Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/060

 

Э.Дд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга *******төгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр Э.Дд холбогдох эрүүгийн 1914004231283 дугаар хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Э.Д, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Э.Д нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ...... тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох, эхнэр Д.Ог  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Дын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Дыг  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450.000 / мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Дд оногдуулсан торгох ялыг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Дын эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх  хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Дд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгож, уг данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Н.Амарсанаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Монгол Улсын Эрүүгийн хууль нь Ерөнхий анги ба тусгай ангиас бүрддэг бөгөөд Ерөнхий анги гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн үндсэн болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд, улмаар тухай зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн агууламжаас бусад Эрүүгийн хуулийн зорилт, зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, гэм буруу, гэмт хэргийн үндсэн шинж,ангилал, гэмт хэрэг үйлдэх үе шат,гэмт хэрэгт хамтран оролцох, нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага, ялын төрөл, түүнийг оногдуулах, чөлөөлөх журам зэргийг тогтоосон байдаг бол “Тусгай ангид” нийгмийн харилцаанд халдсан нийгэмд аюултай гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн төрөл, хэмжээг заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхдээ ерөнхий ангийн хэм хэмжээнд үндэслэж, ерөнхий ангийн хэм хэмжээг тусгай ангид заасан хэм хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлдэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”гэж заасан нь объектив талын шинжийг энэ хуулийн тусгай ангийн өөр зүйл, хэсгийн тусламжтайгаар тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжүүдийг зааж өгсөн бөгөөд 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуульчилжээ.

Прокуророос яллагдагч Э.Д нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 13-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж объектив талын шинжийг тодотгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар...” гэж эрүүгийн хариуцлага оногдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Э.Дын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ”хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр давхар зүйлчилсэн мэтээр эрх зүйн байдлыг дордуулж буюу хэрэглэх ёсгүй зүйл, хэсгийг хэрэглэжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол  Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Дээд шатны Прокурорын эсэргүүцэл бичив.

Мөн шийтгэх тогтоолд өөр хэргийн дугаар бичсэн болон тодорхойлох хэсэгт дурдагдсан ”шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд ял шийтгэгдэж байсан гэж үзлээ” гэсэн техникийн шинжтэй алдаануудыг зөвтгүүлэх саналтай гэжээ.

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Э.Д нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 13 дугаар гудамжны 10 тоот хашаан дахь өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай, эхнэр Д.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914004230283 дугаар хавтаст хэрэгт авагдсан, хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг,  “...Д.Огийн биед тархи доргилт,баруун доод зовхи, бугалга, шуу гуя, шилбэ, өвдөг,нуруунд цус хуралт, зулгаралт  тогтоогдсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 342 тоот дүгнэлт  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад  сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч Э.Д нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас  Э.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  байна.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаа   давж заалдах шатны шүүхэд гаргасан  эсэргүүцэлдээ анхан шатны шүүх  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар...” гэж эрүүгийн хариуцлага оногдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Э. Дын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ”хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр давхар зүйлчилсэн мэтээр эрх зүйн байдлыг дордуулж буюу хэрэглэх ёсгүй зүйл, хэсгийг хэрэглэсэн гэж үзэж  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй  болжээ.

Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж  заасныг удирдлага болгох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж заахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүнийг алах гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан тухайлсан заалтыг  хууль тогтоогч хуульчилсаныг шүүх тодорхой  хүндрүүлэх нөхцөл байдал бүрд нь тохируулан тодорхой  заан өгч журамлан хэрэглэж байгааг  хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргээр давхар зүйлчилж  эрх зүйн байдлыг дордуулж буюу хэрэглэх ёсгүй зүйл, хэсгийг хэрэглэсэн гэж үзэхгүй  юм.

Эрх зүйн толь бичигт журамлах гэдэг нь ямар нэгэн хэргийг хэлэлцэх талаар тогтоогдсон журамлал гэж тайлбарласан байгааг анхаарах нь зүйтэй юм.

Харин эсэргүүцэлд шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг 1914000000259 гэж, тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд ял шийтгэгдэж байсан гэж үзлээ” гэсэн техникийн шинжтэй алдаануудыг зөвтгүүлэх саналтай гэсэн хэсгийг хүлээн авч дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь хэсгийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, ймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон 2 дахь хэсгийг нь хүлээн авсугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                        ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                                    Б. БОЛОР-ЭРДЭНЭ