Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ё-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын ...-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулж,тус багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ё, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл,хариуцагч Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ё шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2021 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд өрсөлдсөн юм.Сонгуульд нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд эхний санал хураалтаар хэн ч олонхийн санал авч чадаагүй учир хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулахаар болсон.Миний бие хоёр дахь санал хураалтад оролцсон ба надтай өрсөлдсөн Ц.Б 17 хүнээр илүү санал авсан юм.

Эхний санал хураалт явагдахад саналын хуудас дугаарлагдсан байсан ба энэ нь ямар учиртай болохыг тухайн үед би ойлгоогүй.Тэгээд сонгууль явагдаж дууссаны дараа тухайн саналын хуудасны дугаар сонгуульд санал өгөх багийн иргэдийн нэрсийн жагсаалтны дугаартай давхцсан байгааг олж мэдсэн.

Энэхүү саналын хуудсаар тухайн иргэн хэний төлөө санал өгсөн болохыг тодорхой мэдэж болохоор байна.Энэ нь сонгуулийн нууц байх зарчмыг алдагдуулсан,сонгуулийн дүнд шууд бусаар нөлөөлсөн гэж үзэж байна.Сонгуулийн нууц байх зарчим алдагдуулсан,хууль бус сонгууль зохион байгуулагдсан тул миний бие шүүхэд хандаж байна.Энэ нь миний сонгогдох эрхийг, багийн иргэдийн сонгох эрхийг зөрчсөн ба сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн. Иймд Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож тус багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт явуулахыг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч А.Ё нь 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Шүүхэд нэхэмжлэгч гаргах үед Увс аймгийн Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргаагүй байсан тул тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулж дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байсан ба 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг буюу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02, 03 дугаартай Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тус багийн Засаг дарга сонгох сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Увс аймгийн Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт явуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт байгаа. Эхний санал хураалтад 334 иргэн оролцсон байгаа. А.Ёгийн хувьд тус сумын 4 дүгээр багийн Засаг даргын сонгох сонгуульд санал өгөх үед бүртгэж аваад ард талд нь гарын үсэг зуруулж, бүртгэлийн дугаартай давхацсан саналын хуудсыг тус сумын 4 дүгээр багийн иргэдэд олгосон гэдгийг нэхэмжлэгч А.Ё тайлбартаа дурдсан байгаа. А.Ёгийн зүгээс тус сумын 4 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналаа өгөх үед А.Ёгийн өмнө Басандорж гэх хүн санал өгсөн ба саналын хуудас нь 317 дугаараар дугаарлагдсан байхыг харсан байдаг. Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтын дугаар нь сонгогчдын саналын хуудастай адил нэг тоогоор дугаарласан байгаа нь тухайн этгээд хэний төлөө саналаа өгснийг мэдэх боломжтой нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сонгогчдын саналыг хуудсыг дугаарлаж байгаа асуудал нь хууль бус юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт “Хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан боловч тухайн сумын 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтыг илээр зохион байгуулахаар ямар нэгэн дэг тогтсон асуудал байхгүй. Мөн сонгогчдын санал хураалтын хуудас дээр бичигдсэн тоог дугуйлах уу эсвэл нэр дэвшигч нарын нэрийг дугуйлах эсэх нь хуралдааны дэгээр тогтоогүй байдаг. Зарим сонгогчдын хувьд нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлж, будсан санал хураалтын хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт зааснаар хуралдааны дэгээр илээр санал хураалт явуулахаар тогтоогоогүй. Мөн саналын хуудсанд ямар тэмдэглэгээ тавьж санал өгөх талаар дэгээр тогтоогоогүй байсан. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар дэг тогтоосон хуралдааны тогтоолыг ирүүлээгүй учир дэг тогтоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр сонгогчдын саналын хуудас дугаарлагдсан байсан боловч хэн хэний төлөө санал өгснийг бид мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг хариуцагч талаас хариу тайлбар дээрээ дурдсан байсан. Сонгуулийн санал хураалт нэгэнт нууцаар явагдаж байгаа тохиолдолд нууц байх ёстой байтал нууц гэдэг зүйл нь саналын хуудас дугаарлаж, санал өгсөн сонгогчдын нэрсийн жагсаалттай цифр давхцаж байгаагаар алдагдсан байгаа юм. Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг хууль бусаар зөрчиж, сонгох сонгогдох эрхэд хууль бусаар нөлөөлсөн асуудал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлөн дарга А.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг уг ажлыг хүлээн авахаас өмнө эхний санал хураалт болж өнгөрсөн. Дараагийн санал хураалтад би өөрийн биеэр ирж сонгуулийн санал хураалттай танилцсан. Сонгогчдын санал хураалтын хуудсыг 2 дахь удаагийн санал хураалтад дугаарласан зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012-2016 онд Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилогдсон. Дөрвөн жил тус сумын 4-р багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын 4 дүгээр багийн ард иргэдийн төлөө хүчин зүтгэн хөдөлмөрлөн 100 сэрх, 1.000.000 төгрөгтэй хүлээлгэж өгч ажилласан. А.Ё тус сумын 4 дүгээр багийн Засаг даргын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгааг мэдээд би сонгуульд дахин нэр дэвшихгүйгээр нэрээ татсан байж байтал нутгийн ард иргэд намайг нэр дэвшихийг хүсэж байсан. Яагаад гэвэл миний дараа тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажилласан Буян-Орших дарга ажлаа муу хийсэн учир ард иргэд намайг энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг санал болгосон учир би дахин сонгуульд нэр дэвшсэн юм. Эхний санал хураалт явагдаж байх үед би хамгийн сүүлд саналаа өгсөн ба тухайн үед саналын хуудас дугаарласан байгааг анзаарч хараагүй. Нууц байх ёстой сонгуулийн санал хураалтын хуудас болон бусад баримт материалыг А.Ё ямар эрхтэй гэж бүгдийн авч танилцаад, тулгаж хараад цахим орчинд цацаж байгааг ойлгохгүй байна. Би тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ётай нийлж “Ариун сан” нэртэй сан байгуулж 20-30 айл өрхийг малжуулан ажиллаж байсан. Гэтэл өмнөх багийн Засаг даргаар ажиллаж байсан Буян-Орших нь ажлаа хангалтгүй хийж гүйцэтгэсэн ба өнөөдөр би ажил хүлээж авахад 20 сэрх хүлээж авсан. Сонгуулийн үеэр хэн саналыг хуудсыг дугуйлсан талаар би мэдэхгүй. Сонгогчдын санал хураалтын жагсаалтыг би огт мэдэхгүй. Сонгуулийн санал хураалт нууц явагдах ёстой ба санал хураалтын материал ч нууц байх ёстой байхад А.Ё сонгуультай холбоотой бүх материалтай танилцаж фэйсбүүкээр цацаж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Эхний санал хураалтаар тиймэрхүү маргаантай асуудал гарсан боловч 2 дахь санал хураалтыг өмнөх иргэдийн Нийтийн Хурлын дарга удирдан зохион байгуулсан байдаг. Би сонгуульд өөрийн бие төлөөлөгчийг суулгасан учир өөрөө хамгийн сүүлд сонгуульд санал өгсөн. Номер дугаарлалтыг ч анзаарч хараагүй байсан. А.Ё нь сонгууль дууссаны дараа өнөөдрийн хүртэл надтай огт уулзаагүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ё шүүхэд анх Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн хурлын тооллогын комиссын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн Багийн Засаг даргаар сонгох тухай 02 дугаар, Багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай 03 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоон,хүчингүй болгуулан, 2021 оны 03 сарын 21-ний өдрийн тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулж,тус багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт явуулахыг даалгах тухай гэж нэмэгдүүлэн өөрчилж,Тооллогын комиссын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн Багийн Засаг даргаар сонгох тухай 02 дугаар, Багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай 03 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоон,хүчингүй болгуулан, 2021 оны 03 сарын 21-ний өдрийн тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шүүхэд ирүүлсэн нь өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгатай ижил, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хэвээрээ байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэн шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг,багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Өмнөговь сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшиж санал хураалтад оролцсон иргэдийн 52.7 хувийн санал авч сонгогдсон Ц.Б-ыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч талаас Багийн Засаг даргыг сонгох эхний санал хураалтад саналын хуудас дугаарлагдсан нь санал өгсөн иргэдийн нэрсийн дугаартай давхцаж хууль бус сонгууль явагдсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн,хуралдааныг шинээр даргалах даргалагчийг сонгоогүй байхад Багийн Засаг даргын сонгуулийг явуулсан нь хууль зөрчсөн гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч талаас Эхний санал хураалтын саналын хуудас дугаарлагдсан байсан нь үнэн боловч санал өгсөн иргэд хэний төлөө саналаа өгсөн гэдгийг мэдэх боломжгүй, 2 дахь удаагийн санал хураалтын саналын хуудас дугаарлагдаагүй байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.

Өмнөговь сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2021 оны 03 сарын 21-ний өдөр Туулайд хуралдуулахаар товлон зарлаж тус хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах, багийн Засаг даргыг сонгож,нэр дэвшүүлэх, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.

Товлогдсон өдрөө буюу 2021 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуралдаж 01 тоот тогтоолоор санал авах ажиллагааг зохион байгуулах тооллогын комиссыг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Хуралдаанаар Багийн Засаг даргын сонгуулийг зохион байгуулахдаа иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуулийг хамтатган явуулахаар шийдвэрлэж багийн Засаг даргын сонгуульд нийт 4 нэр дэвшигч өрсөлдөн хэн нь ч олонхийн санал аваагүй тул 2 дахь шатны сонгуулийг нэр дэвшигч Ц.Б болон А.Ё нарын хооронд явуулжээ.

2 дахь удаагийн санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ц.Б олонхийн санал авсан тул иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 03 дугаар тогтоолоор багийн Засаг даргаар томилуулахаар Сумын Засаг даргад уламжлагдсан байна.

Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Ц.Б-ыг тус сумын 4-р багийн Засаг даргаар томилжээ.

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална. Гэж заасан бөгөөд шүүхээс хариуцагч талаас тухайн өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан,түүнээс гарсан шийдвэр,тэмдэглэлүүдийг ирүүлэхийг шаардсаны дагуу хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон багийн Засаг даргын сонгуулийн саналын хуудсыг шүүхэд ирүүлсэн болно.

Тухайн өдрийн хуралдаанаар Тооллогын комисс томилох тухай 01 дугаар,Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгож батлах тухай 02 дугаар,багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 03 дугаар,багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 04 дугаартай тогтоолууд батлагдан гарсан байх ба тухайн хуралдааны дэгийг тогтоолоор батлаагүй,тэмдэглэл хөтлөгдөж баримтжуулагдаагүй байна.

агийн Засаг даргын сонгуулийн эхний санал хураалтад нийт 333 иргэн оролцож 101 иргэн нэр дэвшигч Ц.Б-д, 86 иргэн А.Ё-д, 79 иргэн Д.Х-т, 67 иргэн Н.У-д саналаа өгсөн, 2 дахь удаагийн санал хураалтад нийт 315 иргэн оролцож Ц.Б-д 165, А.Ё-д 148 иргэн саналаа өгч 2 хуудас хүчингүй болсон талаар тооллогын комиссын дүнгийн нэгтгэлд дурджээ.

Хуралдааны дэгийн тухайд дэгийг хурлын тогтоолоор батлаагүй боловч хуралдаанд оролцсон иргэдийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгуулийг багийн Засаг даргыг сонгох сонгуультай хамтатган нууц санал хураалтаар явуулахаар шийдвэрлэсэн нь санал хураалт өгсөн байдал болон гэрч Ц.Л-ийн Би 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар 4 жил ажилласан бөгөөд тухайн өдрийн хуралдааныг миний бие даргалж эхлүүлсэн.Хуралдаанд багийн Засаг дарга,сумын Засаг дарга,сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар мэдээлэл хийсэн.Үүний дараа багийн Засаг даргын сонгууль,иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуулийг тус тусад нь явуулах уу,хамтад нь явуулах уу гэхэд иргэдээс хамтад нь сонгуулийг явуулах санал гаргасан учир саналын хуудсыг тус тусад нь хэвлээд хамт тарааж саналыг авсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Багийн Засаг даргын сонгуульд 4 иргэн нэрээ дэвшүүлэн оролцсон эхний санал хураалтын саналын хуудсыг дугаарласан, 2 дахь удаагийн санал хураалтад саналын хуудсыг дугаарлаагүй нь саналын хуудаст үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Б-ын 2021 оны 3 сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргыг болон Хурлын даргыг сонгох сонгуулийн тооллогын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.Саналын хуудсыг давхар илүү олгогдохоос сэргийлж хуудсыг дугаарлахаар комисс ярилцаж шийдвэрлэсэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж заасан бөгөөд иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хуульд заасан зарчмуудыг баримталж ажиллахаар байна.

Багийн Засаг даргыг сонгох сонгуулийг нууцаар санал хураах аргаар явуулахаар хуралдаанаас шийдвэрлэсэн тохиолдолд нууц санал хураалт-ын зарчмыг алдагдуулахгүйгээр явуулах ёстой болно.

Өөрөөр хэлбэл сонгогчдын хүсэл зоригийн илэрхийлэл ямар нэг хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх нөхцлөөр ханган,сонголтыг өөрөөс нь өөр хэн ч мэдэх ёсгүй, хянаж ажиглахааргүй байхаар зохион байгуулахаар байна.

Гэвч саналын хуудсыг дугаарласан дугаар нь сонгогчдын нэрсийг бүртгэж оруулсан бүртгэлийн дугаартай зарим хэсэг нь давхцсан болох нь гэрч Ц.Л-ийн ...Миний хувьд санал хураах ажиллагаанд туслалцаа үзүүлэх үүднээс иргэдийн нэрсийг бичиж орж ирсэн хүмүүсээр гарын үсэг зуруулсан.Гарын үсэг зурсан хүмүүс тооллогын комиссоос саналын хуудсаа аваад саналаа өгч хайрцагт хийсэн.Санал хураалтын явцад миний бичсэн нэрсийн дараалалтай тараагдаж байгаа саналын хуудас таарч байгаа эсэхийг асуухад эхлээд таарч байгаад хүчингүй болсон саналын хуудастай холбоотой дугаар нь зөрж эхэлсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Багийн Засаг даргыг сонгох эхний саналт хураалт өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтын 59, 62, 94 дугаарын хэсэгт асуултын тэмдэг тавьсан байх ба 242, 262 гэсэн дугаарыг алгасаж дугаарласан байна.Алгассан 2 дугаарыг хасахад нийт санал өгсөн иргэдийн тоо 332 болж байх бөгөөд санал хураалтын дүнг нэгтгэхэд 333 иргэн санал өгсөн талаар тэмдэглэгдсэн байна.

Эхний санал хураалтад санал өгсөн иргэдийн нэрсийг бичих цаасыг хэвлэхдээ он сарыг 2021.03.19-ний өдөр гэж буруу хэвлэсэн талаар шүүх хуралдаанд оролцогчид тайлбарласан ба энэ талаар маргаангүйг тэмдэглэв.

Саналын хуудсыг дугаарласан нь сонгогчдын санал өгөх эрх болон сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил байх тул багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчинтэйд тооцох боломжгүй бөгөөд иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан ардчилсан ёсны зарчмыг хангаж ажиллаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасны дагуу 2 дахь удаагийн санал хураалтаар иргэдийн олонхийн санал авсан Ц.Б-ыг багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон боловч эхний санал хураалт явагдсан нөхцөл нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулах үр дагаврыг үүсгэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаартай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар багийн хурал нь Хурлын хуралдааны дарга,Хурлын Тэргүүлэгчдийг сонгох,чөлөөлөх, багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба хуралдаан хуралдаж олонхийн саналаар Багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг Хурлын даргыг сонгох санал хураалттай хамтруулан явуулахаар шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан иргэдийн Нийтийн Хурлын шинээр сонгогдох даргыг сонгосны дараа багийн Засаг даргыг сонгоогүй, бүрэн эрхийн хугацаа дууссан иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох ажлыг зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдав.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч болох Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ё-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 сарын 21-ний өдрийн 03 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь сумын 4-р багийн Засаг даргыг сонгох санал хураалтын ажиллагааг дахин явуулахыг Өмнөговь сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ё-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНЦЭЦЭГ