| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
2023 01 02 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эод холбогдох эрүүгийн 2203 00697 0603 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 39 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдал зуслангийн замд “Тоёота Аурис” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”
мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан явган зорчигч Э.Амбалдоржийг дайрч, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 597 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Э.
1. Шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн оролцсон бол түүний өмгөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс улсын яллагчтай тохиролцсоноор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нь Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 39 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдал зуслангийн замд “Тоёота Аурис” маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан явган зорчигч Э.Амбалдоржийг харалгүй дайрч, хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх16/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх17-21/, ослын үе бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх28/, шинжээчийн дүгнэлт /хх72-83/ болон шүүгдэгчийн “...ойролцоогоор 40к/ц хурдтай явж байтал гэнэт зам дээр хар юм гарч ирсэн бөгөөд тоормос гишгээд дээгүүр нь гараад донслоод зогссон. Би буугаад хартал хүн газарт хэвтэж байсан. Толгойноос нь цус гарч байсан тул би машиндаа очиж утсаа аваад түргэн рүү залгаж, осол гарсан талаар хэлсэн. ..103 осол гарснаас хойш 20 минутын дотор ирсэн. Түргэн ирж үзээд хүнийг нас барсан байна гэж хэлээд юм бичиж өгөөд явсан...” /хх168/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүрэлсүх “...осол гарч Э.Амбалдорж нас барсан талаар маргааш нь мэдсэн. ...хохирогчийн төрсөн ах Э.Сангаа надаас хууль ёсны төлөөлөгчөөр оролцож өгөөч гэж гуйсан учир би оролцох хүсэлт гаргасан. Мөн ээж болон өргөмөл дүү нь зөвшөөрч хүсэлт гаргасан. Ар гэр нь гомдолтой байгаа. Эхний ээлжид буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ. /хх36/,
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан 2829 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачид учирсан гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу авто ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ..Талийгаачийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 6.5 промилли, шээсэнд 5.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна..." гэжээ. /хх72-76/,
5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 1335 дугаар магадалгаанд: “Тоёота Аурис” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Амбалдорж нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь /хх141/ үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Учир нь техникийн шинжээчийн дүгнэлтэд “тээврийн хэрэгслийн баруун гар талын ойрын гэрэл нь асахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь замын гэрэлтүүлэггүй замд тээврийн хэрэгслийн жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой” гэжээ. /хх133/
6. Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгчийн урд явсан тээврийн хэрэгслүүд зам дээр хэвтэж буй хүнийг /саадыг/ тойрч гарч байхад шүүгдэгч нь түүнийг анзааралгүй дээгүүр нь гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь шүүгдэгчийн жолоодож явсан 62-11 УБК дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын ойрын гэрэл асахгүй эвдрэлтэй байснаас шалтгаалсан гэж үзэхээр байна, мөн харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
7. Мөн амь хохирогчийн хувьд согтуурсны улмаас зам дээр хэвтэж байсан боловч шүүгдэгчээс өөр бусад тээврийн хэрэгсэлд дайрагдсан нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
8. Иймд шүүгдэгч Ц.Эийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохиролд 32.150.000 хүлээн авсан, гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн” талаар хүсэлтийг гаргажээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт, санал гаргасан.
11. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хялбаршуулсан журмаар тохиролцсон хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
12. Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль зөрсөн, согтуурсан байдалтай замын зорчих хэсэгт хэвтэж байсан үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 %D4үгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу талуудын тохиролцсоны дагуу тэнсэж шийдвэрлэх боломжтой, ийнхүү шийдэх нь хэргийн нөхцөл байдал тохирч байна.
16. Иймд шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн диск 2 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний 626602 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
21. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 626602 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР