Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0004

 

 

 

 

Г.М, А.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.М, А.М нар

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хэргийн индекс: 124/2024/0844/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 995 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М, А.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны *** дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу Г.М, А.М нарын өмчилсөн газрын гэрчилгээг 700 метр квадрат болгож, зөвтгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 700 метр квадратаар зөвтгөж олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нарт даалгаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. “Нэхэмжлэгч Г.М, А.М нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-т Газрын кадастрын мэдээллийн санд уг газрыг 500 м.кв-аар бүртгэсэн байгаа ба уг байрлал нь Г.М, А.М нарын амьдарч байгаа хашааны дотор байрлаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын шүүхэд үйлдэж ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн сансрын зураглалаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "ЛЛ" ХХК-ийн үйлдсэн нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг хавсарган Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/8365 дугаар Нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигтээ "... 2003 оны болон 2024 оны сансрын зургийг гаргаж, уг зураг дээр нэхэмжлэгч нарын газрыг зурж тэмдэглэн ирүүлэх" гээд нэхэмжлэгчийн хувийн компаниар үйлдүүлсэн нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг хавсарган хүргүүлсэн. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/3068 дугаар албан бичгээр хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбицлыг боловсруулан 2005-2007, 2021 оны агаар сансрын зурагтай давхцуулан харуулсан зургийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ зураг нь албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбицлыг маргаан бүхий газрыг сансрын зурагтай давхцуулан харуулсан зураг юм.

2.3.Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газрыг 2 тусдаа нэгж талбар бөгөөд Г.М, А.М нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар нэг нэгж талбарыг өмчлөн авсан талаар тайлбартаа дурдсан. Гэвч анхан шатны шүүхийн шүүгч дээрх кадастрын зургийн солбицлыг маргаан бүхий газрыг сансрын зурагтай давхцуулан харуулсан зургийг үндэслэн Г.М, А.М нарын амьдарч байгаа хашааны дотор байрлаж байна буюу нэг нэгж талбар байна гэж ойлгон буруу дүгнэсэн.

2.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2, 3.3-т Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.М, А.М нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль зүйн үндэслэл болох Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ Г.М, А.М нарт нийтийн эзэмшлийн зам талбайг нэмж өмчлүүлэх боломжгүй гэж тайлбарласнаас үзвэл Г.М, А.М нарын гомдлыг энэхүү үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Г.М, А.М нарын өмчлөлийн газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар өмчлөх эрх олгох үед буюу 2003 онд хашаалан амьдарч байсан газрын хэлбэр, хэмжээнд өөрчлөлт оруулаагүй өмчлүүлсэн нь хэрэгт авагдсан сансрын зургуудаар тодорхой харагдаж байдаг.

2.5.Маргаан бүхий газар нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан сансрын зургуудаас харахад нэг хашаалсан нөхцөл байдал харагддаг боловч 2 тусдаа нэгж талбар бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь 500 м.кв хэмжээтэй зүүн талын нэгж талбарын 15014*** дугаартай бол баруун талд байрлалтай 516 м.кв хэмжээтэй нэгж талбарын 15014*** дугаартай иргэн А.Мын өмчлөлийн газар юм. Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгох тухай хүсэлтийг судлан үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа 500 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд энэ хэмжээгээр нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон. Маргаан бүхий газрын зүүн болон хойд хэсгээр нарийн гудамж, орц гарцын хэсэгтэй, баруун болон урд талаараа бусдын өмчлөлийн газар байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-08/6527 дугаар албан бичгээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг баримтлан талбайн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй тухай хариуг хүргүүлсэн

2.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг ноцтой зөрчин хариуцагчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/3068 дугаар албан бичиг, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан газрын хэлбэр, талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй мөн нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн шийдвэр болсон. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.М, А.М нараас “Нийслэлийн Засаг даргын 2003 оны *** дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

3.Нэхэмжлэгчээс “...Г.М, А.М нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын *** дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжаар Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 18 дугаар гудамжны 166 тоотод байрлалтай, 700 м.кв газрыг өмчилж авсан. Тус захирамжийг үндэслэн гарсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай гэрчилгээнд 500.10 м.кв гэж талбайн хэмжээг буруу бичсэн бичилтийн алдаатай гарсан. Дээрх бичилтийн алдааг зөвтгүүлэх хүсэлт гаргасан ч боломжгүй талаар хариу ирүүлсэн. Учир нь хариуцагч нараас нэхэмжлэгчийн өмчлөлийн одоо амьдарч байгаа газар дээр очиж бодит байдлын судалгаа хийгээгүй атлаа кадастрын мэдээллийн систем дэх алдаатай мэдээлэлдээ тулгуурлаж газар өмчлөлийн гэрчилгээ дээрх алдаатай бодит байдалд нийцээгүй мэдээллээ засахаас татгалзсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

4.Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...кадастрын мэдээллийн сангийн зураг болон сансрын зургаас хайлт хийж үзэхэд иргэн Г.Мын газрын байршил, хэлбэр, хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Үүнээс үзэхэд 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэний эзэмшиж байсан газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийг үндэслэн өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг 700 м.кв гэж захирамжид алдаатай тусгажээ” гэх агуулгаар нэхэмжлэлд тайлбар гаргажээ.

5.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Маргаан бүхий газар нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан сансрын зургуудаас харахад нэг хашаалсан нөхцөл байдал харагддаг боловч 2 тусдаа нэгж талбар бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь 500 м.кв хэмжээтэй зүүн талын нэгж талбарын 15014*** дугаартай бол баруун талд байрлалтай 516 м.кв хэмжээтэй нэгж талбарын 15014*** дугаартай иргэн А.Мын өмчлөлийн газар юм. Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгох тухай хүсэлтийг судлан үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа 500 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд энэ хэмжээгээр нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон. Маргаан бүхий газрын зүүн болон хойд хэсгээр нарийн гудамж, орц гарцын хэсэгтэй, баруун болон урд талаараа бусдын өмчлөлийн газар байх тул нэмж 700 м.кв болгон нэмж олгох боломжгүй” гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч талаас гаргасан маргаан бүхий газартай холбоотой давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг анхан шатны шүүхэд хуралдааны явцад “анх олгохдоо сансрын зураг дээр үзэхэд уг газар нь тусдаа 2 нэгж талбар буюу нэг нэгж талбар нь 500 м.кв гэж мэдээллийн санд орсон. Бодит байдал дээр хашаалсан газар нь мэдээллийн санд хоёр тусдаа нэгж талбар буюу хоёр 500 м.кв газрыг нийлүүлээд хашаалсан байдалтайгаар байгаа. Нэхэмжлэгч нарт нэг нэгж талбарыг өмчлүүлэхээр захирамжилсан” гэх тайлбарыг[1] хариуцагчаас гаргасан, мөн шүүхийн үзлэгээр[2] хийсэн тойм хэмжилтээр Г.М, А.М нарын амьдарч байгаа хашааны газрын урт нь 38.5 метр, өргөн нь 27.30 метр орчим, ойролцоогоор 1051 метр квадрат орчим гэдгийг тогтоосон байна.

7.Түүнчлэн нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны *** дугаар захирамжаар[3] өмчлөн авсан 700 м.кв газрын байршил нь ямар нэгж талбарт байгаа нь тодорхойгүй,  мөн  2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ЛЛ” ХХК-иар нэхэмжлэгч нар хийлгэсэн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаар[4] уг газрын хэмжээг 700 квадрат метр гэсэн байх боловч уг 700 м.кв газар нь 2003 онд олгосон байршил мөн эсэх, анх олгосон газрын солбицлын цэг нь бодит байдал дээр хаанаас хаана хүртэл газар хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тодорхойгүй байна.

8.Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нараас хашаалсан газар нь хүсэлт гаргаж буй 700 м.кв газраас илүү байгаа эсэх, хашаалсан газрынхаа аль хэсгийг нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар гэж үзэж байгаа, тэдний хашаалсан газар нь нэг нэгж талбартай эсхүл, хоёр нэгж талбарт хамаарч байгаа эсэх, нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь бусад этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэхийг шалган тогтоож, хэрвээ хариуцагчийн тайлбарлаж байгаагаар маргаан бүхий газар нь А.М гэх иргэний өмчлөлийн газартай давхцаж байгаа бол түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, тайлбар авч хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

9.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 86 дахь тал

[2] Хэргийн 47-51 дэх тал

[3] Хэргийн 5-6 дахь тал

[4] Хэргийн 29-30 дахь тал