| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0364/3 |
| Дугаар | 221/МА2025/0012 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0012
"Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Ж” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Ж” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/506 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Хэргийн индекс: 128/2024/0364/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/506 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1.Нэхэмжлэгч "Ж" ХХК-д анх байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Өвөр горхи нэртэй газарт 4,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/*** тоот тушаалаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгасан байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/506 дугаартай тушаалаар тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг удирдлага болгосон.
2.2.Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг яаманд ирүүлээгүй.
2.3.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д "цахим хэлбэрээр санал авах" гэж заасан байдаг. Шүүхээс сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн цахим хуудсандаа нийтэд хандсан мэдээллийг тавьснаар сонсох ажиллагаа явуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хэлбэрийн алинаар явуулсан нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №128/ШШ2024/0844 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/506 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.
2.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар[1] “Ж” ХХК-д Налайх дүүрэг, Өвөр горхи нэртэй Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 4.5 га газрыг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг[2] 5 жилийн хугацаатайгаар олгож, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын захиргаатай 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2016/44 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”[3]-г байгуулжээ.
3.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/506 дугаар тушаалаар[4] “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслээд” “Ж” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 4,5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
5.Дээрх маргаан бүхий акт гарахад үндэслэл болгосон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичигт[5] “...Тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 28-ын өдөр явуулсан газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг болон мэдээллийг бэлтгэн хавсралтад дурдсан 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гаргана уу” гэх ба тус хээрийн судалгааны ажлын тэмдэглэлийн[6] 13-т “Ж” ХХК-ийн газрын фото зургийн дор /газар дээрээ хоосон/ гэх тэмдэглэгээг хийжээ.
6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах тухай гурвалсан гэрээний хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалаар[7] нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгажээ.
9.Ийнхүү нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахаас өмнө 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас “Ж” ХХК-ний байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэн акт[8] үйлдэж, уг актаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилтийг “газар дээр ямар нэгэн объект байхгүй, цахилгаан, холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн” гэж, харин нэхэмжлэгчтэй байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг “тогтоосон газраа аялал жуулчлалын үйл ажиллагааны зөвшөөрөлтэй, гурвалсан гэрээг батлуулж мөрдөж ажиллаж байна, 2020 оны 06 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн тооцоогүй, байгалийн унаган төрхийг хадгалах, Горхи-тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтыг сайжруулах нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон” гэж тус тус дүгнэсэн гэдэг нь тогтоогдож байна.
10.Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зорилгоор дор дурдсан үйл ажиллагаа хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
11.Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “тухайн газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн “нэхэмжлэгч 2016 оноос хойш маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон” гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
13.Мөн нэхэмжлэгчээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын захиргаанд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар[22], мөн өдрийн 03 дугаар албан бичгээр[23] “...манай газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар албан бус мэдээлэл ирсэн тул тус компанийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өвөр горхийн хязгаарлалтын бүсэд олгосон газар ашиглах эрх хүчинтэй эсэх талаар хариу ирүүлнэ үү” гэх хүсэлт гаргасан.
14.Уг хүсэлтийн хариуд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08/736 дугаар албан бичгээр[24] нэхэмжлэгчид “...Танай компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/506 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Өвөр горхид “Ж” ХХК-ийн 4,5 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэх хариуг өгсөн байна.
15.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, анхан шатны шүүхийн “...хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо ...бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дууссан эсэх талаар шалган тогтоогоогүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
16.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 52 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 48 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 54 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 60 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 35, 49 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 94 дэх тал
[9] Хэргийн 1-р хавтас 19-21 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 22-23 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 216 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 217 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 220 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 221 дэх тал
[15] Хэргийн 1-р хавтас 222-226 дахь тал
[16] Хэргийн 1-р хавтас 227 дахь тал
[17] Хэргийн 1-р хавтас 228-229 дахь тал
[18] Хэргийн 1-р хавтас 230-231 дэх тал
[19] Хэргийн 1-р хавтас 3-5 дахь тал
[20] Хэргийн 1-р хавтас 1-2, 6-51 дэх тал
[21] Хэргийн 1-р хавтас 116-117 дахь тал
[22] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал
[23] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал
[24] Хэргийн 1-р хавтас 15 дахь тал