Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 57

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00057

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, Тариачин овогт Пийн П /../-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 153/2018/00844/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  П.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Пийн хүсэлтээр өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. П.П нь 1966 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1974 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Буянт сумын дунд сургуульд элсэн орж 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 8-р анги төгсөж, илгээлтээр мал дээр гарсан.1982 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4-р бригадад эх Должингийн хамт малчнаар ажиллаж байсан. Эцэг нь тухайн үед төрийн албан хаагч байсан учраас мал малладаггүй эхнэрийнхээ нэр дээр мал маллаж байсан. Эх Должин нь 1988 онд нас барсан. П.П хүнтэй сууж байгаагүй, Нэг хүүхэд төрүүлсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүхэд хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, архивын лавлагаа, 1982-1985 оны 70 дугаар дансны хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа, олон хүүхэдтэй эхийн материал, эвлэлийн батлах, Улсын их хурлаас малчдын талаар анхаарч малчдыг 1000 мэргэжилтэй болгох, тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд малчин гэрчилгээ олгож байсан.Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, насаараа эцэг, эхтэй нь хамт мал маллаж байсан нэг нутаг усанд амьдардаг байсан иргэн Б.Жарантаа, Л.Бүрнээ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрлэлтийн баталгааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн....Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр байгаа учраас Б.Пийг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж өөрчилж байна....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг П.Пийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.П нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2206 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1982-1985 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Бүрнээгийн ...Би 1969-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилласан. П.П нь 1982 онд Ховд аймгийн Буянт сумын 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг буюу 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ тасралтгүй 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. П.П ямаа малладаг байсан. Пийн аавынх нь нэрийг Даваагийн Пунцаг гэдэг. Ээжийнх нь нэрийг Должин гэдэг. П.Пийн нь аав нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малын эмч хийдэг байсан. Ээж Должинтойгоо хамт П.П мал малладаг байсан юм. П.П нь хүнтэй суугаагүй. Нэг хүүтэйгээ хамт амьдардаг. П.Пийн ээж Должин ямаа л малладаг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Жарантайн ....Би 1970-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилласан....П.П нь 1982 онд Ховд аймгийн Буянт сумын 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг буюу 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ тасралтгүй 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан....П.Пийн аав Пунцаг нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малын эмч хийдэг байсан. Ээж Должинтойгоо хамт П.П мал малладаг байсан юм. П.П нь хүнтэй суугаагүй. Нэг хүүтэйгээ хамт амьдардаг.... гэх мэдүүлэг, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-10, 23-24, 25-26, 39, 40 дүгээр тал/

Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Жарантай, Л.Бүрнээ нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тариачин овогт Пунцагдоржийн Пийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ