| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03803/и |
| Дугаар | 183/ШШ2019/01009 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2019/01009
2019 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2019/01009 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, З.Ш-О /РД:..... /,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, Ч.Ө /РД:...... / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн....... тоотод оршин суух, Ч.А /РД:........./-т холбогдох,
Тохиролцоо хийж авсан мөнгө болох 25,333,370 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ө, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2017 оны 8 дугаар сард 43.950.000 төгрөгний бараа хариуцагчид зээлсэн. Хэд хоногийн дараа би хариуцагч дээр очиж мөнгө авах гэсэн боловч хариуцагч боломжгүй байна. Хариуцагч “найз нь Монгол Тамхи Со ХХК-иас бараа ирэхээр нь бараанаас өгье” гэж хэлэхээр нь би хагас сар орчим хариуцагч мөнгө өгөхийг хүлээсэн. Би хариуцагчтай дахин уулзаад хэзээ мөнгө өгөх талаар асуухад хариуцагч “найз нь одоо 38.500.000 өгөөд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл мөнгийг чинь өгөөд тооцоогоо дуусгана” гэж хэлэхээр нь би итгээд хүлээсэн. Энэ хугацаанд хариуцагч огт төлбөр төлөөгүй. Ч.А бусад хүмүүст мөн адил өртэй байсан. Тэдгээр хүмүүст барьцаа болгож газар, машин барьцаалуулж байсан. Ч.А надад өөрийнхөө байрны автомашины зогсоолын бичиг баримтыг барьцаанд өгье гэхээр нь би татгалзсан. Сүлд 9 дүгээр сарын 17-ны өдөр би Ч.А дээр очиход Ч.А надад байгаа бараагаа өгөөд 18.100.000 төгрөг тооцооноос хасуулсан. 2018 оны 12 дугаар сард хариуцагчтай уулзахад хариуцагч намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс гомдлоо буцаад авчих гээд гуйгаад байхаар нь би хариуцагчийг ядаж төлбөрийн талыг төлчих гэж хэлсэн. Тэгээд надад 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш Ч.А ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй. Би Ч.А-г төлбөр төлнө гэж 2 жил хүлээсэн. Нэхэмжилж байгаа 25.333.370 төгрөг Ч.-Агаас гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Ч.А-д төлбөр төлөх хангалттай боломж байсан. Иргэний хуульд зааснаар хоёр талуудын хооронд аман хэлэлцээр буюу аман хэлэлцээрийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг үндэслээд шүүх нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад төлбөр төлөх хугацаа хэрэгтэй байна. Нэхэмжлэгч Ч.Ө миний санхүүгийн байдал ямар байгааг мэдэж байгаа” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх З.Ш-О, Ч.Ө нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь З.Ш-О, Ч.Ө нар нь тохиролцоо хийж авсан мөнгө болох 25,333,370 төгрөгийг Ч.А-гаас гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Ч.А нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдрөөс хойш бичгээр хариу тайлбараа шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хугацаа авахыг хүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017.09.07-ны өдөр хариуцагч Ч.А нь 38,500,000 төгрөгийн өрийг 2017.09.25-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай гар бичмэл бичиж өгсөн байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан 2017.09.20-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкны дансны хуулга, 2017.11.29-ний өдрийн 792 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, зохигчдын харилцсан мессежний зураг зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ч.А нь тохиролцоо хийж авсан мөнгө болох 25,333,370 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул шүүх З.Ш-О, Ч.Ө нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ч.А-гаас тохиролцоо хийж авсан мөнгө болох 25,333,370 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ш-О, Ч.Ө нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гаас 284,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ