Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1538

 

 

 

 

 

 

 

  2022            12           16                                     2022/ШЦТ/1538

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1668 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караокед үйлчлүүлж байсан хохирогч Б.Бөын эзэмшлийн Самсунг А-52, Самсунг Эс-9 маркийн гар утас, савхин куртик, автомашины түлхүүр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1306 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Бөын дахин өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Б:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караокед үйлчлүүлж байсан хохирогч Б.Бөын эзэмшлийн Самсунг А-52, Самсунг Эс-9 маркийн гар утас, савхин куртик, “Магк X” загварын автомашины түлхүүр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Бөын “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 01 цагийн орчимд найз бүсгүй Мягмардулам, найз Баасанлхам нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” караоке бааранд орсон. ...04 цаг өнгөрч байх үед тухайн караоке баарнаас гараад шууд гэртээ ...очиж унтаж амарсан. Өдөр нь босоод эд зүйлсээ шалгаж үзтэл миний гадуураа өмсөж байсан хар өнгийн савхин куртик байхгүй байхаар нь хайгаад үзтэл олдохгүй байсан бөгөөд орой баар онгойх үед нь очиж уулзтал “Та нарыг гарах гэж байх үед гаднаас хүн орж ирээд танай ширээний орчимд хэсэг сууж байгаад гарах үедээ савхин куртик аваад гарч байсан” гэсэн бөгөөд миний куртикны халаасанд Самсунг А-52 загварын гар утас, Самсунг Галакси Эс-9 загварын гар утас 1 ширхэг, автомашины түлхүүр зэрэг эд зүйлс байсан...”, ...Би “Од” караокены хяналтын камерыг шүүж үзэхэд манай 10 жилийн нөгөө ангийн Б миний савхин куртиктэй эд зүйлсийг надад хэлэхгүйгээр намайг байхгүй байх үед хулгайлж аваад гараад явсан байсан. ...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бын утасны дугаарыг нь олж холбогдоод Самсунг А-52, Самсунг Эс-9, Марк X маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр, савхин куртикээ буцааж авсан” гэсэн мэдүүлэг /хх19/, мөн дахин мэдүүлсэн “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бын утасны дугаарыг нь олж байгаад холбогдоход миний эд зүйлийг мэдэхгүй гэж хэлсэн. ...камер шүүж үзсэн чинь чи аваад л гарсан байна гэж хэлсэн чинь хэнийх нь мэдэгдэхгүй савхин куртик байна гэж хэлсэн... гар утас машины түлхүүрийг чинь мэдэхгүй байхгүй байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад очиж гомдол, мэдээлэл гаргаад Бямбо-Осор цагдаагийн байгууллагад надтай цуг ирээд гар утас бусад эд зүйлийг мэдэхгүй гээд байсан. Цагдаагийн байгууллагаас шүүхээр орж шийдэгдэх асуудал шүү гэж хэлсний дараагаар надад орой нь буцаагаад миний эд зүйлсийг Б өгсөн...” гэсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын мэдүүлсэн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караокед ганцаараа орж 1 пиво уусан ба караокед арван жилийн нөгөө ангийн Бө гэх залуутай тааралдаад хамт нэг ширээнд сууж юм ярьж сууж байгаад Бөын ширээн дээр байсан хар өнгийн савхин хүрмийг авч гарч явсан. ...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бө над руу залгаад “Миний куртикийг авч явсан байна” гэхээр нь би “Хар савхин хүрэм чинь болон дотор нь байсан эд зүйлс чинь байгаа” гэж хэлэхэд ...Бө ирээд эд зүйлсээ авч явсан” /хх38/ гэсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22/079 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг фирм А-52” загварын гар утсыг 500.000 төгрөгөөр, “Самсунг фирм Эс-9” загварын гар утсыг 250.000 төгрөгөөр, савхин куртик 100.000 төгрөгөөр, автомашины түлхүүрийг 80.000 төгрөгөөр үнийн дүнг тогтоожээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 930.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь согтуудаа хохирогчийн гар утас, автомашины түлхүүр болон куртикийг андууран авч явсан гэж тайлбарласан боловч тухайн нөхцөл байдалд хохирогчтой хамт нэг ширээнд суугаагүй, хохирогчийг байхгүй үед куртикийг нь авч гарсан, хохирогч эд зүйлээ алдсанаа мэдэн хяналтын камерын бичлэг үзэж байж эд зүйлийг нь авсан хүнийг таньсан, мөн эд зүйлийг цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасны дараа өгсөн нь хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгээр тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл согтуудаа эд зүйлийг өөрийнхийгөө гэж андуурч авч гараагүй, шунахайн сэдэлтээр, гэм буруутайгаар авчээ. 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Б.Бө нь эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан /хх19/, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. Иймд хохирол төлөгдсөн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

8. Шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг буцаан өгч учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Б.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байх тул түүнд хорихоос бусад төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР