| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2022 12 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Ц.О,
нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Цолмонбаярын Од холбогдох эрүүгийн 2211 00000 1950 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Гөрөөчин овогт Цолмонбаярын О /РД: ./,
Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сум 1 дүгээр баг Мандал хонхор 9-4 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 28 дугаар гудамжинд байх нийтийн байранд түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 28 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна иргэн Т.Төгөлдөртэй “тамхи гуйсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан, зүүн хөлийн шагай хэсэгт чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 866 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.О нь
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.О нь 2022 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 28 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна иргэн Т.Төгөлдөртэй “тамхи гуйсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан, зүүн хөлийн шагай хэсэгт чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч Т.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өрөөний О гэх залуу манай найз Тэмүүлэнг эхэлж алгадаад дараа нь намайг алгадсан, Би гарчхаад буцаад орж байхад Тэмүүлэн тэр өрөөнөөс гарч зугтааж байсан. Араас нь тэр өрөөнд байсан шилэн хүзүүн дээр нь дараад байсан ах гарч ирээд хашааны хаалгаар гараад явчихсан... Очиход Тэмүүлэн хашааны үзүүрт зогсож байхаар нь уулзахад Тэмүүлэн ахыгаа дуудна гэж байсан. Бид гурав цагаан байрны автобусны буудал руу очоод манай ангийн хүүхэд Ариунболд, Хүслэн нар ирсэн. Манай ангийн 2 найзтай цуг өөр танихгүй гурван хүүхэд, Тэмүүлэнгийн 3 ах нь гээд найман хүн ирсэн. Тэр үед ирсэн ах гэх хүмүүсийг нь би огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Тэгээд бөөндөө очиж нийтийн байранд доод давхрын хүмүүстэй өмнөх асуудлаар маргалдаж зодоон болсон. Зодоон болсны дараагаар би тэр газраас найзуудтайгаа зугтаж байхад миний хөл хөндүүртэй алхахад янгинаж өвдөөд байсан тул нийтийн байранд ойрхон байсан улаан тоосгон худгийн тэнд суугаад хөлөө гэмтээсэн байна гэж бодсон... Би тухайн үед зөвхөн Отой зодолдсон. О саарал өнгийн цамцтай байсан. Миний толгой болон нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиж уруул язарч цус гарсан. Оыг цохиход би газарт унахад миний зүүн хөлийн шагай хэсэг рүү чулуугаар нэг удаа цохисон... Бид нар хоорондоо маргалдах үед О бид хоёр хоорондоо зодолдсон юм. Тэр үед О миний биед гэмтэл учруулсан... Би Оын гэдэс, хэвлий хэсэг рүү 2 удаа цохисон... О намайг газарт унагааж хөл хэсэг рүү цохиж гэмтээсний дараа Даваажаргал нь гэнэт хажуугаас орж ирээд хөмсөгний хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Даваажаргалын өшиглөсөн нь миний биед гэмтэл учруулаагүй... Гэмтэл үүссэнээс болж үүссэн эмчилгээний зардлын хохирол төлүүлнэ...” /Хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай найз Төгөлдөр бид 2 хамтраад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 28 дугаар гудамжинд байх 2 давхар тоосгон, давхартаа 2 айлтай нийтийн байранд нүүж очоод 2 дахь өдрөө л байж байсан. Тухайн үед доод давхрын өрөөний хүмүүстэй ах хүмүүсийг хүндлээгүй гэдэг асуудлаас болж зодоон болсон. Зодоон болоод дууссаны дараа би найз Төгөлдөрийг дагуулаад доошоо гүйгээд ойролцоо худгийн шатан дээр суулгаад хөлийг нь үзсэн. Тэр үедээ би алхаж чадахгүй байна гэж хэлсэн... Би хүнтэй зодолдоогүй үүссэн гэмтэл шарх байхгүй... Зодоон болж байхад Төгөлдөр газарт унасан О дээр нь гарчихсан зодож байхыг нь харсан. Төгөлдөр газраас босож өндийж байхад нь Оын найз нь хажуугаас нь нүүрний хэсэг рүү нь өшиглөж байсан... Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гэмтсэн зүйл байхгүй...” /Хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 00 цаг өнгөрч байхад... найз Оын түрээсэлдэг гэрт Адъяажав, Амарбаясгалан нарын хамт дөрвүүлээ гэрт нь хоол хийж идээд, пиво ууж байхад найзтайгаа 2 давхраас нэг залуу орж ирээд бид нараас тамхи байвал өгөөч гэж асуусан. Би гэрт байсан тамхинаас 1 ширхгийг өгөөд гаргасан. Тэгээд бид нар байж байтал 30 орчим минутын дараа хоёр давхрын өрөөнөөс өөр залуу орж ирээд тамхи асуусан. Тэгээд орж ирэхэд нь манай найз О нөгөө тамхи асуусан бандиа оруулаад ир дээ гэж хэлсэн. 2 давхрын өрөөнөөс үлдсэн 3 хүн нь орж ирсэн. Тэр хэдийг орж ирэхэд нь манай найз О араас орж ирсэн 3 хүнийг нь нэг нэг удаа алгадсан... Тэгээд бид дөрөв унтах гээд байж байтал нөгөө өрөөний хар малгайтай цамцтай туранхай нэг залуу нь хаалгаар шагайгаад манай найз ирчихлээ та нараас уучлалт гуйя гараад ирээч гэсэн. Тэгээд бид дөрөв эвээр ярья гэж хоорондоо яриад гадаа гарсан чинь хашааны гадна арван эрэгтэй, нэг охин ирчихсэн байсан. Бид дөрвийг очиход өрөөнөөс гэрч зугтаасан банди нь бид нар луу чулуу шидээд бид дөрөв тэд нартай зодолдсон. Зодоон болоод дууссаны дараа нөгөө ирсэн хүмүүс нь бүгдээрээ зугтаагаад яваад өгсөн. Бид дөрөв буцаж гэр лүүгээ орчхоод цагаан байрны автобусны буудлын “ТҮЦ” рүү явах замд гудамжинд явж байхад араас нөгөө хөл хугарсан залуугийн ах Далай гэх хүн нь “Приус 20” маркийн саарал өнгийн машинтай машиндаа өөр 2 хүнтэй гурвуулаа ирсэн. Бид дөрвийг машинд суучих нийтийн байранд чинь очиж юм ярья гэхээр нь бид дөрөв өөрсдөө алхаад очъё гээд явсан. Тэгээд байрандаа ирсэн чинь Далай гэх хүн нь та нар хүүхдийн хөлийг хугалсан байна, чулуугаар цохиод хугалсан гэж дүү маань хэлсэн, одоо очиж эмнэлэгт үзүүл гэхээр л гэмтлийн эмнэлэг рүү таксигаар Адъяажав бид хоёр нөгөө өрөөний О, хөл нь хугарсан залуутай цуг дөрвүүлээ үүрийн 5 цагийн үед очиход эмнэлгийн төв хаалга нь түгжээтэй байхаар нь буцаад байрандаа ирээд амарсан... Хөл нь хугарсан гэх залуу зодооны үед над руу гүйж ирж байхад манай найз О хажуугаас нь жийж газарт унагаасан. Унаад босож байхад нь би нүүр, цээжний хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” /Хавтаст хэргийн 23-24, 41 дүгээр тал/,
Гэрч Б.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр нийтийн байрыг манай найз О түрээсэлж амьдардаг. Өөр өрөөний хүмүүстэй тамхи асууж орж ирээд байсан асуудлаас болж маргаан үүсэж зодоон болсон. Тухайн зодоон нь Оын амьдардаг нийтийн байрын гадна шөнийн 1 өнгөрөөд 2 цагийн үед болсон... Адъяажав бид хоёр О, Даваажаргал нараас холдсон байсан... Ямар хүн байсныг нь тодорхой хараагүй, хоорондоо барьцалдаж зууралдсан зүйл гарсан. Гэмтэл шарх үүссэн зүйл байхгүй... гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Гэрч Б.Адъяажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз Оын амьдардаг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байх нийтийн байранд очиж ууцгаасан юм. Тэгээд орой нийтийн байрных нь дээд давхрын өрөөний 1 залуу 2 удаа дараалаад тамхи асууж орж ирээд байсан асуудлаас болж маргаан үүссэн, 2 дахь удаагаа тамхи асууж орж ирэхэд нь манай найз О тамхи асуусан 2 бандийг өрөөнд орж ирэхэд нь эхэлж алгадаад, нөгөө хамт орж ирсэн сүүлд хөл нь гэмтсэн гээд байсан бандийг нь бас 1 удаа алгадсан. Тэр үед тамхи асууж орж ирээд байсан хүүхэд нь гараад зугтаачихсан... Тэгээд гарч явсан банди нь буцаж ирэхдээ өөр хүмүүс дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг байж байхад тамхи асуугаад байсан хүүхэд нь ах нар ирчихлээ гараад ир манай ах нар та нартай уулзъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид дөрвийг гараад тэнд ирсэн хүмүүстэй нь учраа олох гээд ярьж зогсож байгаад зодоон болсон... О, Даваажаргал хоёр цаана хашаанд налчихсан өөр хоёр бандитай нэг нэгээрээ зодолдож байсан. Амарбаясгалан бид хоёр өөр хүмүүстэй зууралдаад О, Даваажаргал нараас холдсон байсан... Хэн байсныг нь тодорхой хараагүй, хоорондоо зууралдаж ноцолдсоор байгаад тарсан. Зодож цохисон зүйл байхгүй болохоор гэмтэл шарх үүсээгүй... Надад гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /Хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Гэрч Б.Далайхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний дүү Төгөлдөр 89763888 дугаараасаа над руу залгаж би нүүж орсон нийтийн байрандаа байж байхдаа байрны ах нартаа зодуулчихлаа гээд уйлаад ярьж байсан... Тэгээд би тэр Төгөлдөрийг зодсон гэсэн 3 хүнтэй Төгөлдөрийн амьдардаг нийтийн байранд нь очиж уулзаад хоорондоо маргалдсан асуудлынх нь талаар ярьж байгаад Төгөлдөрийн хөлийг үзүүлээрэй, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд би тэндээс яваад өгсөн... Гэмтлийн эмнэлэгт хөлийнхөө зургийг даруулсан, хөл хугарсан байна гэж тэр үед хэлж байсан юм... Төгөлдөр гишгэж чадахгүй, хөлийн шагайны хэсгээрээ хавдчихсан байдалтай байж байсан...” /Хавтаст хэргийн 35 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Хүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд маргалдаж байгаад бид хэд барьцалдаж авах үед манай найз Төгөлдөр нийтийн байрны хаалганы харалдаа нэг хүнтэй зодолдсон зүйл болоод өнгөрсөн... Төгөлдөрийг өндөр биетэй, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, ноосон цайвар өнгийн цамцтай ах зодож байхыг нь харсан... шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /Хавтаст хэргийн 37 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд маргалдаж байгаад Төгөлдөр нэг хөгшин царайтай ахыг цохисон чинь тэр ах Төгөлдөртэй зодолдоод эхэлсэн... би буржгар үстэй ахтай барьцалдаж авсан намайг цохиж зодоогүй. Тэгээд Төгөлдөр бид хэд тэндээс яваад өгсөн, Төгөлдөрийн амьдардаг нийтийн байрнаас доошоо жоохон явангуут цагаан өнгөтэй худаг дээр Төгөлдөр хөл өвдөөд байна гэж хэлээд хэсэг суусан... надад үүссэн гэмтэл шарх байхгүй..." /Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
Шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14443 дугаартай дүгнэлтэд
Т.Төгөлдөр-н бид зүүн тахилзуур ясны далд хугарал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /Хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т.Төгөлдөрийн биед учирсан зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, баруун хацар, хамрын угалзад зулгаралт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... уг хугарлын түвшинд хүчтэй хүч үйлчилсний улмаас буюу тухайн хэсэгт цохих, цохигдох үед мөн унахдаа тухайн хугарлын түвшинд хүчтэй цохигдох үед үүсэх боломжтой...” /Хавтаст хэргийн 48 дугаар тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/5095 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөрийг нийтийн байран дотор байхад нэг удаа алгадсан, дараа нь маргаан болох үед цээж хэсэг рүү нь өшиглөсөн...” /Хавтаст хэргийн 90 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /Хавтаст хэргийн 95 дугаар тал/,
шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Т.Төгөлдөрийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Т.Төгөлдөр хохирлын баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй боловч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгчээс 161,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Цолмонбаярын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хохирогч Т.Төгөлдөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Ооос 161,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД