Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 53

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00053

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6-13 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбажавын Д / /-ийн нэхэмжлэлтэй,

Н.Минжирмаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нээхмжлэгч Б.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1964 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд сурч байгаад 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан юм. 1979 онд Дорнод аймгийн Халх гол сум сангийн аж ахуйд малчдыг илгээлтээр авч байхад манай аав явахаар болж манайх гэр бүлээрээ шилжсэн юм. Дорнод аймгийн Халх гол сумын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад эхнэр Н.Минжирмаатай танилцаж 1987 оны намар хуримаа хийж гэр бүл болсон.Хамт амьдрах хугацаанд 4 хүүхэд төрсөн. Том хүү 1990 онд төрсөн, дараагийн хүүхэд 1995 онд, 3 дахь хүү 2004 онд төрсөн, 4 дэх хүүхэд 2008 онд төрсөн. Н.Минжирмаа бид хоёр Дорнод аймагт хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулж чадаагүй байж байгаад Ховд аймагт шилжижирэхдээ гэрлэлтээ батлуулсан юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулахаар иргэний бүртгэлийн газарт очиход 1 эрэгтэй хүн байсан. Тэр хүн хэдэн онд гэрлэсэн бэ гэж асуугаад гэрлэлтийн баталгааг бичиж өгсөн....Манай эхнэр Н.Минжирмаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан. Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү Д.Очирбат 1990 онд төрсөн 27 настай, дараагийн хүү Д.Гүррагчаа 1995 онд төрсөн 25 настай, гурав дахь хүүхэд Д.Мөнхбаяр 2004 онд төрсөн14 настай, бага хүү Д.Мөнх-Очир 2008 онд төрсөн 10 настай. Би одоо хоёр хүүхэдтэйгээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт амьдардаг. Гэрлэлтийн гэрчилгээ зөрчилтэй учраас хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олдохгүй байгаа. Намайг Н.Минжирмаатай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....Бид хоёр 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцаад 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон....Миний эхнэр 1968 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн....1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан....Эхнэрээ нас барсны дараа гэрлэлт бүртгэлгүй талаар мэдсэн....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д нь Н.Минжирмаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д, нас барагч Н.Минжирмаатай 1987 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36/000077 дугаартай Эрэгтэй: Боржигон, Бямбажавын Д, эмэгтэй: Боржигон овогт Намсрайн Минжирмаа, хүүхдийн тоо 4 гэх бичвэртэй Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эх Намсрайн Минжирмаа гэж бичигдсэн 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Дгийн Очирбатын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Дгийн Гүррагчаагийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Дгийн Мөнхбаярын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Мөнх-Очирын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0000219607 дугаартай Н.Минжирмаагийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Р.Мягмарсүрэнгийн ....Б.Д нь манай хүргэн байгаа юм. Б.Дгийн эхнэр Н.Минжирмаа нь миний авга эгч байгаа юм. Өс хонзон, өр авлага байхгүй. Н.Минжирмаагийн аав Намсрай нь манай аавын ах нь байгаа юм. Намайг бага байхад Намсрай ахынх гэр бүлээрээ Дорнод аймгийн Халх гол сум руу шилжээд явсан юм. Сураггүй байж байгаад Б.Д эхнэр Н.Минжирмаатайгаа 1993 онд манай аав дээр ирж золгож байсан юм. Б.Д нь Дорнод аймагт цэргийн алба хааж байхдаа Минжирмаатай танилцаад тэр хоёр гэр бүл болсон юм шиг байлаа. Хэдэн онд хурим найраа хийснийг нь мэдэхгүй. 1993 онд манай аавынд айлчилж ирэхдээ 2 хүүхэдтэй байсан. 1993 оноос хойш Ховд аймгийн Мянгад суманд амьдарч байгаа. Б.Дгийнх хөдөө байдаг болохоор бид хэд их очиж байгаагүй багаасаа хол хөндий өссөн болохоор нэг нэгнийдээ очоод уулзаад байдаггүй. Б.Д эхнэр хүүхэдтэйгээ л цагаан сараар аавтай ирж золгодог байсан. Аав өнгөрөөд бидний холбоо тасарсан. Б.Д, Н.Минжирмаа хоёрын дундаас 4 хүүхэдтэй байсан. Би том хүүхдийнх нь хуриманд очиж байсан. Өөрөөр Б.Дгийнд очиж байгаагүй. Талийгаач Н.Минжирмаагийн аав манай аавын ах Намсрай гэдэг хүн байсан. Бид нарыг бага байхад л Дорнод аймаг руу шилжсэн гэсэн. Намсрай гэдэг хүнийг ч би хараагүй. Манай аав эцэг эхээс 5-уулаа, 2 ах, 2 эмэгтэй дүүтэй байсан юм. Бүгд байхгүй бурхан болсон. Б.Д, Н.Минжирмаа нар нь эхнэр нөхөр мөн. Энэ талаар манай ах, дүү, төрөл төрөгсөд нь маргахгүй, бүгд л мэднэ.... гэх мэдүүлэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03-7/406 дугаартай Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 75 дугаар хуудсанд: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн оршин суугч: өрхийн тэргүүн Бямбажавын Д эрэгтэй, 1964 оны 06 сард төрсөн, 35 настай, эхнэр Намрайн Минжирмаа 1968 оны 8 сард төрсөн, 31 настай, хүү Дгийн Очирбат, 1990 оны 08 сард төрсөн, 9 настай, хүү Дгийн Гүррагчаа 1995 оны 09 сард төрсөн, 4 настай гэж бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 10-11, 13-15, 24-25, 26 дугаар тал/

Иймд шүүхээс нэхэмжлэгч Б.Дг Н.Минжирмаатай 1987 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Дгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Бямбажавын Д, Боржигон овогт Намсрайн Минжирмаа нарын 1987 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ