Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

2022         12           16                                      2022/ШЦТ/240

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

Насанд хүрээгүй хохирогч Г.Цын  хууль ёсны төлөөлөгч Б. М,  

шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2219000170298 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... оршин суудаг, ам бүл 6, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч,

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,

 Б.Э ....,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хүүхдийн ордны урд талд хохирогч О.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн шанаа, эүүн чихний ар хэсэг хүзүүний зүүн хэсгийг хамарсан, баруун алганы ар хэсэг, баруун алга, зүүн шуу алганы ар хэсэг, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Х гэх хүнийг зодсон талаар мэдүүлэг өгье. Бид нар орой 21, 22 цагийн үед сааднаас гараад Хүүхдийн ордны урд талын саравчинд очиж суусан. Бид нар тавуулаа байсан, 12 гэх нэртэй дэлгүүрээс 2 пиво аваад уугаад сууж байсан. Тэгсэн цаанаас баар хаасан бололтой 2, 3 хүн орилолдоод байсан. Бид нар юу гэнээ гэхэд 3 хүн хүрээд ирсэн. Би Х буюу Авирааг зүс танина. Авираа юу гээд байгаа бацаан нар вэ гээд хогны саванд барьж байсан пивоныхоо шилийг хагалж бид нар руу дайрсан. Бид нар зам руу гарсан. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй байна. Уруулаас нь цус гарсан байсан. Одоо гоё мөнгөтэй болно, цагдаа руу залга гэж хэлээд таксинд суугаад явсан. Би Хг цохиогүй.

Ц бид хоёр харьцахгүй байж байгаад Ц над руу залгасан. Бид хоёр 09 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байнга холбоотой байсан. Над руу 21, 22 цагийн үед залгаад чи гэр бүлийн талбай дээр ямар охинтой дугуй унаж байсан бэ гэж надаас асуусан. Би тэгээгүй гэж хэлэхэд өөдөөс уурлаад хоёулаа одоо больё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би буцаагаад залгахад утсаа аваагүй. Би найзуудтайгаа хамт ууж сууж байгаад шөнийн дэлгүүрээс идэх дуртай амттаныг нь аваад гэрийнх нь гадаа очсон. Гэтэл гэрийнхээ хажуу талын байшингийн гадаа өөр залуутай уулзаад сууж байсан. Цыг зодсон үйлдэлд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,  

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Цын хууль ёсны төлөөлөгч Б. М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э манай дүүтэй 2020 оноос эхэлж үерхэж эхэлсэн. Үерхэж байх хугацаанд нь би Эыг их ажигласан. Энд тэнд зодоон хийдэг болохоос биш, уг хүүхэд нь сайн хүүхэд. Манай дүү энэ асуудал дээр Эыг бүрэн уучилсан гэж хэлсэн. Манай талаас ямар нэгэн гомдол байхгүй. Хорих ялыг хөнгөн төрлийн ялаар сольж өгнө үү гэж гуймаар байна гэв.

 

             Хохирогч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Викторя баарнаас найз Мөнх-Оргил, М.Мөнхбаатар нарын хамт гараад явж байгаад тус багт байрлах Хүүхдийн ордны урд алхаж байхад хойноос хөөе гэхээр нь хэн бэ? яах гэж байгаа юм гэхэд наашаа хүрээд ир гэж байна гэхээр нь очиход 7-8 залуу байсан ба миний зүс таних Бат-Отгон бид 3-г хаанахынх вэ гэж асуухад бид нар Сайншанд сумынхаа гэхэд жижиг биетэй, хар цамцтай, цагаан пүүзтэй, цэнхэр өнгийн женс нь өмдтэй залуу манай найз Мөнх- Оргилыг чи ямар хэгжүүн гөлөг вэ гээд өөдөөс нь алхахад манай найз Мөнх-Оргил хойшоо ухраад яваад байхаар нь би боль гээд салгахад нөгөө залуу бас надтай муудах гээд байхаар нь та нар болио бид нар согтуу байна гэхэд нөгөө хар цамцтай залуу нь энэ гурвыг энд нь янзалчхаад явъя гэхээр нь би тэр хар цамцтай залууд хандан чи яасан хүн янзалдаг юм эхлээд намайг намайг янзалчих гэхэд нөгөө хар цамцтай залуу чамайг хэн гэдэг юм гэхээр нь би /гэрийнхэн Авираа гэж дууддаг болохоор / Авираа байна гэж хэлсэн. Тэгэхэд өмнө чамайг зодож чадаагүй одоо зодно гээд над руу нөгөө хар цамцтай залуу тоосго шидэхээр нь би тонгойход миний дээгүүр шидсэн тоосго нь гараад газарт унасан ба буцаад босоход нөгөө хар цамцтай залуу дахиад тоосго шидээд миний уруулын дээд талд оноод цус гарсан юм, ...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хар цамцтай гэх залуу нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Э гэх залуу байдаг үеийн залуус нь Эба гэж дууддаг. Эба анх намайг баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон би тэгээд өөдөөс нь нааш ир гээд очсон чинь арагшаа ухарч байгаад газраас тоосго аваад миний нүүр рүү шидсэн тэгэхэд нь би доошоо тонгойгоод оногдоогүй, дараа нь дахиж тоосго аваад над руу шидсэн чинь миний нүүрний уруул хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 224 дүгээр тал)

 

             Насанд хүрээгүй гэрч О.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хүүхдийн ордны урдуур явж байсан чинь манай найз Э /эба/ өөрөөсөө гадна 3 залуутай /би танихгүй/ 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2-г уугаад сууж байсан би тэр хэд дээр очоод байж байтал удалгүй Авираа буюу Х ах 2 залуутай хаанаас ч юм хашгираад гараад ирсэн. Бид хэд сууж байсан чинь Авираа ах ууж байсан шилтэй пивоо хогийн саван дээр хагалаад бид нар руу алнаа гээд дайрахаар нь би саравчнаас гарч очоод Авираа ах та чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь чи холдож бай Оогий гээд хагархай шилээ бариад саравч руу орсон чинь Эба болон нөгөө 3 хүүхэд саравчнаас гарч зугтаасан. Тэгсэн чинь Авираа ахтай хамт явж байсан 2 залуугийн 1 нь /би огт харж байгаагүй/ над руу ууж байсан пивоныхоо шилээр баруун гараараа миний толгой руу цохисон би тэр үед бултаж амжсан цохиулаагүй байж байтал Даамбоо гэх хочтой бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна ах ирээд найзыгаа надаас холдуулаад тэвэрч авсан чинь Авираа ахын ам нь цус болсон байдалтай ирснээ нөгөө 2 дээрээ мөнгөтэй болчихлоо гэж хэлээд ганцаараа цагаан өнгийн приус-20 маркийн машинд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 229-230 дугаар тал),

 

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0265 дугаартай “О.Хгийн биед уруулын шарх, хамар, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 234 дүгээр тал),

 

             Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2 дугаар хх-ийн 41 дүгээр тал/

 

             Насанд хүрээгүй хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны шилжих шөнө 03 цагийн үед Отгон-Эрдэнэ гэх аавын хамгийн бага төрсөн дүүтэй хамт гэрээсээ гараад хотоос юм захиулсан хүнээсээ авах гээд Төгөлдөр гэдэг хүнтэй уулзсан тэгээд зогсож байсан Отгон-Эрдэнэ ах гэр лүү орсон чинь Э цагаан өнгийн марк 2 маркийн машинтай ирж зогсоод бууж ирсэн цуг 3-4 эрэгтэй хүүхэд бас нэг охин цуг явж байсан тэгээд Э нь шууд миний зүүн талын хацар луу гараараа алгадсан тухайн үед согтуу байсан бөгөөд машинаа өөрөө барьчихсан байсан хамт явсан хүмүүс нь бас согтуу байсан. ...машинд суу гэхээр нь би үгүй гэсэн чинь хүчээр суулгасан Төгөлдөр гэх залууг бас хүчээр машинд суулгасан. Тэгээд манай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш гэр хорооллоос цаашаа эзгүй тал газар луу очоод намайг буулгаад Э нь миний үснээс чирээд толгой руу мөргөөд, миний нүүр лүү гараараа цохих гэхээр нь би гараараа хаасан, намайг унагаагаад миний нуруу руу өшиглөсөн. Тэгээд Отгон-Эрдэнэ ах над руу чатаар залгасан чинь Э нь намайг Отгон-Эрдэнэ ахад одоо очлоо гэж хэл гэж хэлүүлсэн. Би болиоч гэж зөндөө гуйсан чинь одоо чамайг алнаа л гээд зодоод байсан. Ахиад Отгон-Эрдэнэ ах над руу чатаар залгасан тэгсэн чинь Э нь намайг гэрийн ойролцоо буулгаад цаашаа яваад өгсөн би тэгээд гэр лүүгээ орсон...Би Этай 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 06 сарыг хүртэл үерхэж байсан. Тэгээд намайг байнга дарамталдаг байсан. Намайг дарамталж гэрээс шөнө гаргаж уулздаг байсан...Одоо бол миний биеийн байдал зүгээр болсон....Надад Б.Эт гомдол санал байхгүй. Би болсон зүйлийг уучилсан бүх хар бараан зүйлийг мартсан.” гэсэн мэдүүлэг, ( 2  дугаар хавтаст хэргийн 23, 64 дүгээр тал),

 

             Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0418 дугаартай дүгнэлтэд “...Г.Цын биед зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн шанаа, зүүн чихний ар хэсэг хүзүүний зүүн хэсгийг хамарсан, баруун алганы ар хэсэг, баруун алга, зүүн шуу алганы ар хэсэг, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт ( 2  дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

             Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн    39 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Эт аймгийн  прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогч О.Хг зодоогүй гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Энэ гэмт хэргийн талаар хохирогч О.Хгийн 2022 оны 5 сарын 13-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хар цамцтай залуу нь энэ гурвыг энд нь янзалчхаад явъя гэхээр нь би тэр хар цамцтай залууд хандан чи яасан хүн янзалдаг юм эхлээд намайг намайг янзалчих гэхэд нөгөө хар цамцтай залуу чамайг хэн гэдэг юм гэхээр нь би /гэрийхэн Авираа гэж дууддаг болохоор / Авираа байна гэж хэлсэн. Тэгэхэд өмнө чамайг зодож чадаагүй одоо зодно гээд над руу нөгөө хар цамцтай залуу тоосго шидэхээр нь би тонгойход миний дээгүүр шидсэн тоосго нь гараад газарт унасан ба буцаад босоход нөгөө хар цамцтай залуу дахиад тоосго шидээд миний уруулын дээд талд оноод цус гарсан...”,

 2022 оны 8 сарын 31-ний өдөр өгсөн “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хар цамцтай  гэх залуу нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Э гэх залуу байдаг үеийн залуус нь Эба гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Авираа ахын ам нь цус болсон байдалтай ирснээ нөгөө 2 дээрээ мөнгөтэй болчихлоо гэж хэлээд ганцаараа цагаан өнгийн приус-20 маркийн машинд суугаад яваад өгсөн...”гэсэн мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргийг  үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хохирогч О.Хгийн биед “уруулын шарх, хамар, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг, хохирогч Г.Цын биед “зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн шанаа, зүүн чихний ар хэсэг хүзүүний зүүн хэсгийг хамарсан, баруун алганы ар хэсэг, баруун алга, зүүн шуу алганы ар хэсэг, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0265,  09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0418 дугаартай дүгнэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Г.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хүүхдийн ордны урд талд хохирогч О.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Цыг өөр залуутай уулзлаа гэж түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 хүний биед учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Г.Цын хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй” талаараа мэдүүлсэн ба хохирогч О.Х “гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй” талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Эт 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна. Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан тул Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Ингэхдээ тухайн гэмт хэрэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү. Мөн тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирогч нарын гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичгээр хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 2 сарын хугацаагаар орчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах 1 хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор сольж, нийт 1 жил 2 сарын хорих ялын саналыг гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөл байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шинээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгож оногдуулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг  гаргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  зааснаар тэнссэн хугацаанд насанд хүрээгүй хохирогч Г.Цтай харьцахгүй байх хязгаарлалт тогтоосон хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгож 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 86 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2, 3 дахь заалтыг  хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт  Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сар хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын эдлэх 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН