Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

  

                                                           

 

 

 

   

      2022        12         27                                

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадамба овогт Борын Бд холбогдох эрүүгийн 2211 00000 2077 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жадамба овогтой Борын Б /РД:,/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын их дэлгүүрт ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 320-106 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын бараа авах хэсэгт “бараа ачсан тэрэг холдуулсангүй” гэх шалтгаанаар хохирогч Ц.Мөнхбаттай маргалдан, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...нүдний дотор булангийн доод хэсэгт шарх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 938 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 1 давхрын бараа авах хэсэгт “бараа ачсан тэрэг холдуулсангүй” гэх шалтгаанаар хохирогч Ц.Мөнхбаттай маргалдан, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...нүдний дотор булангийн доод хэсэгт шарх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ц.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын их дэлгүүрийн 1 давхарт бараа авах хэсэгт шинээр ус ирсэн. Тэгээд хамт ажилладаг Б гэх нэртэй ачигч залуу намайг ус ачсан тэргийг холдуулаагүй гээд уурласан. Тэгэхээр нь Б гэх ачигч залууг чи надад энэ ачааг ойртуулаад өгөх ёстой гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг дуудаад камер байхгүй хэсэгт дагуулж очоод 1 удаа нүд хэсэгт цохисон. Тэгсэн миний нүд харанхуй оргиод байсан мөн цус гарсан. Тэгээд би Б гэх залууг буцаагаад түлхсэн. Миний нүд өвдөөд байсан болохоор Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнд очсон. Тэгсэн Улсын 3 дугаар эмнэлэгт очиж нүдний хагалгаанд орох хэрэгтэй гэсний дагуу хагалгаанд орж оёдол тавиулсан...” гэх /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15917 дугаартай дүгнэлтэд:

Ц.Мөнхбатын биед нүдний дотор булангийн доод хэсэгт шарх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, 

шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 15917 дугаар дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Жадамба овгийн Борын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                 П.АРИУНБОЛД