Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00055

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00055

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цамбагарав багийн 7-1 тоотод оршин суух, Үхэртынхэн овогт Ямпилийн Д /.../-н нэхэмжлэлтэй,

Эцгийн нэр өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 153/2019/00028/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Я.Д, гэрч Ч.Баатар нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би шинээр иргэний үнэмлэх авахад манай эцгийн нэрийг Мампил байсныг Ямпил гэж буруу бичсэн байгаа. Би эцгийнхээ нэрийг өөрчлүүлэх гэж шүүхэд хандсан. Манай эцэг 1938 онд хэлмэгдээд 10 жил ял эдлээд цагаатгалаар гарч ирсэн. Цагаатгалаар гарч ирсэнийхэн дараа би төрсөн хүүхэд нь байгаа. Миний эцгийг Мампил гэдэг байсан. Миний эцгийн нэрийг Ямпилын Дыг Мампилын Д болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна....Тухайн үед би хуучин паспортой манай эцгийн нэр зөв байсан. Одоо дахиад цагаатгалын нөхөн олговрын хэмжээ ихэссэн гээд өмнө нь цагаатгалын нөхөн олговрыг авар хүмүүс материалаа бүрдүүлж өгөх талаар хүмүүсийг цуглуулаад уулзсан юм. Надаас бусад хүмүүс нь тэгэхэд материалаа өгсөн. Миний иргэний үнэмлэхний эцгийн нэр зөрсөн гээд миний материалыг аваагүй....Би эцэг, эхээс гурвуулаа. М.Жавзмаа, М.Насандолгор гэдэг....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Д нь эцгийн нэр өөрчлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд миний эцгийн нэрийг Ямпилын Дыг Мампилын Д болохыг тогтоолгох тухай гэж тодрууллаа.

Я.Д  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Дын эцгийн нэр нь Мампил болох нь ХӨ№1361619 дугаартай олгогдсон БНМАУ-ын иргэний паспорт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2033 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын 1956 оны хүн амын тоолоогы бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай Мампилын Дын нэхэмжлэлтэй, нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаартай М.Дын нэхэмжлэлтэй, нэр ташаарсаныг зөвтгөх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн хуулбар, 049220 дугаартай Манпил Д гэх бичвэртэй нэхэмжлэгч Дын тэтгэврийн дэвтэр, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.Баатарын шүүх хуралдаанд гаргасан ....Жигжийн Мампилыг Нампил, Манпил, Ямпил гэж бичиж байсан. Хүн ам орон сууцны 1925 оны байцаан тоолсон данс гэдэг номыг би бичсэн. Монгол бичгээр нэрийг нь бичдэг байсан бөгөөд Дын эцгийн нэрийг М, Я, Н-ээр бичдэг байсан байгаа юм. Хүмүүс бичиг үсгийн чадвар болон тухайн үеийн сонсголоороо янз бүрээр нэрийг нь бичдэг байсан. Монгол бичгээр Б, П хоёр үсэг адилхан бичигддэг. Уг нь Дын эцгийг Мампил гэдэг юм....Хэлмэгдэж байсныг мэднэ. Эгэмийг нь хуга цохичихсон шоронд олон хоног байсан гэж надад өөрөө ярьж байсан....Дын эцэг нь 1988 онд нас барсан. Нас барахад нь би буяны ажилд нь оролцож байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 9-22, 23, 24-26, 27-2837-54 дүгээр тал/

Иргэний улсын бүртгэлд нэхэмжлэгч Дын эцгийн нэр нь Мампэл гэж бичигдсэн талаар нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан байх бөгөөд иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эцгийн нэр нь нэхэмжлэгчийн эцгийн нэрнээс зөрсөн байх тул Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасныг баримтлан шүүх эцгийн нэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ямпилын Д / /-ыг Мампилын Д болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ