Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00029/И |
Дугаар | 98 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 98
2019 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2019/00098 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Хорхон овогт Хишигтийн Нарантуяа /ПЙ68101360/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 153/2019/00029/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Х.Нарантуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын дунд сургуулийн 1-р анги төгссөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984-1991 онд хүртэл эхийн хамт мал маллаж байсан. Эхийгээ нас барсны дараа эгч нартайгаа мал маллаж байсан. Би гэрлэж байгаагүй. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шийтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1992-2000 он хүртэл хамрагдсан. Малчнаар ажилласан жилийг наашлуулсантай холбогдуулан тэтгэврээ тогтоолгох гэж байгаа. Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Нарантуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Нарантуяа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1896 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1984-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Юмжавын .... Би 1970 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт баг буюу 2 дугаар бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан....Х.Нарантуяа нь сургуульд огт сураагүй ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Х.Нарантуяа нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчин, саальчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1991, 1992 оны үед нь тарсан санагдаад байна.Х.Нарантуяа саалийн үхэр, хонь малладаг байсан....Х.Нарантуяагийн ээжийнх нь нэрийг Наятын Хишигт гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч А.Юрагийн .... Би 1981-1985 оны 9 сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад Ховд аймгийн Мөст сум руу хүнтэй суугаад шилжсэн....Х.Нарантуяа нь сургууль соёлд суугаагүй. Хар багаасаа ээжийнхээ хамт нэгдлийн мал маллаж, саальчин хийж байсан. Нэг нутгийнх болохоор би Х.Нарантуяагийн талаар сайн мэднэ. Х.Нарантуяагийн ээжийнх нь нэрийг Наятын Хишигт гэдэг байсан. Х.Нарантуяа нь ах дүү 8-уулаа. Х.Нарантуяа нь айлын 3 дахь хүүхэд санагдаж байна. Хишигтийн хүүхдүүд бүгд малчин, сургууль соёлд суусан хүүхэд байхгүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-13, 30-31, 32-33 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн буюу 16 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, гэрч гэрч Ц.Юмжавын ....Х.Нарантуяа нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчин, саальчнаар нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдох байна.
Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1896дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1984 оны 70 дугаар дансанд Наятын Хишигт гэх нэр бичигдсэн ба 10 дугаар сараас цалин хөлс нэмэгдсэн байх тул Х.Нарантуяад 1984 оны 10 дугаар сараас ажил олгогчоос цалин хөлс олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Х.Нарантуяагийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний 1609000221 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Р.Эрдэнээ, Б.Бурмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШЗ2019/00070 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х.Нарантуяаг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хорхон овогт Хишигтийн Нарантуяагийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШЗ2019/00070 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х.Нарантуяаг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ