Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 72

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга  О.Мөнхдэлгэрэх,

     улсын яллагч Д.Ганчимэг,

     шүүгдэгч Ю.Амартүвшин, Ю.Ганхуяг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Юндэнгийн Амартүвшин, Боржигон овогт Юндэнгийн Ганхуяг нарт холбогдох эрүүгийн 201608000165 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Юндэнгийн Амартүвшин /РД:ЙГ86051113/, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Зараагийн энгэр гэх газар оршин суух, хувийн мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Юндэнгийн Ганхуяг /РД:ЙГ89041813/, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг, Шилийн гол гэх газар оршин суух, хувь хүний малыг хөлсөөр малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Ю.Амартүвшин нь шунахайн сэдэлтээр Ю.Ганхуягтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Ихэр улаан гэх газар оршин суух иргэн Х.Чинбаатарын 9 тооны адууг, мөн иргэн Ю.Алтанхуягийн 1 тооны адуу, нийт 10 тооны буюу олон тооны мал хулгайлсны улмаас бусдад 5 480 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан,

 

Шүүгдэгч Ю.Ганхуяг нь шунахайн сэдэлтээр Ю.Амартүвшинтэй бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Ихэр улаан гэх газар оршин суух иргэн Х.Чинбаатарын 9 тооны адууг, мөн иргэн Ю.Алтанхуягийн 1 тооны адуу, нийт 10 тооны буюу олон тооны мал хулгайлсны улмаас бусдад 5 480 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ю.Амартүвшин нь Ю.Ганхуягтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Ихэр улаан гэх газраас Х.Чинбаатарын 9 тооны адуу, Ю.Алтанхуягийн 1 тооны адуу, нийт 10 тооны буюу олон тооны мал хулгайлсны улмаас бусдад 5 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ю.Ганхуяг нь Ю.Амартүвшинтэй бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Ихэр улаан гэх газраас Х.Чинбаатарын 9 тооны адуу, Ю.Алтанхуягийн 1 тооны адуу, нийт 10 тооны буюу олон тооны мал хулгайлсны улмаас бусдад 5 480 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ю.Амартүвшин мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой манай төрсөн эгчийн хүүхэд Ганхуягийг гэрээс нь өөрийн эзэмшлийн мотоцикльтой очиж аваад  Чойроор дайраад Чойрын баруун урд 30 орчим километрт бэлчиж байсан 10 тооны адууг туугаад буцаад Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газарт гэртээ хашаандаа хашиж байгаад маргааш нь Бат-Эрдэнэд өгсөн. Тэгээд цагдаад баригдсан. Би Бат-Эрдэнээс цагаан өнгийн жижиг машин авсан байсан ба машиныхаа өртөгөө өгөх гэж хулгай хийсэн. Би эхлээд Ганхуягт замын баруун талд гарчихаад ирье гэж хэлээд авч явсан. Тэгээд адуугаа туугаад буцах замдаа Ганхуягт хулгайн адуу гэдгийг хэлсэн. 10 адуу туугаад явж байхад 2 хул гүү, шарга даага замд цуцаад үлдсэн. 6 адууг нь Бат-Эрдэнэд өгсөн. Нэг азаргыг нь буцааж тавих гэж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

2. Шүүгдэгч Ю.Ганхуяг мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Амартүвшин ах мотоцикльтойгоо гэрт ирээд ахтайгаа урдаас адуу хөөгөөд ирье гэхээр нь би хамт явсан. Чойр дээр ирээд Чойроос баруун урагшаа шөнө явж байгаад хэсэг адуун дээр очсон. Тэгээд нааш нь гэр рүүгээ 10 тооны адуу хөөсөн. Би замдаа ахаас юун адуу юм гэж асуусан чинь Амартүвшин ах манай адуу байгаа юм гэсэн. Амартүвшин ахын гэрт очоод адуунуудыг хашаанд нь хашиж өгөөд намайг гэрт Амартүвшин ах хүргэж өгсөн. Амартүвшин ах бид хоёр 7 тооны адуу гэрт нь авч ирсэн. Нүхний тэнд шарга даага нь үлдсэн. Нүхнээс гараад зүүн тийш явж байгаад 2 хонгор адуу үлдсэн. Амартүвшин ах хулгайн адуу байгаа юм машины өртөгт өгөх гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юм дуугараагүй адууг нь туугаад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

3. Хохирогч Х.Чинбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Батчулуун утсаар яриад 4 дүгээр багийн төвийн хойно хөлстэй шарга даага байна, тамга нь танай тамгатай адилхан байна гэж хэлэхээр нь адуундаа явсан чинь манай адуу байхгүй байсан. Тэгэхээр нь би төв орж 102-т бүртгүүлсэн...Манай адууг Амартүвшин хулгайлсан байсан. Цагдаа урд дэрсэн дор байгаа адуу танай адуу мөн үү гэхээр нь би дурандсан чинь манай адуу мөн байсан. Тэгээд би дүүгээ явж очоод үзээд ир гээд явуулсан чинь манай дүүгийн нэг гүү, шүдлэн үрээ хоёр алга болсон байсан. Нийт 7 тооны адуу байсан. Миний алдсан адуу хөндөлтэй гурван нүдний чандмань тамгатай шарга гүү, шарга халзан гүү, зээрд халзан гүү, шарга даага, шарга халзан даага, наймын тоо тамгатай буурал азарга, бундан тамгатай хүрэн халзан гүү, хул гүү, хул шүдлэн, тамгагүй хонгор халзан унага байсан. Шарга даага, хул гүү, хул шүдлэн гурав нь замд үлдсэн байсныг олсон. Энэ алдсан 10 адуунд миний 5 адуу байсан. Манай төрсөн дүү Цолмонбаярын 4 адуу, Алтанхуягийн 1 азарга байсан юм. Амартүвшингээс бензиний 44 000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 дугаар хуудас/

 

 4.  Хохирогч Ю.Алтанхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Амартүвшингийн эхнэр Туяа над руу залгаад Амартүвшинг цагдаа нар бариад явчихлаа. Амартүвшин адуу хулгайлсан юм шиг байна азарга нь танай буурал азарга юм шиг байна. Чинбаатар ахын адуунаас бас авсан гэж байна гэсэн...Чинбаатар ах танай хоёр дүү манай адууг танай азаргатай хулгайлсан байна гэсэн. Тэгэхээр нь авсан малнаас нь дутсан уу гэсэн чинь дутаагүй гэж хэлсэн. Миний азарга Чинбаатар ахын адуунд байсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 дүгээр хуудас /

 

 5. Гэрч Х.Цолмонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг тэр өдөр гэртээ байж байхад Чинбаатар ах утсаар миний даага урд нүхний энд үлдсэн байна чи адуугаа хараад ир гэхээр нь адуугаа хайсан чинь олдоогүй. Мөрийг нь олоод Чинбаатар ахтай уулзаад мөрөөр нь төмөр замын нүхээр гараад зүүн хойшоо 20 км явахад дэрстэй голд манай 7 адуу байсан. Тэгээд би 7 адуугаа туугаад буцах замдаа 3 адуугаа олоод нийт алдсан 10 тооны адууг гэр рүүгээ аваад явсан. Чинбаатар ахын 2 шарга гүү, 2 шарга даага, 1 цавьдар халзан гүү байсан. Буурал азарга нь Алтанхуягийн азарга байсан. Миний хүрэн халзан гүү, хул гүү, хонгор халзан унагатай, хул шүдлэн үрээ байсан. Миний 4 адуу будан тамгатай. Чинбаатар ахын адуу хөндөлтэй гурван нүдэн тамгатай адуу байсан. Буурал азарга нь 8 тоо тамгатай байсан. Чинбаатар ах миний өмнөөс иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцоно гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 дугаар хуудас/

 

6. Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Амартүвшинд  Хажи маркийн 43-78 ХЭҮ улсын дугаартай жижиг цагаан тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод Амартүвшин миний машиныг аваад явсан. Амартүвшин надад машины өртөгт адуу өгч авна гэсэн. 2016 оны 10 сарын 20-ны өглөө намайг гэрт байж байхад утсаар Амартүвшин дуудаад машины өртөгний адуугаа ав гэсэн. Би гэрт нь очсон чинь гэрийнхээ малын хашаанд хашсан байсан 7 тооны адууг үзүүлээд азаргыг нь үлдээгээд 6 тооны адуу өгнө гэж надад үзүүлсэн. Намайг өнөөдөртөө чи харж бай би төв орж ирээд үнээ тохироод өгье гэсэн. Би адууг нь хөөгөөд гол руу оруулаад байж байтал цагдаа нар ирээд нөгөө 7 тооны адууг хулгайн адуу байна гээд аваад явсан. Амартүвшингийн тууж ирсэн адуу нь хөндөлтэй гурван нүд чандмань тамгатай хоёр шарга байдас, нэг зээрд халзан байдас, 4-н хөл цагаан хүрэн халзан гүү, хонгор халзан унага, нэг шарга даага, буурал азарга байсан. Амартүвшин надад адуу өгөхдөө манай ахын адуу байгаа юм гэж хэлсэн. Би Амартүвшинг хулгайн адуу авч ирсэнийг мэдээгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 дугаар хуудас/

 

          7. Гэрч О.Болд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 19-ний өглөө 8 цагийн орчим гэрийнхээ гадаа байж байхад нэг мотоцикльтой хүн, нэг морьтой хүн хоёр манай урдуур баруун урагшаа даваад явсан. Тэгээд 30-аад минутын дараа Амартүвшин манай гэрт нэг туранхай хар нөхрийн хамт ирээд Бат-Эрдэнэ хаана байна би машиныхаа адууг аваад ирсэн гээд манай эхнэрийг очиж үз гэхэд манай эхнэр Бат-Эрдэнийг ирэхээр нь өөрсдөө үзэж харцгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Амартүвшин одоо өнөөдөр хийгээд явчихмаар байна. Дэдээ ахын машинд ачаад явчихмаар байна гээд яарч байгаа харагдсан. Би Амартүвшингийн авч ирсэн адууг хараагүй, хэдэн тооны адуу байсныг мэдэхгүй. Өглөөний мотоцикль, мориор адуу туугаад явж байсан хоёр хүн нь Амартүвшин, хамт ирсэн залуу хоёр байсан юм байна лээ. Амартүвшин надад би дүүгээрээ морь унуулаад өөрөө мотоцикль унаад явж байсан юм гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 дугаар хуудас/

 

8. Гэрч Б.Оюунтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Амартүвшинг шөнө орж ирэхээр нь хаа яваад ирсэн юм бэ гэсэн чинь ахынхаа адууг тууж ирээд эмээгийн өвөлжөөн дээр хашчихлаа гэж хэлсэн. Би өглөө нь өвөлжөөний хажуугаар явахдаа авч ирсэн адууг нь харсан чинь 2 шарга байдас, 1 шарга даага, 1 зээрд халзан гүү, 4-н шийр цагаантай хүрэн халзан гүү, зээрд халзан унага, буурал азарга байсан. Амартүвшин Бат-Эрдэнийн жижиг цагаан машиныг аваад өртөгт нь адуу өгнө гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 дугаар хуудас/

 

9. Гэрч Б.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би нэг жилийн өмнө өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн улсын дугаарыг нь санахгүй байна мотоциклийг Амартүвшинд 250 000 төгрөгөөр зарсан. Амартүвшин мотоциклийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Өнгөрдөг үзлэгийн үеэр шилжүүлнэ гэж байгаад шилжүүлээгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 дүгээр хуудас/

 

10. Эд зүйлийн үнэлгээг тогтоосон Үнэ тогтоох комиссын шийдвэр /х.х-ийн 21-28 дугаар хуудас/

 

11. Эд хөрөнгө хураан авч битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /х.х-ийн 7-9 дүгээр хуудас/

 

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 59, 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ю.Амартүвшин, Ю.Ганхуяг нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Чинбаатар, Ю.Алтанхуяг нар нь хохирол төлбөр бүрэн барагдсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйг болон цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн хураагдаж Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2010 онд үйлдвэрлэсэн DY162FMJ-3 хөдөлгүүрийн дугаартай, улаан өнгийн Dayang маркийн 02-31 ГСЗ улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигч нь Б.Төмөрбаатар гэсэн боловч шүүгдэгч Ю.Амартүвшин нь Б.Төмөрбаатараас 2015 онд худалдаж авсан болох нь гэрч Б.Төмөрбаатар, шүүгдэгч Ю.Амартүвшин нарын мэдүүлгээр нотлогдож байх тул уг мотоциклийн эзэмшигчээр шүүгдэгч Ю.Амартүшинг гэж үзэн мотоциклийг хурааж улсын орлого болгохыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Dayang маркийн 02-31 ГСЗ улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ю.Амартүвшинд буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Юндэнгийн Амартүвшинг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн, олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Боржигон овогт Юндэнгийн Ганхуягийг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ю.Амартүвшингийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ю.Ганхуягийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ю.Амартүвшинд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ю.Ганхуягт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ю.Амартүвшин, Ю.Ганхуяг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Ю.Амартүвшингийн эзэмшлийн 2010 онд үйлдвэрлэсэн DY162FMJ-3 хөдөлгүүрийн дугаартай, улаан өнгийн Dayang маркийн 02-31 ГСЗ улсын дугаартай мотоциклийг хурааж улсын орлого болгохыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.   

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Dayang маркийн 02-31 ГСЗ улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ю.Амартүвшинд буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ю.Амартүвшинд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр, шүүгдэгч Ю.Ганхуягт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тус тус тогтоож, шүүгдэгч Ю.Амартүвшингийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Ю.Ганхуягийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Амартүвшин, Ю.Ганхуяг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА