Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 289

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И” ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 37/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг, барьцааны гэрээний хамт байгуулсан. Уг гэрээгээр зээлээр шатахуун, тослох материал олгох, төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. “М” ХХК нь гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 литр нь 1 350 төгрөгийн үнэтэй 24 000 литр шатахууныг хүлээлгэж өгсөн бөгөөд хариуцагч “И” ХХК нь төлбөрөөс 2016 оны 9 сард 2 000 000 төгрөгийг төлж, үлдэх 30 400 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээний 3.3-д төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул хариуцагч “И” ХХК-иас алданги 15 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн 2 000 000 төгрөгийг хасч тооцолгүйгээр төлбөр 32 400 000 төгрөг, алданги 16 200 000 төгрөг, нийт 48 600 00 төгрөг нэхэмжилсэн байсан тул үндсэн төлбөрийг 2 000 000 төгрөг, алдангийг 1 000 000 төгрөгөөр тус тус багасгаж байна. Иймд хариуцагч “И” ХХК-иас 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 37/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Харин түлш хүлээж аваагүй. Тооцоо нийлсэн акт үйлдээгүй бөгөөд тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг н.Цогтоо захирлын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Компани түлш хүлээж аваагүй гэдэг утгаар тооцоо нийлээгүй. Түлшийг хүлээн авсан н.Баатартай “И” ХХК нь өөр асуудлаар маргаж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул н.Баатартай тооцоо хийж болох учраас “М” ХХК нь алдангийг чөлөөлж, үндсэн төлбөрөөс багасган, төлөх хугацааг тохиролцвол манай компани төлбөрийг төлж болно. Тохиролцохгүй гэвэл нийлүүлээгүй шатахууны үнийг төлөх үүрэггүй. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас 45 600 000 /дөчин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “И” ХХК-иас 385 950 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 24 000 литр дизель түлш, шатахууныг Д.Б хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх алдангид 15 200 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 37/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах 38/16 тоот гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, худалдах, худалдан авах гэрээгээр “М” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг /цаашид түлш гэх/ гэрээнд заасан хэмжээгээр худалдах, хариуцагч “И” ХХК нь гэрээний үнийг төлөх, барьцааны гэрээний дагуу 30 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулахаар харилцан тохиролцжээ. /1хх-16-21 дэх тал/ Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, барьцааны гэрээ нь мөн хуулийн болон 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь гэрээний дагуу 24 000  литр түлшийг хүлээн аваагүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн шатахуун тослох материалын зарлагын падаан, түлш олгох 962 дугаартай зөвшөөрлийн хуудсыг баримтаар үгүйсгэж чадаагүйн гадна 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “24 000 литр түлш”-ний үнэ төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгч “М” ХХК-ийг хариуцагч “Ихмандах үйлст” ХХК-д 24 000 литр шатахууныг 1350 төгрөгөөр тооцон нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.  /Ⅱхх 5-6, 13, 15-16 дахь тал/

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан түлшний үнийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь 24 000 литр түлшний үнэ болох 32 400 000 төгрөгөөс  2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг төлж /Ⅰхх 130 дахь тал/ 30 400 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцнэ.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т талууд “худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон худалдагчид төлөх”-өөр тохиролцсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан, алдангийн хэмжээ нь мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон учир нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 30 400 000 төгрөгийн 50 хувиар алдангид тооцон 15 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймээс хариуцагчаас нийт 45 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 234 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ч.ЦЭНД