Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

хохирогч Ш.С /цахимаар/,

хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Д /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.З,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хы Нт холбогдох эрүүгийн 2213000000192 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: (1) 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял, (2) 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял, (3) 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байсан, Ж овогт Хы Н,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Н нь иргэн Ш.Сд өөрийгөө ““Мобиком” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт ажилладаг, тус операторын сүлжээнд буюу идэвхгүй, 6 сар ашиглаагүй 9911-тэй дугааруудын төлбөрийг нь хоёулаа хувааж төлж, худалдан авч бусдад зарж борлуулан мөнгийг нь хувааж авья, 9911-тэй дугаарын сим картын мөнгө, 9911-тэй дугаарын багц төлбөрийн мөнгө” хэмээн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 19-нээс 24-ний өдрийн хооронд 5.000.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 6.050.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний тооцоогоор би хохирогч Ш.Сд 2 сая гаруй төгрөг төлөх өстой, хохирогчийн хохирлыг төлж барагдуулах болно” гэв.

1.2. Хохирогч Ш.С мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Х.Наас 1.800.000 төгрөгийн хохирлыг төлүүлж авсан, одоо үлдсэн ээс надад учирсан 5.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тийм учраас миний хохирлыг ойрын хугацаандаа барагдуулж өгөхийг хүсэж байна. Миний зүгээс шүүгдэгч Х.Нт шилжүүлж байсан бүх мөнгө 9911-тэй дугаарыг авахтай холбоотой шилжүүлсэн мөнгө, түүнээс биш түүнд мөнгө зээлсэн асуудал байхгүй болно” гэв.

2. Эрүүгийн 2213000000192 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ш.Соос гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулахаар  цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

2.2. Иргэн Х.Нын иргэн Ш.Сд 5 сая төгрөг төлөхөө илэрхийлсэн гарын баримтууд /хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.3. Хохирогч Ш.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг          /хавтаст хэргийн 7-8, 125 дахь тал/,

2.4. Гэрч Р.Шопанбекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2.5. Гэрч Р.Булбулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

2.6. Гэрч П.Жаннагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

2.7. Хохирогч Ш.Соос гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 410046296, Голомт банкны 264Е13117, Хаан банкны 5114445312 дугаартай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

2.8. Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5180/483 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5180992761, 5197022228 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 60-79 дахь тал/,

2.9. “Мобиком корпораци” ХХК-ны хүний нөөцийн газрын захирал Б.Соёлчимэгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13/6313 дугаартай “Х Н / нь Мобиком корпораци ХХК-нд өмнө ажиллаж байгаагүй болохыг тодорхойлж байна. Иймээс тухайн хүнтэй холбогдох баримт бичиг гаргаж өгөх боломжгүй юм” гэх албан бичиг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

2.10. Яллагдагч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94, 96, 118-199 дэх тал/,

2.11. Шүүгдэгч Х.Нын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Шүүгдэгч Х.Н нь иргэн Ш.Сд өөрийгөө ““Мобиком” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт ажилладаг, тус операторын сүлжээнд буюу идэвхгүй, 6 сар ашиглаагүй 9911-тэй дугааруудын төлбөрийг нь хоёулаа хувааж төлж, худалдан авч бусдад зарж борлуулан мөнгийг нь хувааж авья, 9911-тэй дугаарын сим картын мөнгө, 9911-тэй дугаарын багц төлбөрийн мөнгө” хэмээн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 19-нээс 24-ний өдрийн хооронд 5.000.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 6.050.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Ш.Соос гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулахаар  цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

3.1.2. Иргэн Х.Нын иргэн Ш.Сд 5 сая төгрөг төлөхөө илэрхийлсэн гарын баримтууд /хавтаст хэргийн 03 дахь тал/,

3.1.3. Хохирогч Ш.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “......Өргөдөлд тусгасан, намайг залилсан гэх иргэнийг Хуаншхан овогтой Н гэдэг. Манай аавын гэр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутагт байдаг юм. Би өөрөө 10 жилээ Баян-Өлгий аймагт суралцаж, 2010 онд төгсөөд тэндээс хойш Улаанбаатар хотод амьдардаг.

2020 оны 06 дугаар сард дунд үед амралтаа аваад Өлгийд байх гэртээ ирсэн. Гэртээ ирсэн байхдаа Нтай хашаандаа нэг удаа таарсан. Тэгээд хаанаас авсан эсэхийг нь мэдэхгүй Н миний утас руу залгаад “би “Мобиком корпораци”-д ажилладаг, тус операторын сүлжээнд буюу идэвхгүй, 6 сар ашиглаагүй дугааруудыг шинээр эргэлтэнд оруулдаг юм, иймд манай дээр 9911-тэй дугаарууд байна. Үүнийг хоёулаа мөнгийг нь хуваан төлж, худалдан авч, бусдад зарж мөнгийг нь хувааж авья” гэхээр нь анхандаа итгээгүй. Тэгсэн над руу дахин дахин залгаад бүр гэрт ирээд уулзаж байсан. Тэгэхээр нь “за эмэгтэй таньдаг хүн байна” гэж бодоод түүний хэлсэн саналыг зөвшөөрсөн юм. Тэр анх хэлэхдээ “9911”-тэй дугаарыг 2.000.000 төгрөгөөр авах гэж байгаа, чи 1.000.000 төгрөгийг нь гарга гэхээр нь би өөрийнхөө 410046296 дугаарын “Худалдаа хөгжлийн банкны данснаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг, мөн өдрийн 04:08:24 минутад 500.000 төгрөгийг нийт 1.000.000 төгрөгийг бэлнээр авч Баян-Өлгий аймгийн Холбооны газрын “АТМ”-ийн гадна талд Б.Нт хүлээлгэж өгсөн. “АТМ” рүү би ганцаараа орсон юм. Х.Н болохоор “АТМ”-ийн гадаа машинд сууж байсан. Би түүнд мөнгийг данс руу нь шилжүүлж өгье гэж хэлж байсан боловч тэр бэлнээр авья гэж хэлээд бэлнээр авсан. Ашигладаг данс байхгүй гээд байсан.

Тэгээд тэр өдрөөс 5 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.Н утсаар дахин залгаад "9911”-тэй ахиад 2 дугаар байна, нэгийг нь 2.000.000 төгрөгт чи өөрөө авчих, харин би эхний дугаарын тал ашгийг нь авья гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Голомт” банкны “АТМ”-с 800.000, 100.000, 800.000, 800.000 төгрөгөөр буюу 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөгийг, аав болох Шопанбекээс 1.500.000 төгрөгийг авч нийт 4.000.000 төгрөгийг Б.Нт хүлээлгэж өгсөн. Тухайн үед “9911”-тэй дугааруудыг хэзээ өгөх талаар хэлээгүй, гэхдээ удаахгүй, энэ дугааруудыг авчихаад чам руу хэлнэ гэж хэлсэн.

Тэгээд миний ээлжийн амралт дуусаад 2020 оны 07 дугаар сар гараад хот руу явсан юм. Тэрнээс хойш Б.Н над руу дахин холбогдоод “9911"-тэй дугаар бэлэн болсон, “Сим карт”-нд мөнгө хэрэгтэй байна гээд 100.000 төгрөгийг 5180992761 дугаарын дансанд /2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр/, 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөгийг 5197022228 дугаарын данс руу “Багц төлбөрийн үнэ” гэж шилжүүлж авсан. Тэгээд тэрнээс хойш би Н руу утсаар байнга залгадаг. Залгахаар утсаа авдаг, нөгөө дугаар юу болсон бэ гэхээр сайн бүтэхгүй байна. Нэг бол удахгүй гэх зэргээр шалтаг ярьдаг. Бүр заримдаа хүн итгэхээр за чи “Мобиком корпораци”-ийн тийм газарт байдаг тийм салбарт оч, гадаа нь хүн гаргаж өгнө гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би итгээд нөгөө газарт нь очиж хүлээдэг боловч хүн амьтан гарч ирдэггүй. Тэгээд бүр бүтэхгүй болоод удаад ирэхээр нь "Мобиком корпораци”-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захиралтай нь 2021 оны өвөл утсаар ярьж Б.Н гэх хүн "Мобиком корпораци"-д ажилладаг уу гэсэн чинь тийм хүн урьд нь гэрээтээр ажиллаж байж байгаад гарсан гэсэн. Түүнээс 5.250.000 төгрөгийг нэхэмжилж байна.

...Анх 5.250.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлэг өгч байсан ба тэрнээс гадна дансны хуулга шүүж үзэхэд 1.950.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс 1.800.000 төгрөгийг буцаан авсан. Одоо үлдэгдэл 5.400.000 төгрөгийн тооцоо байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 125 дахь тал/,

3.1.4. Гэрч Р.Шопанбекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...хугацааг нь сайн мэдэхгүй байна. Хүү С Улаанбаатар хотоос ирсэн байхдаа хөрш айлын хүүхэд Х.Наас хямд үнээр үнэтэй дугаар авахаар болсон гээд надаас 1.500.000 төгрөгийг авч байсан. Манай хүүхэд нийт 5 сая төгрөгийг дээрх хүүхдэд өгсөн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3.1.5. Гэрч Р.Булбулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Шопанбекийн С гэдэг хүнийг огт танихгүй. Ямар учиртай орлого болохыг ч сайн мэдэхгүй байна. Сая дансныхаа хуулгыг харахад 150.000 төгрөгийн орлого орсон хэдий ч зарлага гараагүй байна. Тэгэхээр би өөр хүний данс руу мөнгө шилжүүлж өгөөгүй, мөн өөрөө зарлага хийгээгүй байна. Би сая санахад Х.Н миний данс руу мөнгө шилжүүлэн оруулаад надаас бэлэн мөнгө авч явсныг санаад байна. Дээрх хүнтэй ямар нэгэн холбоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Би сая мэдүүлгийн эхэнд дурдсанчлан хүнсний дэлгүүр ажиллуулдаг болохоор орж гарах хүмүүс зөөндөө. Тэр хавийн болон бусад хүмүүс заримдаа бэлэн мөнгө өгчих данс руу чинь хийчихье гэх тохиолдол байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

3.1.6. Гэрч П.Жаннагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Шопанбекийн С гэдэг хүнийг огт танихгүй. Тухайн нөхцөлийг одоо сайн санахгүй байна. Гэхдээ миний данснаас Х.Наас өөр хүн мөнгө гаргуулж авч байгаагүй. Тодруулбал түүнтэй найзалдаг байхад минь нэг өдөр Х.Н над руу утсаар залгаад хаана явна вэ найз аа, би өөрийнхөө виза картаа алга болгочихжээ. Чиний виза карт байвал найз нь чиний данс руу хүнээс мөнгө шилжүүлэн оруулж, гаргаад авчих уу гэхээр нь би юм бодохгүйгээр тэг тэг гэж хэлж байсан юм.

...Харин Ш.С гэдэг хүнийг огт танихгүй. Түүний шилжүүлсэн мөнгийг Х.Н л гаргаж аваад явсан. Хэдэн төгрөг болохыг ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

3.1.7.   Хохирогч Ш.Соос гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 410046296, Голомт банкны 264Е13117, Хаан банкны 5114445312 дугаартай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

3.1.8. Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5180/483 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5180992761, 5197022228 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 60-79 дахь тал/,

3.1.9. “Мобиком корпораци” ХХК-ны хүний нөөцийн газрын захирал Б.Соёлчимэгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13/6313 дугаартай “Хуанышханы Н /РД:БЮ92101044/ нь Мобиком корпораци ХХК-нд өмнө ажиллаж байгаагүй болохыг тодорхойлж байна. Иймээс тухайн хүнтэй холбогдох баримт бичиг гаргаж өгөх боломжгүй юм” гэх албан бичиг /хавтаст хэргийн 81 дэх тал/

3.1.10. Яллагдагч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогчийн хохирлыг барагдуулж өгч чадаагүй юм. Тэрэнд 3 хүүхдийн 300.000 төгрөгийг, цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд олгогддог 50.000 төгрөгөөс 30.000 төгрөгийг мөн өгдөг юм. Одоо хохирогчид өгөх үлдэгдэл 3 сая орчим төгрөг байгаа. Миний бие Мобиком корпорацид ажиллаж байгаагүй, ер нь төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаагүй, хүүхэд төрүүлэхээс өмнө зах дээр жимс ногооны дэлгүүрт ажилладаг байсан. Миний зүгээс хохирогч Ш.Сд яг хэдэн төгрөг өгсөн болохоо санахгүй байна. Ямар ч гэсэн мөнгө төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94, 96, 118-119 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, хохирогч, түүний өмгөөлөгч нараас “улсын яллагчтай санал нэг байгаа” гэх тайлбар, дүгнэлтийг, шүүгдэгч Х.Н “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Нын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон гэж үзлээ.

 

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

6.2. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.Н нь иргэн Ш.Сд өөрийгөө ““Мобиком” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт ажилладаг, тус операторын сүлжээнд буюу идэвхгүй, 6 сар ашиглаагүй 9911-тэй дугааруудын төлбөрийг нь хоёулаа хувааж төлж, худалдан авч бусдад зарж борлуулан мөнгийг нь хувааж авья, 9911-тэй дугаарын сим картын мөнгө, 9911-тэй дугаарын багц төлбөрийн мөнгө” хэмээн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 19-нээс 24-ний өдрийн хооронд 5.000.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 6.050.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогджээ.

6.3. Түүнчлэн шүүгдэгч Х.Н нь хохирогч Ш.Соос залилан авсан мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

6.4. Шүүгдэгч Х.Нын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Нын бусдаас авсан өр зээлээ төлөхийн тулд амар хялбар аргаар мөнгө олох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

7.2. Шүүгдэгч Х.Нын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Сд 6.050.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч Х.Н нь 1.800.000 төгрөгийг төлж өгсөн болох нь хохирогч Ш.Сын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

7.3. Мөн хохирогч Ш.Соос шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Наас 9911-тэй дугаараа авахын тул 2020 оны 12 дугаар сарын 31-нд 500.000 төгрөгийг “Нт зээлэв” гэсэн утгатай, 2021 оны 01 дүгээр сарын 14-нд 650.000 төгрөгийг “Секу” гэсэн утгатай шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байх тул уг 1.150.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

7.5. Шүүхээс хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Х.Н нь хохирогч Ш.Сд гэмт хэргийн хохиролд 6.050.000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 1.150.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийн төлбөртэй болохыг тогтоож, энэхүү мөнгөн дүнгээс шүүгдэгч Х.Нын буцаан төлсөн 1.800.000 төгрөгийг хасаж, бүгд 5.400.000 төгрөгийг шүүгдэгч Х.Наас гаргуулан хохирогч Ш.Сд олгохоор шийдвэрлэв.

7.6. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Наас “яг одоогийн байдлаар хохирогч Ш.Сд 2 сая төгрөгийн өр төлбөртэй” гэж мэдүүлсэн нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогч Ш.Соос “5.4 сая төгрөгийг төлж өгвөл гомдол саналгүй” гэх тайлбарыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Х.Нын үйлдэл холбогдол 2021 оны Өршөөөл үзүүлэх тухай хуулинд нийцэж байгаа тул өршөөлд хамруулах” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Нын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүгдэгч Х.Н нь хувийн байдлын хувьд 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х.Нын үйлдэл холбогдол 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд нийцэж байгаа тул өршөөлд хамруулах” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Х.Нын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн зорилтоос үзэхэд “...зарим гэмт хэрэг үйлдсэн... хүнийг эрүүгийн хариуцлагаас... нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ.

 

2.6. Шүүгдэгч Х.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зохих хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.7. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн ялын тооцоог харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.  

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Х.Нт оногдуулсан 2 жил 11 сар, 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

2.10. Шүүгдэгч Х.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Хны Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Х.Нт оногдуулсан 2 жил 11 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Наас гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 5.400.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Сд олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т