Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 71

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга:А.Энхбаяр

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Ч.Бат

Шүүгдэгч Э.Энх-Орчлон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Содов овгийн Эрдэнэсүхийн Энх-Орчлонд холбогдох 201608000161 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, хүүхэд, дүү нарын хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Содов овгийн Эрдэнэсүхийн Энх-Орчлон /РД:ЕН93030407/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Э.Энх-Орчлон нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 14 дүгээр зөрлөгийн орчим 520/153 км-ийн шонгийн ойролцоо 2016 он 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн Волксваген гольф маркийн 63-97 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан: ...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 9.2-д заасан: ...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автомашин нь онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан Ч.Батын биемахбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Энх-Орчлон нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 14 дүгээр зөрлөгийн орчим 520/153 км-ийн шонгийн ойролцоо 2016 он 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн Волксваген гольф маркийн 63-97 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан: ...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 9.2-д заасан: ...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автомашин нь онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан Ч.Батын биемахбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Энх-Орчлон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр осол гарсан. Манай ээж Замын-Үүдэд машины осолд ороод, ээжийгээ 5 дахь өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх гээд 4 дэх өдөр Замын-Үүдээс гарсан. Шөнө яваад яах вэ гээд Сайншандад хоноод, өглөө нь гарсан. Замд 25 дугаар зөрлөг дээр замын хүн таарахаар нь өвчтэй хүнтэй явж байгаа, мөн машин эвдэрвэл хэрэгтэй гээд аваад явсан. Чойрын бартаатай замаас гараад шулуун замд явж байтал дугуйны чимээ гарахаар нь сандраад үрүүлээ ээжийн тал руу биш, зүүн гар тал руу дартал машин бүтэн эргэсэн. Анхан шатны түргэн тусламжийг Чойрын эмнэлэг хүргэсэн. Ч.Бат болон ээжтэйгээ гурвуулаа явж байсан. Миний ээжийн биед бүсэлхий хэсгээрээ хөхөрсөн. Замын-Үүдэд өмнө осолд ороод хөл нь хугарчихсан байсан. Өөр гэмтэл учраагүй. Би хохирогчийн хохирол төлбөрт 1007000 төгрөг төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч. Би 4 настай хүүхэдтэй, аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Анх удаа, санамсаргүйгээр хийсэн хэрэг учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

2. Хохирогч Ч.Бат мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ: ...Тухайн жолооч 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Баянтал өнгөрөөд замын хагархай хэсэг дээр 80 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед зүүрмэглэсэн байсан. Машин сонин дайвалзаад ирэхээр сэрсэн чинь урсгал сөрөөд явж байсан. Тухайн үед зам дээр ямар нэгэн машин болон саад байгаагүй. Тэгээд юу болсон мэдэхгүй нэг мэдсэн газар хэвтэж байсан. Хамаг бие хөндүүр болсон босч чадахгүй байсан. Машин руу харахад нилээн эвдэрсэн харагдаж байсан. Намайг хэвтэж байхад ээж нь гэх эмэгтэй ирээд яаж байна зүгээр үү гэсэн. Би юу болсон бэ гэсэн чинь буруу талын урд талын дугуй хагарсан гэж хэлсэн. Тухайн үед жолоочийн ээж гэх эгч хаашаа цагдаа, эмнэлэг дуудах вэ аль нь ойрхон бэ гэхээр нь Чойр гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгийн машинтай Чойрын эмнэлэг дээр ирж байгаад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. .. Миний биед зүүн бугалганы толгой хугарсан, зүүн уушиг шахагдаж усжилт үүссэн. Зүүн талын 5, 7 дугаар хавирга хугаралтай. Өрц цоорч цээжний хөндий рүү орсон гэмтэл учирсан. Одоо хэвлий, гарны хагалгаа эдгэрсэн. Хадаастай учраас гар өргөж болохгүй байгаа. Саяхан эмнэлэгийн үзлэгээр ороход ажилдаа орж болно. Гэхдээ хадаасаа 5-6 сарын дараа аваарай гэсэн. Би эмчилгээний зардалд шүүгдэгч Э.Энх-Орчлонгоос 1007000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

3. Гэрч И.Мөнгөнтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Говьсүмбэр аймгийн Баянтал сум өнгөрөөд нилээн явж байгаад би зүүрмэглэсэн. Нэг мэдсэн машин түк гэж дугараад машин түжигнээд өнхөрөөд явсан. Машин 4 дугуйн дээрээ буугаад тогтсон байсан. Би урд осолд орсон байсан болохоор толгойгоо бариад үзсэн чинь зүгээр байсан. Тэгээд Энх-Орчлон руу харсан чинь хөдөлгөөнгүй байхаар нь бууж очоод Энх-Орчлонгийн талын хаалгыг нээгээд хөлийг нь татаад гаргасан чинь хөл ёо ёо гэж байсан. Тэгээд ар талын суудалд сууж явсан Бат руу харсан чинь байхгүй байхаар нь гайхаад ийш тийшээ харсан чинь машинаас баруун хойшоогоо 50 орчим метр газарт шидэгдээд унасан байхаар нь явж очоод яаж байна гэсэн чинь Бат эгчээ амьсгалж болохгүй нэг юм давхцаад байна гэж хэлсэн. Би толгой доогуур нь юм дэрлүүлээд дээгүүр нь польто нөмрүүлээд хажуу талд зогсож байсан чинь зам дээр 2-3 машин зогсоод хэдэн хүмүүс эмийн сангаа бариад гүйгээд ирсэн. Нэг нь Батад өвчин намдаах эм уулгасан. Мөн тэр хүмүүс Энх-Орчлонг машинаас гаргаж газар хэвтүүлчихээд эмнэлэг цагдаа дуудсан байгаа одоо эгчээ эмнэлэг ирэх байх аа бид хэд хэлчихсэн гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд эмнэлэг ирэхгүй 30-аад минут болохоор нь би 103 руу залгасан чинь Говьсүмбэр аймгийн эмнэлэгийн утсыг өгсөн. Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү залгасан чинь наад мэдээллийг чинь авсан одоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас очно гэсэн. Тэгээд удаагүй эмнэлэг цагдаа ирсэн... гэсэн мэдүүлэг х.х-ийн 20, 21 дүгээр хуудас/

 

4. Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13421 дүгээр дүгнэлт: Ч.Батын биед цээжний зүүн талд 6-р хавирганы хугарал, зүүн уушигний бүрэн авчилт, цээжний хөндийд хий хуралдалт /500мл/, өрцний зүүн хэсгийн задрал, ходоод цээжний хөндий рүү шилжилт, зүүн атгаал ясны далд хугарал, дух, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан:  шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /х.х-ийн 34 дүгээр хуудас/

 

5 Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13422 дугаар дүгнэлт: Мөнгөнтуяагийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан:  шинжээч эмч Т.Амартүвшин гэжээ. /х.х-ийн 36 дугаар хуудас/

 

6. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Э.Энх-Орчлонгийн гэх цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй.  

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 38 дугаар хуудас/

 

7. Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6214 дүгээр дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дугуйн ободны нүүрэн талын ирмэг, эсрэг талын ирмэг 7см хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гулзайсан гэмтлүүдтэй байна. Уг гэмтлүүд нь ослын үед дугуйнд ирэх даац, даралтын нөлөөгөөр хаймар дугуй хэв гажилтанд орж хэлбэрээ дүрсээ алдсанаар обод ирмэг хэсэг хатуу зүйлтэй үйлчилснээр гарсан байж болно. Шинжилгээнд ирүүлсэн дугуй Монгол улсын авто тээврийн салбарт мөрдөх MNS 4598-2011 стандартын 5.14.3-ын 5-р хүснэгтэнд зааснаар шаардлага хангасан дугуй байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйд Волксваген Голф маркийн автомашинд тохирох эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

 

Дүгнэлт гаргасан: Автотехникийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Галбадрах гэжээ /х.х-ийн 42, 43 дугаар хуудас/

 

8. Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаярын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №9 тоот шинжээчийн дүгнэлт: Волксваген Голф маркийн 63-97 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Э.Энх-Орчлон нь МУ-ын ЗХД-ийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэснийг тус тус зөрчсөн байна.

Хэргийн газрын гэрэл зургийн ерөнхий байдлыг харахад зам тэгш, эвдрэл гэмтэлгүй тэгш, хуурай, асфалтан зам байна. Тухайн орчны замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. Э.Энх-Орчлон нь В ангилалтай 1093481 үнэмлэхний дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна.

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнийг байцаасан тэмдэглэлд Э.Энх-Орчлон нь Улаанбаатар орохоор ээж Мөнгөнтуяагийн хамт өглөө 08 цаг өнгөрч байхад Дорноговь аймгаас гарсан гэх өөрийн байцаалтаас үзэхэд зам тээврийн осол болсон гэх газар Дорноговь аймгаас 300 орчим км-т зам 12 цаг 40 минутын орчим болжээ. 300 орчим км замыг 4 цаг орчим явсан нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч Суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Дүгнэлт гаргасан: ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаяр гэжээ. /х.х-ийн 45 дугаар хуудас/

         

 9. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 7, 8 дугаар хуудас/

 

16. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 9-14 дүгээр хуудас/

 

17. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Цогбадрахын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 15, 16 дугаар хуудас/

 

18. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 55, 56 дугаар хуудас/

 

19. Өвчний түүх /79-90 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Э.Энх-Орчлонг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ч.Батын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Энх-Орчлон нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Э.Энх-Орчлон нь хохирогч Ч.Батад 1007000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 55.1.9-т зааснаар шүүгдэгч Э.Энх-Орчлонг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Энх-Орчлонгийн 1093481 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Содов овгийн Эрдэнэсүхийн Энх-Орчлонг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ч.Батын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Э.Энх-Орчлонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Энх-Орчлонд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Энх-Орчлон нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирол төлбөрт 1 007 000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг журамлан шүүгдэгч Э.Энх-Орчлонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Э.Энх-Орчлонгийн №1093481 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Энх-Орчлонд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энх-Орчлонд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА