хугаралттай гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
4.1.Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
4.2. Шүүгдэгч Н.Чгийн хохирогч Х.Аг зодсоны улмаас хохирогчийн биед учирсан зүүн хөлийн шилбэ тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 09-10 дахь тал),
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч Н.Чгийн бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Аг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
4.4. Шүүгдэгч Н.Чгийн үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Прокурор шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
4.7.Иймд шүүгдэгч Н.Чг хохирогч Х.Аг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.8. Бэлчээрийн маргаанаас улбаалсан хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Агийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч Х.А нь эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “надад учирсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэж мэдүүлж, шүүгдэгч Н.Чтэй эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр гаргасан байна. (50-51 дэх тал),
5.3. Иймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
5.4. Харин хохирогч цаашид гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Н.Чг шүүхээс “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Шүүх шүүгдэгч Н.Чгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2.7. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
2.8. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого, мал маллаж амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-йн овогт Нагийн Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Чд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Чд сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч гэмт хэргийн улмаас цаашид учрах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. 2213000000251 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б