| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2019/0061/Э |
| Дугаар | 1041 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1041
2019 10 17 2019/ДШМ/1041
Б.Б, А.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат,
шүүгдэгч А.Э, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Г,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, А.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, А.Э нарт холбогдох эрүүгийн 1808030050885 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө овгийн Б.Б, 2001 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../,
2. Б овгийн А.Э, 2000 оны 12 дугаа сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал суманд уурхайд экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ._..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../,
Б.Б, А.Э нар бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 11.000 төгрөг, “LG” загварын гар утсыг нь дээрэмдэн нийт 179.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б, А.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, А.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, А.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, А.Э нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Б, А.Э нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, тэдгээрийн эдлэх ялыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Б, А.Э нараас тус бүр 89.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 гэсэн зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч Б.Бтэй муудалцаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ түүнээс ямар нэгэн эд зүйл аваагүй. Гэрч Н.Э нь хувийн өс хонзон санаж, намайг хохирогчоос ямар нэгэн эд зүйл авч байхыг харсан гэж худал гэрчлээд байгаа. Би дээрх зүйл, заалтыг зөвшөөрөхгүй байх тул хүсэлтийг минь хүлээн авч, хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү. ХХХХ ...” гэв.
Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орой Б.Бийн хамт эгчийнхээ гэрт очиж тавилга угсралцаж өгөөд тус бүр 50.000 төгрөг авсан. Тэгээд 32 дугаар байрны арк дээр Н.Э гэх хүнтэй таараад жижиг маргаан үүссэн. Түүнийг орхиод цааш гэрлүүгээ явж байтал хохирогч Б.Б нь 32 дугаар байрны 6 дугаар орцны урд код хийгээд өг гэж дуудсан, мэдэхгүй гэхэд дуудсан. Очтол “намайг мэдэх үү” гэж асуухаар нь “мэдэхгүй ахаа, бид хоёр энэ байранд ирээд удаагүй” гэтэл над руу хараад “чи томроод байна уу, бацаан минь” гэж хэлээд цохих гэж дайрахад манай үеэл Б.Б намайг өмөөрч тэр залууг цохисон. Гэтэл 32 дугаар байрны хажуу талын ногоон байгууламж руу унасан. Бид 2 зүгээр эсэхийг нь шалгахаар очиход хохирогч Б.Б нь хөлнөөс зуураад тавихгүй, орилж эхэлсэн. Гэтэл гэрч Н.Э хоёр залуугийн хамт “наад бацаанаа барьж бай, ална” гэж орилон ирж байхыг хараад айсандаа гарыг нь тавиулаад зугтаасан. Бидний араас заналхийлэн орилж, хөөсөөр байсан. Зугтаж байхад манай үеэлийг тэд барьж зодсон. Тэгэхэд нь би “манай найзыг битгий зод, би та нарт өөрийн утас, мөнгөө өгье” гэтэл “бацааныг бариад ав” гэж хоёр найздаа хэлсэн. Би айгаад зугтаж байгаад найзыгаа орхиж болохгүй гэж бодоод хартал цагдаа нар Б.Бийг авч явж байсан. Би гэртээ орж Б.Бийн эцэг, эхэд хэлээд өглөө нь хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн байранд очсон. Гэрч Н.Э нь “миний утас алга болсон” гэж байцаагчид хэлсэн байсан. Тэгээд мэдүүлгийнх нь дагуу бид хоёрыг шалгаж гэм буруугүйг тогтоосон боловч хохирогч Б.Б нь утас, мөнгө алга болсон гэж өргөдөл өгсөн байсан. Бид хоёр хохирогчоос юу ч аваагүй байхад гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б, А.Э нарын өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй байх тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Гэрч Н.Э нь “... аркнаас 6 дугаар орц руу харахад хохирогчийг 6 дугаар орцны цэцгийн мандалд унагаасан, нэг нь хохирогчийн дээр нь дарсан, нөгөөх нь халаасыг нь ухаж байсан” гэж мэдүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус байрны аркнаас 6 дугаар орц руу харахад газарт хэвтэж байгаа хүн шөнө харагдах боломжгүй, орцны урд битүү Зм өндөр бургас, Зм-5м өндөр гацуур модтой ба доогуураа 60 см урт өвстэй тул харагдах боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Эаас “орцны урд бургас байсан уу” гэж асуухад “нэг ч ширхэг бургас байгаагүй” гэж хариулдаг. Мөн шүүгдэгч Б.Б, Б.А.Э нар нь гэрч Н.Эыг бид хоёрыг зодох гэж ирээд зодсон гэж мэдүүлдэг зэргээр гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой байсан. Мөн гэрч Н.Э нь хэрэг учрал болдог өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байхдаа гар утсаа энэ хоёрт дээрэмдүүлсэн гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдлыг Сонгинохайхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж улмаар Цагдаагийн байгууллагаас шалгаад гар утсаа дээрэмдүүлсэн нь тогтоогдохгүй байна гээд хэргийг хаасан.
Дараа нь хохирогч гэх Н.Э нь хохирогч Б.Бийн хэрэгт “би гэрчийн мэдүүлэг өгье” гээд “наад 2 хүүхэд чинь энэ хүнийг дээрэмдэж байхыг нь би харсан” гэж хэргээ хаагдангуут, өөрийн дураар хувийн ашиг сонирхол агуулж болохуйцаар гэрчээр мэдүүлэг өгсөн байхад шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Н.Э нь “... Би энэ хүүхдүүдийг хажуугаар зөрөх үед нь намайг дээрэмдэх гэж байна гэж ойлгосон, арк дээр надтай зөрсөн залууг яг дээрэмдэнэ гэж шууд бодсон” гэсэн мэдүүлэг өгсөн нь анхнаасаа дээрэмдэнэ гэсэн хардлагыг агуулж байсан нь харагддаг. Арканд 2 холбогдогчтой таараад цааш хөдлөх үедээ арк дээр мөн хажуугаар нь зөрсөн гэх Б.Бийг бас дээрэмдэнэ” гэсэн нь мөн мэдүүлгийн зөрүүг буюу худал ярьж байгааг харуулж байгаа юм. Тодруулбал, Б.Б, А.Э нартай арк дээр зөрсөний дараа, хохирогч Б.Бтэй зөрсөн гэж ярьж байгаа нь худал бөгөөд бодит байдал дээр 2 холбогдогч аркаар гарах үед хохирогч аль хэдийн орцныхоо үүдэнд ирсэн байсан. Гэрчийн хэлээд байгаа шиг хохирогч нь холбогдогч нарын араас аркаар гарсан байх боломжгүй юм. Хохирогчийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байгаа. Тодруулбал:
2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Б гэрчээр “...хаалганы кодоо хийх гээд зогсож байтал, ... тэр залуу намайг цохиж унагаад өшиглөж, цуг явсан залуу нь миний өмдний халаасыг ухаад гар утас болон бэлэн 11.000 төгрөгийг авсан, ... миний эрүүнд 1 удаа цохиж, гэдсэнд 1 удаа өшиглөж унагаад миний толгой, нуруу, гуя орчим 5-6 удаа өшиглөсөн, баруун шанаа хавдсан. ...” гэх,
2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор: “... тамхи байхгүй гэтэл тэгвэл 1.000 төгрөг өгчих, ...тэр залуу нүүрэнд 1 удаа цохиод би газарт унахад тэр 2 залуу намайг өшиглөж байгаад нэг залуу нь миний халаасыг ухаад миний гар утас, 10.000 орчим төгрөгийг аваад ертөнцийн зүгээр зүүн тийш зугтаасан, миний гар утас 2015 онд авсан, “LG-Nexus-5” загварын утас, нүүрэнд 1 удаа гараараа, гуя орчимд 1, нуруу орчимд 1, толгой орчимд 3 удаа өшиглөсөн. ...” гэх,
2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хохирогчоор: “... миний зүүн шанаа руу цохиж унагаасан. Тэгээд намайг хажуу талын цэцгийн мандал руу чирч ороод өшиглөсөн, өндөр биетэй нь гар утас авсан. ...” гэх мэдүүлгүүд өгсөн.
Шүүгдэгч нар нэг нь хэрэг учрал болсон цаг хугацаанд, нөгөө нь маргааш нь ирж мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөв ярьж мэдүүлж байсан гэж ойлгож байна. Тухайн үед шүүгдэгч нар нэг ч төгрөг аваагүй, ямар ч утас хараагүй, мөн тэр хүний хувцас шороо болсон байсан гэх зэргээр анхнаасаа тогтвортой мэдүүлсэн тул утас байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрвээ гар утас, мөнгө байгаагүй бол шүүгдэгч нарын зүйлчлэл өөрчлөгдөнө. Иймд эд зүйл, мөнгө үнэхээр байсан эсэхийг хөдөлбөргүй тогтоохгүйгээр шүүгдэгч нарыг яллах нь хуульд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ. А.Эий 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээс харахад тухайн үед 3-4 хүн байсан байхад зөвхөн Н.Эыг гэрчээр асуугаад бусад хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Мөн хохирогч 3 удаа мэдүүлэг өгөхдөө 10.000 төгрөг, 10.000 гаруй төгрөг, 11.000 төгрөг дээрэмдсэн гэж өөр, өөрөөр мэдүүлж байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй нь хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэж үзэж нөхцөл байдал үүсгэж байна. Хэрэг учрал болсон газрын зургийг хэрэгт хавсаргаагүй, шөнө хэвтэж байгаа хүний халаасыг ухаж байгаа эсэх нь аркнаас 6 дугаар орц хүртэл харагдаж байгааг эсэхийг туршилтаар тогтоох хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй тул хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна.
Иймд хэргийн үнэн зөвийг тогтоох үүднээс туршилт хийж, Н.Эын хохирогчоор өгсөн мэдүүлгийг хэрэгт хавсаргах, мэдүүлгийг нь шинжлэн судлах, дээрх орцны урд байх бургас, гацуурнууд хэдэн жил тэнд ургаж байгаа гэх мэт зүйлийг тогтоож байж дөнгөж насанд хүрсэн залуусын амьдралыг шийдээсэй гэж хүсэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг тогтвортой байдаг. Гэрч Н.Э дуудлагын жолооч хийдэг бөгөөд тухайн өдөр ажлаа хийж яваад шүүгдэгч нарыг үйлдэл дээр нь барьж авсан ба цагдаа иртэл хүлээж байгаад хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл хамгийн гол гэрч нь мөн юм. Мөн Б.Б, А.Э нарын үйлдэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Б, А.Э нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
Б.Б, А.Э нар бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, 11.000 төгрөг, “LG” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бийн “... би 2018 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 4 цагийн үед гэр лүүгээ орох гээд орцныхоо кодыг хийх гээд зогсож байтал үл таних 2 залуу хүрч ирээд надаас тамхи асуухаар нь би “надад тамхи байхгүй” гэж хэлтэл тэгвэл “1.000 төгрөг өгчих” гэхээр нь би бас байхгүй гэж хэлтэл уг 2 залуугийн нэг нь тэгвэл би чиний халаасыг ухаад үзчих үү гэхээр нь “чи яахаараа хүний халаас ухдаг юм бэ” гэхэд “чи томроод байна уу, банди минь” гэж хэлээд баруун гараа далайхаар нь би гарынх нь бугуй дээрээс бариад цааш түлхээд, нөгөө залууд нь “чи найзыгаа аваад яв, би та хоёртой маргалдмааргүй байна, манайх энд байдаг юм” гэтэл тэр залуу миний нүүр лүү нэг удаа цохиход би газарт унаад тэр 2 залуу намайг өшиглөж байгаад, нэг залуу нь миний халаасыг ухаад гар утас, 10.000 орчим төгрөгийг аваад ертөнцийн зүгээр зүүн тийш зугтаад явсан. ...” /хх-29-32/,
гэрч Б.Б-ийн “... тухайн өдөр би дуудлагын жолооч дуудаад Б.Бийг орцных нь үүдэнд буулгаад явсан ба Б.Б гар утастай байсан. Би маркийг нь санахгүй байна, хар өнгийн утас байсан. ...” /хх-38/,
гэрч Н.Эын “... аркаар гараад иртэл ертөнцийн зүгээр зүүн талын орцны үүдэнд нэг хүнийг намхан биетэй нь унагаагаад дарсан, өндөр нь хажуунаас нь халаасыг нь уудалж байсан. Тэгээд бид хоёр гүйвэл зугтааж магадгүй гэж бодоод араас нь алхтал өндөр нь биднийг харангуутаа нэрийг нь хэлээд зугтаарай гээд зугтсан. Араас нь хөөгөөд 2 байр тойрсон байх, нилээн хөөцөлдсөн. Тэгээд байрны зогсоол руу орсон байж магадгүй гээд ортол машин доороос гараад хаалгаар гарах гэж байхад нь бариад авсан. Тэр үед намхан биетэй залуу нь холоос “манай найзын тавьчих, утас, 10.000 төгрөг өгье” гэж орилсон. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, та хоёр намайг бас дээрэмдэх гэж үзсэн, тэр хүнийг бас дээрэмдсэн гэж хэлсэн. ...” /хх-47/,
гэрч Б.Б-ын “... манай нөхөр Б.Б үүрээр орж ирсэн ба хүнд зодуулсан, нэг тал нь тэр чигтэй хавдсан, хамаг хувцас нь шороо болсон байсан. Тэгээд нөхрөөсөө “яасан бэ” гэсэн чинь “үүдэнд 2 залуутай маргасан” гэсэн. Тэр 2 залуу толгой руу нь өшиглөсөн юм шиг байсан. Мөн гар утас нь байхгүй байсан. Гэрээсээ гарахдаа хар өнгийн “LG” загварын утастай байсан. ...” /хх-50/,
шинжээч эмч С.О-ийн “... чамархайн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /хх-52/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7811 дугаартай “Б.Бийн биед чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-57/, эд зүйлийн үнэлгээ /хх-58-59/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-68-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Прокуророос Б.Б, А.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс Б.Б, А.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулах гэсэн нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, А.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, А.Э нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг ялыг 2 дахин багасгаж, тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх ба өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгайлан зохицуулсан бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулсан нь зөв болжээ.
Шүүгдэгч Б.Б, А.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Г нар нь “... шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хохирогчийн гар утас, мөнгийг аваагүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Б.Б, А.Э нар нь бүлэглэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулаад 11.000 төгрөг, “LG” загварын гар утсыг нь дээрэмдэн нийт 179.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн, дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Харин тухайн хэрэг учрал болсон газарт туршилт хийх, орцны урд байх бургас, гацуурнууд хэдэн жил тэнд ургаж байгаа болохыг тогтоох шаардлагагүй ба туршилт хийхгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дүгнэлт өгөх боломжтой, мөн хохирогчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Мөн Б.Б, А.Э нараас гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр авсан байх боловч яллагдагчаар татаж, байцаахдаа өмгөөлөгч оролцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь зөв болжээ.
Иймд шүүгдэгч Б.Б, А.Э, түүний өмгөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, А.Э, түүний өмгөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН