| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00851/И |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 59
| 2019 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00059 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Зуутраг овогт Д-ийн З /.../-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00851/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.З, гэрч А.Цагаач, Л.Баттөмөр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт төрсөн. 1978 онд 8-р анги төгссөн. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1983 оны 06 дугаар сараас 1990 онд хүртэл мал маллаж байсан. Ажиллаж байсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Хонь ямаа маллаж байсан. Миний эцгийг Рашийн Дүгэрсүрэн, эхийг Бямбын Ням гэдэг байсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.З нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.З нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2145 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1977, 1979, 1980, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч А.Цагаачийн шүүх хуралдаанд гаргасан ....Би Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэл болон Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын хэсгийн ахлагч, тоо бүртгэгч, Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд нярав хийж байсан. 1979 онд Ховд аймгийн Дөргөн сум Мянгадаас салахад Дөргөн сум Сүхбаатарын зам нэгдэл нэртэйгээр, Ховд аймгийн Мянгад сум Давшилт нэгдэл нэртэй болсон юм. Би 1974-1990 он хүртэл нэгдэлд ажилласан....Д.З эцэг, эхтэйгээ хамт мал маллаж байсан. 1977 оноос мал маллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд халагдаж ирсэн. 1983 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан. Одоог хүртэл мал маллаж байна....Д.З нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1977-1979 онуудад 2 жил ажиллаж байсан....Д.З нь бог мал хонь ямаа малладаг байсан....Д.З айлын том хүүхэд....Эхийн Б.Нямаа, эцгийн Р.Дүгэрсүрэн гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттөмөрийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 1977 онд цэргээс халагдаж ирсэн. Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4-р бригадад адуучин хийж байсан. Нэгдэл тартал нэгдэл адуучин хийсэн. Намайг хүмүүс адуучин Л.Баттөмөр гэдгээр нь мэднэ....1977 онд намайг цэргээс ирэхэд Д.З 8 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Манайхан Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт айл саахалт байсан. 1980 онд цэргийн албанд татагдаад 1983 онд цэргээс халагдаж ирээд 1990 онд хүртэл мал маллаж байсан. Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэл болон Давшилт нэгдэлд мал маллаж байсан. 1978-1979 онд нэгдлийн нэршил өөрчлөгдөж Мянгад сум Давшилт нэгдэл, Дөргөн сум Сүхбаатарын зам нэгдэлтэй болсон....Айлын том хүүхэд. Хонь ямаа малладаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 10-18 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн буюу 16 насанд хүрсэн байх тул Д.Згийн Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч Д.З нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэндахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Л.Баттөмөр, А.Цагаач нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Л.Баттөмөр, А.Цагаач нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Дүгэрсүрэнгийн Згийн Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д.З нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ