| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
2022 12 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасамбуугийн От холбогдох эрүүгийн 2211 01758 1983 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Даваасамбуугийн О /РД: УУ91071026/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 417 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн орчимд иргэн Т.Сайханцэцэгтэй “машин хааж зогссон” гэх асуудлаас маргаан үүсгэж, улмаар түүний цээж рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь цээжний баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 894 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн орчимд иргэн Т.Сайханцэцэгтэй “машин хааж зогссон” гэх асуудлаас маргаан үүсгэж, улмаар түүний цээж рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь цээжний баруун талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Т.Сайханцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23- 24-нд шилжих шөнө манай нөхөр намайг авах гээд манай ажлын гадаа ирсэн юм. Тэгээд тухайн үед манай нөхөр машинаа жоохон урагшлуулаад тавьчих гарах гэж байна гэтэл тухайн машины хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хэрүүл маргаан үүссэн юм. Тэгтэл тухайн машин дотроос махлагдуу биетэй нүдний шилтэй нэгэн эмэгтэй гарч ирээд миний хэвлий цээж орчимд нэг удаа жийгээд унагасан юм. Тэгээд би газар унаад 4 хөллөөд тухайн үедээ амьсгалж чадахгүй босож чадахгүй байсан учраас 103 тусгай дугаарт дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг ортол хавирга хугарсан байна гэсэн... Тухайн машинаас баахан хүмүүс гарч ирээд хэрүүл маргаан хийгээд байсан учраас би машинаас буугаад та нар согтуу машин бариад явж байгаа юм уу ямар учиртай юм бэ? цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй нь шууд ирээд намайг өшиглөөд унагасан... Надад одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй...” гэх /Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч Т.Сайханцэцэг нь 2022 оны 09 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж 214,000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлагын 48,0000 төгрөгийн зардал гарсан...” гэх /Хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-нд манай найзын төрсөн өдөр болоод төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд орох гээд тухайн баарны хойд талд манай найз машинаа зам дагуулаад байрлуулах гэж байтал ямар ч байсан хажуу талаас нэг эрэгтэй хүн машин тэргээ зөв байрлуулаач гээд тэгээд манай найз машинаа байрлуулж байтал цаад талаас нэг эмэгтэй гарч ирээд манай найзтай муудалцаад байхаар нь манай эхнэр дундуур нь орж салгах гэж байгаад тухайн эмэгтэйг цаашаа бай гээд ямар ч байсан өшиглөсөн тэгтэл тухайн эмэгтэй нь газар уначхаад босоод ирсэн тэгээд бид нар салаад явсан...” гэх /Хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч Д.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз Б.О бууж ирээд бид нарыг салгаад одоо боль боль явъя гээд намайг аваад явах гэж байтал тухайн машинаас бууж ирсэн эмэгтэй Б.О руу дайраад цүнхнийхээ оосроор цохих гээд дайрахаар нь Б.О нь өөрийгөө хамгаалаад тухайн эмэгтэйг нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл тухайн эмэгтэй газар унаад босоод ирсэн... цүнхнийхээ оосроор 1-2 удаа ороолгосон...” гэх /Хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Гэрч Н.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн эмэгтэй нь манай найз Б.Оыг хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд би машины хаалгаа хаачхаад эргээд хартал тухайн эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан...” /Хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13187 дугаартай дүгнэлтэд:
Т.Сайханцэцэг-н биед цээжний баруун талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн эмэгтэй бол миний биед халдаж цохиж зодсон асуудал бол байхгүй, намайг цохих гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад зөрүүлээд нэг удаа өшиглөсөн...” гэх /Хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,
шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 13187 дугаар дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Т.Сайханцэцэгийн яаралтай тусламж авсан 214,000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөг, нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 48,000 /дөчин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч тус тус төлсөн баримт гарган өгсөн.
Хохирогч Т.Сайханцэцэг хохирол нэхэмжилсэн баримт гаргаагүй, 170,000 /нэг зуун далан мянга/ төгрөг авч эмчилгээнд зарцуулсан. Нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД