Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 105

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00105

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Хошууд овогт Б-ы Н /.../-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н миний бие нь 1969 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт Балганы 6 дахь охин болж төрсөн. 1969-1989 оныг дуустал эцэг, эхийн гар дээр мал маллаж байгаад 1990 оны 01 сард Ховд аймгийн Дөргөн сумын Сэргэлэнгийн Баясгалантай гэр бүл болж тус сумын Агваш багт малчнаар ажиллаж байгаад 1997 оны 12 сард Ховд аймгийн Мянгад сум руу шилжиж ирэд одоог хүртэл амьдарч байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас Ховд аймгийн Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд Б.Н намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан багт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1985-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч А.Цагаачийн ....Би 1976-1986 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд няраваар, 1986-1990 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад бригадын тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан....Б.Н нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл тартал буюу 1991, 1992 онууд хүртэл малчнаар ажиллаж байсан...Аавынх нь нэрийг Б.Балган гэдэг. Ээжийнх нь нэрийг Лхагва гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттөмөрийн....Би 1971 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад илгээлтээр очиж малчин болж байсан. 1974-1977 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажилласан....Б.Н нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадын малчин Балганы охин байгаа юм. Сургуульд сураагүй. Б.Н нь багаасаа л эцэг эхийн хамт мал маллаж байсан....Б.Н нь 1985-1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....Аавынх нь нэрийг Ембүүгийн Балган, ээжийнх нь нэрийг Лхагва гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттөмөрийн 1985 онд ажиллаж байсан байдлыг нотолсон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-22, 37-38, 39, 40-41дүгээр тал/

Нэхэмжлэгч нь 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн буюу 16 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, гэрч А.Цагаачийн ....Б.Н нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхлээд тус нэгдэл тартал буюу 1991, 1992 онууд хүртэл малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Нгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хошууд овогт Балганы Нгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ