Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/1549/Э |
Дугаар | 2023/ШЦТ/09 |
Огноо | 2022-12-21 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
2022 12 21 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Б.Ууганбаяр,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00259 0362 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт
урьд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хорих ангийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан *** улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийн ослын төлбөр болох 9.500.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкин дахь ***тоот дугаарын дансаар шилжүүлэн авч тус байгууллагад ашиглагдаж байгаа **** улсын дугаартай, Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг засварлахад 6.664.000 төгрөгийг зарцуулж, түүний үлдэгдэл болох 2.836.000 төгрөгийг хувьдаа ашиглаж өөртөө давуу бий болгож улсад 2.836.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.У.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч Б.У нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хорих ангийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан *** улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийн ослын төлбөр болох 9.500.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкин дахь *** тоот дугаарын дансаар шилжүүлэн авч тус байгууллагад ашиглагдаж байгаа ****улсын дугаартай, Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг засварлахад 6.664.000 төгрөгийг зарцуулж, түүний үлдэгдэл болох 2.836.000 төгрөгийг хувьдаа ашиглаж өөртөө давуу бий болгож улсад 2.836.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан Б.У нь тус ангид бүртгэлтэй *** улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 5 дугаар сард албан ажлаар явж байгаад осолд орсон юм билээ. Тухайн үед осол гаргасан буруутай этгээдээс ослын төлбөрийг өөрийн дансаар авч хувьдаа зарцуулсан гэж ойлгож байгаа. Би тус ангид 2022 оны 6 дугаар сард томилогдсон бөгөөд намайг ажил авахад ангийн хашаанд *** улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн байдалтай байж байсан. Энэ ямар учиртай тээврийн хэрэгсэл вэ? гэж холбогдох ажилтнуудаас асуухад дээрх асуудлыг буюу осолд орсон тээврийн хэрэгсэл байгаа гэж хэлж байсан. Тус тээврийн хэрэгслийн үлдэх өртгийг санхүүгийн программаас шүүж үзвэл 18.400.000 төгрөгийн өртөгтэй тээврийн хэрэгсэл байсан. Буруутай этгээдээс байгууллагын дансанд 2021 оноос одоог хүртэлх хугацаанд байгууллагын дансанд ямар нэг мөнгө орж ирээгүй байсан. Ангийн дарга хэлэхдээ уг асуудлаар АТГ-т холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Миний урьд байсан ангийн дарга нь тус тээврийн хэрэгслийн ослоос байгууллагад орж ирэх мөнгийг хувийнхаа дансаар авсан юм билээ гэж хэлж байсан. Үүнээс өөр мэдээлэл байхгүй байна. ...Б.У болон Ц.Одгэрэл нар нь байгууллагад учирсан 2.836.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд манай байгууллагаас гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /2хх 202/,
- гэрч Б.Эын /ШШГЕГ-н харьяа Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн/ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 405 дугаар хаалттай хорих ангид төлөвлөгөөт хяналт шалгалт орсон юм. Уг хяналт шалгалтын ажлын хэсэгт миний бие оролцож ажилласан бөгөөд би тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн юм. 405 дугаар хаалттай хорих ангийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад тус байгууллагын дансанд бүртгэлтэй *** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин нь байгууллагын грашд байхгүй байсан. Тухайн үед миний даргын жолоочоор ажилладаг байсан гэх харуул хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Лоос дээрх тээврийн хэрэгслийг хаана байгаа талаар асуутал тэрээр 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ангийн дарга Б.Утай албан ажлаар Найрамдлын замд явж байхдаа зам тээврийн осолд орсон учир тухайн тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болсон тул өөрийнхөө гэрийн хашаанд аваачсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Б.Лийн хамтаар түүний оршин суух Баянхошуунд байрлах гэрт нь очиж үзтэл 405 дугаар хаалттай хорих ангийн дансанд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эвдэрч, гэмтсэн байдалтай тус хашаанд байсан. Уг асуудлыг нягталж шалгаж үзвэл тус байгууллагын жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогоор дээрх тээврийн хэрэгсэл нь байгаа, тооллогын тайланд тус тээврийн хэрэгсэл нь эвдэрч гэмтсэн, осол аваарт орсон талаар ямар нэг зүйл бичигдээгүй байсан. Б.Л нь надад хэлэхдээ уг зам тээврийн осол миний буруутай үйлдлээс болоогүй харин эсрэг урсгалд явсан машин манай байгууллагын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас дээрх осол гарсан талаар хэлсэн. Мөн тэрээр уг ослын төлбөрт буруутай этгээдээс 9.500.000 төгрөгийг авч тус ангид бүртгэлтэй *** улсын дугаартай “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулсан талаараа хэлсэн. Тэрээр тус “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийн автомашины будаг, рулийн редуктор, компьютер, явах эд ангийн засварт зарцуулсан талаараа хэлсэн. Б.Лийн дээрх тайлбартай холбоотойгоор миний бие түүнийг чи цагдаагаар шийдүүлсэн юм бол, цагдаагаас тодорхойлолт, мөнгийг дээрх засварт зарцуулсан гэвэл холбогдох санхүүгийн баримтыг авч ир гэж хэлсэн. Түүний дагуу Б.Л нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Лексус 470” маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн гэх баримыг гаргаж өгсөн. Хаана, ямар засвар хийсэн нь тодорхойгүй зарлагын баримтууд байсан. Уг зарлагын баримт дээр байгаа утасны дугаар луу холбогдож дээрх засвар хийгдсэн талаар асууж тодруулахад сайн санахгүй байна гэсэн зүйлийг хэлж ярьсан. Би тухайн үед Б.Лоос дээрх ослын төлбөр болох 9.500.000 төгрөгийг хэнээс ямар байдлаар авсан талаар асуухад тэрээр өөрийн Хаан банканд бүртгэлтэй дансаар авсан гэж хэлсэн. Тэгэхээр миний бие боломжтой дансны хуулгаа аваад ир гэж хэлээд Б.Лоос дансны хуулгыг нь гаргуулан авч үзэхэд түүний данс руу 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд **** тоот дугаарын данснаас удаа дараагийн үйлдлээр нийт 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Уг мөнгөнөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгууллагын дарга Б.Уын данс руу 7.800.000 төгрөгийг Лхагва гэх утгаар шилжүүлсэн байсан. Мөн тэрээр тус байгууллагын техник, хэрэгсэл хариуцсан механик Ц.Одгэрэлийн данс руу 2 удаагийн үйлдлээр 1.400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Б.Л нь дээрх мөнгө шилжүүлсэн үйлдлээ тайлбарлахдаа “Лексус-470” маркийн тээврийн хэрэгслийг засварлуулахын тулд дээрх мөнгийг шилжүүлсэн талаараа хэлсэн бөгөөд дээрх мөнгөөр дарга тус машиныг засуулсан, мөнгөний зарцуулалтад оролцоогүй гэж тайлбарласан юм. *** улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин нь тус ангийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсаар байтал хохирлын мөнгийг байгууллагын дансанд төвлөрүүлэлгүйгээр хувь хүн шууд өөртөө захиран зарцуулж байгаа нь Нягтлан бүртгэх 14 дүгээр зүйлийн 14.4 /Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 / Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ/, 14.4.5 /бүх орлого/ дахь заалтыг зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа тул дээрх асуудлыг шалгуулахаар танай байгууллагад хандсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавт хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Төлөвлөгөөт шалгалт хийсэн тухай” илтгэх хуудаст энэ талаар тусгасан байгаа. Миний бие Б.У, Ц.Одгэрэл нараас дээрх асуудлыг тодруулахад Б.У нь би дансны хуулгаа чамд гаргаж өгч чадахгүй. Наад мөнгийг чинь “Лексус 470” маркийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан талаар надад хэлсэн. Ц.Одгэрэл нь тус мөнгөний зарцуулалтыг тайлбарлахдаа мөн тус машины засварт зарцуулсан талаараа хэлсэн. 405 дугаар хаалттай хорих ангид бүртгэлтэй “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг засварласан талаарх санхүүгийн баримт байгууллагын санхүүгийн баримтад тухайн үед байхгүй байсан. Уг асуудал болсны дараагаар дээрх баримтыг нөхөж гарган өгч байна гэж ойлгосон. Санхүүгийн тайланд ямар шалтгааны улмаас дээрх асуудлыг тусгаагүй талаар нягтлан бодогчоос асуухад тухайн үед тус тээврийн хэрэгсэл осолд орсныг мэдсэн, гэхдээ буруутай этгээдээс мөнгө төгрөг авсан эсэх асуудлыг мэдээгүй талаар хэлж ярьж байсан. Мэдээгүй учраас санхүүгийн тайланд тусгаагүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх9-10/,
- гэрч Г.Ггийн: “...Миний бие 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** улсын дугаартай Кiа 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Найрамдлаас Улаанбаатар хотын төв рүү орж явж байхдаа Буман Өлзий хорооллын урд замд хотын төвөөс Найрамдлын чиглэлд явж байсан Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би тухайн үед урсгал сөрсний улмаас дээрх осол гарсан юмаа. Дээрх үйлдэлд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авсан байгаа. Тус зам тээврийн ослын улмаас Шүүхийн шийдвэрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд 10.043.000 төгрөгийн хохирол учирсан ба би дээрх хохирлоос нийт 9.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Тус тээврийн хэрэгсэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Найрамдлын ойролцоо байдаг байгууллагын тээврийн хэрэгсэл байсан бөгөөд 9.5 сая төгрөгийг өгсний дараагаар тус байгууллагын жолооч Б.Л гэх залуу гомдол саналгүй гэж хэлсэн. Осол гарах үеэр Б.Л нь байгууллагын дарга гэх хүнтэй явж байсан. Хохирлын мөнгийг миний бие өөрийн ээж болох Бадарчийн Мөнхтуяагийн Хаан банкин дахь данс /картыг/ ашиглаж АТМ-дээрээс хийж байсан. Удаа дараагийн үйлдлээр нийт 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. 9.5 сая төгрөгийг 5 саяар, 3 саяар, 1 саяар, 500 мянган төгрөгөөр тус тус хийсэн санагдаж байна. Ээжийн данс нь ****тоот дугаартай данс байгаа байхаа. Би тус байгууллагын дарга гэх хүнтэй утсаар холбогдоод хохирлын мөнгийг хаашаа, ямар байдлаар хийх юм бэ, байгууллагын чинь данс руу хийх юм уу гэж асуусан. Тэгтэл тэрээр чи наад хохирлын мөнгөө манай байгууллагын жолооч Б.Лийн данс руу хий гэж хэлсэн. Түүний дагуу миний бие Б.Лоос дансны дугаарыг нь аваад түүний данс руу шилжүүлсэн. Осол болох үеэр Б.Лтой хамт явж байсан даргатай нь утсаар ярьсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Нэр нь Уугантай нэр байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх12-13/,
- гэрч Б.Лийн “....Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргын жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед тухайн үед ангийн даргаар ажиллаж байсан Б.Уын хамтаар Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 405 дугаар хаалттай хорих ангийн байр луу албаны *** улсын дугаартай “Ланд крузер” 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Орбитын эцсээс өгсөөд “Буман Өлзий” хотхоны урд замд зам тээврийн осолд орсон асуудал байгаа. ...Тухайн үед дээрх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгасан. Замын дүгнэлтээр Киа К-5 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж дүгнэсэн юм. Уг ослын улмаас албаны тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан. Осол болсны дараа журмын хашаанд тээврийн хэрэгслээ байршуулсны дараагаар “Хас үнэлгээ” ХХК-аар автомашин техникийн үнэлгээг ...10.043.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үнэлгээ хийлгэхэд миний бие болон тухайн осол гаргасан буруутай жолооч бид хоёр хамт байсан. Тухайн осол гаргасан жолоочийн нэр болон холбогдох мэдээллийг санахгүй байна. Осол болсноос хойш 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд уг осол аваарыг гаргасан буруутай этгээд хохирлын мөнгө болох 9.500.000 төгрөгийг надад өгсөн байгаа. Осол гаргасан жолооч над руу утасдаад би хохирлоо төлж барагдуулах гэсэн юмаа чи дансны дугаараа өгөөч гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би ангийн дарга Б.У луу залгаад нөгөө осол гаргасан жолооч хохирлын мөнгөө төлж барагдуулъя гэнэ ямар данс руу мөнгийг нь хийлгэх вэ гэж асуутал. Тэрээр чи наад мөнгөө өөрийнхөө дансаар аваад над руу шилжүүлчих гэж хэлсэн. Түүнээс өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр нь миний бие осол гаргасан этгээдэд өөрийнхөө дансыг өгч хохирлын мөнгийг авсан. Эхэлж орж ирсэн 8 сая төгрөгөөс Б.Уын Хаан банкны данс руу 7.800.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд орж ирсэн 1.5 сая төгрөгөөс 1.400.000 төгрөгийг ангийн автын механикч Ц ***данс руу шилжүүлсэн. Би Б.У даргаас хохирлын үлдэгдэл 1.5 сая төгрөг орж ирлээ энэ мөнгийг яах вэ гэж асуутал тэрээр наад мөнгөө Ц.***данс руу хий гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.***утсаар холбогдож дансыг нь аваад тус мөнгийг шилжүүлж байсан. Дээрх мөнгөөр яах гэж байгаа, ямар учиртай мөнгө болохыг нь надад хэлээгүй. Ц.***нь энэ мөнгө юун мөнгө юм бэ гэж асуухаар нь энэ мөнгө бол ослын улмаас учирсан хохирлын мөнгө байгаа юм дарга тань руу 1.400.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн гэж хэлээд тус мөнгийг өгч байсан. Дээрх мөнгийг хэрхэн ямар байдлаар зарцуулсныг мэдэхгүй байна.
Миний бие урьд өмнө гэрчээр мэдүүлэхдээ айж сандарсандаа дээрх асуудлын талаар андуураад мэдүүлэг өгсөн байсан. Манай байгууллагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шалгалт ирсний дараагаар миний бие даргатай холбогдоод 2021 оны 5 дугаар сард осолд орсон машины талаар асууж байна хохирлын мөнгийг хэрхэн ямар байдлаар зарцуулсан талаар асууж байна яах вэ гэж хэлсэн. Тухайн үед Б.У дарга надад хэлэхдээ хохирлын мөнгийг бүгдийг нь Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг засуулахад зарцуулсан байгаа. Санхүүгийн баримт нь механикч Ц.***байгаа гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу миний бие Ц.***утсаар холбогдтол дарга над руу хэлсэн. Чи Ц.Нтай утсаар холбогдоод засвар хийлгэж байсан баримт бичүүлээд авчих гэж хэлсэн. Түүний дагуу би Ц.Нтай очиж уулзахад сая над руу ***ярьсан би баримт бичээд өгье гэж хэлээд надад тамга, тэмдэггүй ойролцоогоор 7 сая гаруй төгрөгийн зарлагын баримт бичиж өгсөн. Миний ойлгосноор хэдэн төгрөгийн ямар баримт бичүүлэхийг Ц.***, Ц.Нтай хоорондоо ярилцсан байсан гэж ойлгосон. Ц.Наас авсан санхүүгийн баримт, надад байсан /Авто ландаар засвар хийлгэсэн, будаг хийлгэсэн/ баримтын хамт шалгалт хийж байсан албан хаагчид хүргэж өгтөл энэ цагаан зарлагын баримт чинь ямар учиртай юм бэ, тамга тэмдэггүй санхүүгийн баримт авахгүй энэ чинь хүчин төгөлдөр биш гэсэн зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь миний бие энэ талаар байгууллагын дарга Б.У болон Ц.***нарт хэлсэн. Түүний дагуу Ц.***чи наад санхүүгийн баримтууд дээрээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд Вьетнам засвар ажиллуулдаг Б.***дээр очиж санхүүгийн тэмдэг даруулах юм байна шүү дарга болон би ярьчихсан байгаа гэж хэлсэн. Би Б.***утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд очтол тэрээр намайг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо руу очоод наад тэмдэг даруулчих би хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Б.***нь хүн гуйж дээрх тэмдгийг даруулсан байхаа. Б.***нь надад Ц.Одгэрэл болон дарга чинь хэлсэн гэж байсан. Дээрх зарлагын баримтууд дээр тэмдэг даруулсны дараа шалгалтын бүрэлдэхүүнд тус баримтыг дахин гаргаж өгсөн юм. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд Вьетнам засвар ажиллуулдаг Б.***нь манай байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Утай найз нөхдийн холбоо хамааралтай хүмүүс байгаа юм. Б.***нь манай байгууллага дээр ирж хааяа буудлага хийдэг юм. Б.***дээр машин засуулах гээд очих үеэрээ ярилцахад танай байгууллагын дарга бид хоёр найзууд гэсэн зүйлийг хэлж байсан. Б.***, Ц.***нар хоорондоо ямар холбоо хамааралтайг сайн мэдэхгүй байна. Б.У даргаар дамжуулж Ц.***, Б.***нар танилцсан байхаа. Миний Хаан банкин дахь дугаар данс руу осол гаргасан буруутай этгээд Г гэх залуу нийт 4 удаагийн үйлдлээр 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 9.500.000 шилжүүлсэн байдаг. Үүнээс миний бие 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дарга руу 7.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Осол гаргагч Г болон миний бие дарга Б.Уаас хохирлын мөнгийг хаашаа хийх вэ гэж асуутал тэрээр чи наад мөнгөө өөрийнхөө дансаар авчих гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу миний бие дээрх мөнгийг өөрийнхөө дансаар авсан юм. Мөнгө орж ирсний дараа тус мөнгийг яах талаар даргаас асуутал тэрээр наад мөнгөө над руу шилжүүлчих гэж хэлсэн. Би ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өмнө нь худалдаж авч байсан сэлбэгийн 200.000 төгрөгийг аваад /өрийг нь өгөхөөр/ үлдэгдэл 7.800.000 төгрөгийг дарга руу хийсэн. Сүүлд орж ирсэн буюу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг Ц.***рүү шилжүүлсэн. Би сүүлд орж ирсэн 1.000.000 төгрөгийг яах вэ гэж Б.У даргаас асуутал наад мөнгөө Ц.***рүү шилжүүлчих гэж хэлсэн байгаа. Харин 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ггээс шилжүүлсэн 500.000 төгрөгийг машин будуулахад шаардлагатай будаг авахад зарцуулсан. Үлдэгдэл мөнгийг нь даргаас 900.000 төгрөг нэмж аваад Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд Авто ландад засвар хийлгэхэд өгсөн байгаа. Төлбөр нь 1.125.000 төгрөг болсон. 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ц.***нь миний данс руу 1.250.000 хийсэн. Тус мөнгөнөөс миний бие 1.040.000 төгрөгийг бэлнээр гаргаж Ц.***өгсөн байгаа. Ц.****нь тус мөнгийг Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг зарцуулахад зарцуулсан байхаа. Би 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр миний бие Ц.***данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө бол дээрх ослын төлбөртэй холбоотой мөнгө биш байгаа юмаа. Би Ц.***урьд өмнө 400.000 төгрөгийг зээлж байсан тэр мөнгөө эргүүлэн өгсөн гүйлгээ байгаа юм. Би дээрх 400.000 төгрөгийг цалингаасаа өгсөн. Би тухайн үед Б.У даргын жолоочоор ажилладаг байсан. Тэр үед дарга гэртээ болон өөрт хэрэгтэй байгаа ахуйн хэрэглээний зүйлийг надад мөнгө өгч захидаг байсан юм. Энэ мөнгө бол дээрх хохирлын мөнгө төгрөгтэй холбоотой мөнгө биш байхаа. Дээрх хохирлын мөнгөнөөс Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэхэд Б.У дарга надад 900.000 дээр мэдүүлсэн 900.000 төгрөгийг шилжүүлж байсан өөр мөнгө өгч байгаагүй. Мөн Б.У нь надад нэг ч удаа ямар нэг байдлаар бэлэн мөнгө өгч байгаагүй ээ...” гэсэн мэдүүлэг, /1хх18-20/,
- гэрч Б.Бн “...2021 оны 5 дугаар сарын 10-н өдөр байх он, сарыг нь сайн мэдэхгүй байна Б.У дарга над руу холбогдоод миний бие харуул, хамгаалалтын ажилтан Б.Лийн хамтаар ажил руу явж байгаад зам, тээврийн осолд орчихлоо гэж хэлээд над руу осолд орсон машины зургийг явуулж байсан. Маргааш нь миний бие уг асуудлын талаар Б.У даргаас тодруулж асуухад уг зам тээврийн осол нь манай жолоочийн буруутай үйлдлээс биш харин эсрэг урсгалаас орж ирсэн жолоочийн буруутай үйлдэл болсон гэж надад хэлсэн. Уг осол аваартай холбоотойгоор буруутай этгээдээс нийт хэдэн төгрөгийг авч юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Миний бие тухайн үед буюу осол болсноос хойш хэд хоногийн дараа Б.У даргаас ослын мөнгө төгрөгийг буруутай этгээдээс гаргуулсан юм уу гэж асуутал ослын мөнгө нь орж ирээгүй байгаа гэж надад хэлж байсан. Тухайн үед миний бие дээрх осол аваартай холбоотойгоор буруутай этгээдээс мөнгө гаргуулах тохиолдолд байгууллагын дансанд байршуулах ёстой гэдгийг нь Б.У даргад хэлсэн. Мөн тус тээврийн хэрэгсэл нь үлдэх өртөгтэй буюу ашиглалт нь дуусаагүй учраас актлах боломжгүй заавал төрийн өмчийн хорооноос албан бичиг, тогтоолыг үндэслэж актлах ёстой байдаг талаар хэлж байсан. Түүнээс хойш Б.У нь надад буруутай этгээдээс хэдэн төгрөгийг авсан түүнийгээ юунд зарцуулсан талаар хэлээгүй, би ч гэсэн асуугаагүй. 2022 он гараад манай байгууллагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хяналт, шалгалт хийгдсэн юмаа. Уг хяналт шалгалт ирэх үед *** улсын дугаартай “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэл нь манай хашаанд байхгүй байсан учир тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн. Тухайн үед тус тээврийн хэрэгсэл нь харуул, хамгаалалтын ажилтан Б.Лийн хашаанд байсан юм. *** улсын дугаартай “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой шалгалт хийгдэж байх явцад Б.У даргатай утсаар холбогдож нөгөө осолд орсон машины төлбөр яасан юм болоо шалгалтын хүмүүс асууж байна гэж асуухад тэрээр буруутай этгээдээс 9.5 сая төгрөгийг гаргуулан авч Говь-Алтай аймгаас авч ирсэн “Лексус-470” маркийн тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулсан байгаа гэж надад тайлбарласан. Дээрх осол болсны дараагаар 2021 оны 6 дугаар сараас Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ашиглагдаж байсан “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллага авч үйл ажиллагаандаа ашиглах болсон юм. Уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн юм байна гэж ойлгосон. Б.У дарга надад хэлэхдээ би Ерөнхий газарт танилцуулсан байгаа гэж надад хэлж байсан. Буруутай этгээдээс гаргуулан авсан төлбөр мөнгөөр тус тээврийн хэрэгслийг засаж байгаа талаар надад тухайн үедээ хэлж байгаагүй. Ямар нэг санхүүгийн баримт өгч байгаагүй..." гэсэн мэдүүлэг /1хх22-24/,
- гэрч Ц.Нын “....Энэ оны эхээр байх он, сарыг нь нарийвчлан санахгүй байна Ц.****над руу залгаад чи надад баримт бичээд өгөх боломж байна уу, баримт хэрэгтэй болчихлоо. Би чам руу хүн явуулчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би баримт бичээд өгье гэж хэлсэн. Түүний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргын жолооч Лхагваа гэх залуу над дээр хүрч ирээд надаар зарлагын баримт бичүүлж аваад явсан юм. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн гэх Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд ойролцоогоор 2 сая гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн санагдаж байна. Ц.***гуйлтаар нийт 7.149.000 төгрөгийн баримт бичиж өгсөн. Уг нь бол 2 сая гаруй төгрөгийн баримт бичиж өгөх байсан юм. Дээрх тээврийн хэрэгсэлд засварыг 2021 оны зун хийсэн харин баримтыг 2022 онд бичиж өгсөн байгаа. Би баримт бичихдээ зарлагын баримт гэх тамгагүй цаасан дээр бичиж өгсөн. Тухайн үед Ц.***миний бие зарлагын баримт дээр дарах тамга байхгүй шүү гэж хэлтэл бид нар өөрсдөө даруулчихна гэж хэлж байсан. Ц.***төлбөрийг нь миний данс руу хийж байсан санагдаж байна. Ц.***өөрийнхөө данснаас хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Ц.***нь төлбөр төлөхдөө надтай хамт засвар хийдэг Дамдинсүрэнгийн Сын данс руу тодорхой хэмжээний мөнгийг хийсэн байх гэж бодож байна. Ц.***нь үнэн мэдүүлсэн байна. Ц.***кондейшны мотор, усны дачик солиулаагүй нь үнэн. Ойролцоогоор 2 сая гаруй төгрөгийн сэлбэг, хэрэгсэл солиулсан юмаа. Ц.Одгэрэлийн өөрийнх нь гуйлтаар нь 7.149.000 төгрөгийн баримтыг бичиж өгсөн шүү дээ. Бэлнээр мөнгө авч байсан байхаа яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Дээрх 470 маркийн тээврийн хэрэгслийг засварласан төлбөрөөс ойролцоогоор 700 гаруй мянган төгрөгийн төлбөрийг аваагүй байгаа. Жижиг сэлбэгүүд буюу тиаг, шарнер, чагтан гол, наклад зэрэг сэлбэг хэрэгслийн төлбөрийг аваагүй байгаа гэж бодож байна. Ц.***нь дээрх төлбөрийг өөрөө өгнө гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх33/,
- гэрч Д.Сын “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн дарга Б.У гэх хүнийг танихгүй. Харин тус ангид механикчаар ажилладаг гэх Ц.***, жолооч Л гэх залуучуудыг танина. Хувийн холбоо хамаарал байхгүй. Надтай хамт нэг грашд тээврийн хэрэгсэл засварлах чиглэлээр хамт ажилладаг Ц.Н гэх залуугаар дамжуулж 2021 онд таньдаг болсон. 2021 оны зун байх он, сарыг нь сайн санахгүй байна Ц.Н нь Лексус 470 маркийн задаргааны үрүүлийн VGRS, VGRS-ийн компьютерыг надаас авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн гэх Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд суурилуулж байсан нь үнэн. Би дээрх үрүүлийн VGRS, түүний компьютерыг ойролцоогоор 2 сая төгрөгөөр бодож Ц.Нт өгч байсан. Ц.Н дээрх сэлбэгийг дээрх тээврийн хэрэгсэлд суурилуулсныхаа дараа надад 1 сая төгрөгийг бэлнээр өгч байсан. Миний ойлгосноор Ц.Н нь дээрх сэлбэг, хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн гэх Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд 2 сая төгрөгөөр суурилуулж өгсөн юм билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид ажилладаг Ц.Одгэрэл гэх залуу Ц.Нтай уулзаад тээврийн хэрэгслээ засуулсан гэж ойлгосон. Ц.***нь надаас дээрх сэлбэг, хэрэгслийг аваагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын механикч Ц.Одгэрэл гэх залуу 2021 оны зун байх он, сарыг нь нарийвчлан санахгүй байна Ц.Наар дамжуулж Шүүхийн шийдвэрийн гэх Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн хянахыг засуулсан, мөн надаас тус тээврийн хэрэгслийн гэх 5 булыг аваад тээврийн хэрэгсэлдээ суурилуулсан байгаа. Гэхдээ дээрх хянах, таван булын мөнгийг надад одоог хүртэл өгөөгүй байгаа. Ц.***нь Ц.Нтай найз, нөхдийн холбоотой хүмүүс юм шиг байсан. Ц.***тухайн үед хэлэхдээ надад би энэ хянах, таван бул засуулсны мөнгийг даргад хэлээд танд авч өгнө гэж хэлж байсан. Би Ц.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид зарлагын баримт /падан/ бичиж өгсөн асуудлыг мэдэхгүй байна. Ц.Н нь энэ талаар надад ямар нэг зүйл хэлж яриагүй. Би энэ талаар огт мэдэхгүй. Би одоогоос 3 жилийн өмнө байх он сарыг нь сайн санахгүй байна. Унасан Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг задалж байсан юм. Тэр тээврийн хэрэгслээс авсан байсан VGRS, VGRS компьютерыг Нт өгсөн. Би Ц.***ойролцоогоор 1 сая гаруй төгрөгийг авах ёстой байгаа. Энэ мөнгийг хамгийн сүүлд Ц.***2022 оны 4 дүгээр сард нэхэхэд тэрээр надад энэ мөнгийг дарга өгөх ёстой юм, удахгүй өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг солиогүй, засварласан байгаа. Б.Л. Ц.***хоёрыг Ц.Н дамжуулж таньдаг болсон талаараа дээр мэдүүлсэн. Б.Л, Ц.Одгэрэл хоёр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн тээврийн хэрэгсэл гэх 470 маркийн тээврийн хэрэгслийг засварлуулахад Ц.Ныг рулын VGRS, VGRS компьютерыг солиход хамт ирсэн байсан санагдаж байна. Би Ц.***Ц.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн тээврийн хэрэгсэл гэх 470 маркийн тээврийн хэрэгслийг засварлуулахад нийт хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Ойролцоогоор 2 сая төгрөг өгснийг Ц.Н бид хоёр хувааж авсан гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /1хх 35-36/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай 497 дугаартай тогтоолын дагуу Хаан банкнаас 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 29/4055 дугаартай албан бичгээр ***Л /***/, ***У /***/, Цэцэгмаагийн Од***гэрэл /***/ ... нарын данснуудын хуулгыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх байдлаар гаргаж ирүүлсэн байна. ...2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осолтой холбоотойгоор зөрчил гаргагч Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 9.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн жолооч Б.Лийн Хаан банкин дахь дугаар данс руу шилжүүлсэн байна. Б.Л нь дээрх 9.500.000 төгрөгөөс тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан Б.Уын Хаан банкин дахь данс руу 1 удаагийн гүйлгээгээр 7.800.000 төгрөгийг, механикч Ц.***Хаан банкин дахь данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1.400.000 тус тус шилжүүлжээ. Б.У нь дээрх 7.800.000 төгрөгөөс Ц.Одгэрэлийн Хаан банкин дахь дугаар данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 1.994.000 төгрөгийг, Б.Лийн Хаан банкин дахь данс руу 1 удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөгийг, засварчин Ц.Нын Хаан банкин дахь дахь данс руу 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Ц.Одгэрэл нь Б.Лийн Хаан банкин дахь данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1.250.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх дансны хуулганд хийсэн үзлэгээр Б.У нь Б.Лоос шилжүүлсэн 7.800.000 төгрөгөөс нийт 3.894.000 төгрөгийг Ц.Одгэрэл, Б.Л, Ц.Н нарын данс руу шилжүүлж 3.906.000 төгрөгийг бусад байдлаар зарцуулсан болох нь тогтоогдож байна...” гэсэн тэмдэглэл /1хх189-193/,
-Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б.Уын Хас банкин дахь дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Хас банкнаас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5в/3323 дугаартай албан бичгээр ***У /***/, **** /***/ ...нарын данснуудын хуулгыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх байдлаар гаргаж ирүүлсэн байна. ...Дээрх дансны хуулганд хийсэн үзлэгээр Б.У нь 1.070.000 төгрөгийг Ц.***данс руу шилжүүлж 2.836.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан болох нь тогтоогдож байна...” гэжээ. /2хх206-207/, “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /1хх 114-115/, Б.Лийн Хаан банк дахь ***дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх127-136/ зэрэг дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Шүүгдэгч Б.У нь мөн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан /2хх241/ буюу төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинжийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байхаар хуульчилсан. Мөн хуульд "урвуулан ашиглах" гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан байдаг.
Прокуророос шүүгдэгч Б.Уыг байгууллагын удирдлагын хувьд хүлээсэн үүрэг болох Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1, 18.2, 14.4.5-д заасан нягтлан бодох бүртгэлийг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, бүх орлогыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэх гэсэн заалтыг зөрчсөн, мөн албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улмаар шүүгдэгчийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн буюу нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.
4. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 2.836.000 төгрөгийг төлөхөөр нь Авлигатай тэмцэх газрын Төрийн сан 100900033401 тоот дансанд 2.936.000 төгрөгийг байршуулсан /2хх205/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгчээс хохиролд 100.000 төгрөг илүү шилжүүлсэн байх тул тухайн илүү төлсөн хэсгийг түүнд буцаан олгох нь зөв байна.
5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.
8. Шүүгдэгч Б.У нь улсад учирсан хохирлыг төлсөн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.У нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
12. Шүүгдэгчид Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаар захирамжаар /2хх181/ Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас хохирол барагдуулахаар Авлигатай тэмцэх газрын Төрийн сан 100900033401 тоот дансанд байршуулсан 2.836.000 /хоёр сая, найман зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Уаас Авлигатай тэмцэх газрын Төрийн сан 100900033401 тоот дансанд илүү байршуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг түүнд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Ут 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 277 шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР