| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/00190/И |
| Дугаар | 469 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 469
| 2019 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2019/00469 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 5 дугаар бааз гудамж, 6-2 тоотод оршин суух Чорос овгийн Нямдаваагийн Энхсаруул /ОЮ88032960/
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод, 8б гудамж, 6 тоотод оршин суух Авгаржин овгийн Нармандахын Тэнүүнжаргал /НБ83082214/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Энхсаруул, хариуцагч Н.Тэнүүнжаргал, нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Тэнүүнжаргалтай 2005 онд гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бидний дундаас охин Т.Баярбаясгалан төрсөн юм. Энэ хугацаанд Н.Тэнүүнжаргал охин бид хоёрт халамжгүй, олон хоногоор алга болдог байж байгаад 2007 оноос ирэхээ больж, сураг тасарсан, үүнээс хойш 12 жилийн хугацаанд би охиноо ганцаар өсгөж байна. Охин маань одоо Булган аймагт миний ээжтэй хамт амьдардаг, охиноо төрснөөс хойш тэжээж, тэтгэх бүх зардлыг би хариуцаж ирсэн, хариуцагч энэ хугацаанд ганц ч удаа тусалж байгаагүй, охин маань аавыгаа ямар хүн байдгийг огт мэдэхгүй. Хариуцагч одоо өөр хүнтэй гэр бүл болж, хоёр охинтой болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хоёр анхнаасаа хамт амьдрана гэж тохироогүй, үерхэж байтал нэхэмжлэгч Н.Энхсаруул нь тэр үед гэр бүл болсны мөнгө гэж өгдөг байсан 500 000 төгрөгийг авахын тулд надад хэлэлгүйгээр иргэний үнэмлэх авч явж, гэрлэлтээ бүртгүүлсэн байсан. Хамт амьдарч эхэлснээс хойш би ажлын онцлогоос шалтгаалж, олон хоногоор ажилтай явдаг байсныг ойлгохгүй, мөнгө төгрөгөөр тусалсангүй гэж маргалдах болсон, одоо гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Охиноо би одоо өөрийн асрамжид авах хүсэлтэй, хамт амьдарч байгаа хүн маань ч гэсэн охиноо ав гэдэг, охиноо арай өөр орчинд өсгөж хүмүүжил, боловсролтой хүн болгомоор байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхсаруул хариуцагч Н.Тэнүүнжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн хувьд:
Гэрлэгчид 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрлэгчид нь 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Н.Тэнүүнжаргал нь өөр хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон, эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтоох нэхэмжлэлийн хувьд:
Гэрлэгчдийн дундаас 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Т.Баярбаясгалан төрсөн бөгөөд төрсөн цагаас эхлэн нэхэмжлэгч Н.Энхсаруул, түүний эхийн асрамжид өсч, хүмүүжсэн болох нь талуудын тайлбар, Т.Баярбаясгаланг асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Хүүхдийг эцэг, эхийн аль нэгний асрамжид үлдээхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо зэргийг харгалзан үзэхээр хуульд заажээ. Т.Баярбаясгалан төрсөн цагаас эхлэн эх, эмээгийн асрамжид хүмүүжсэн, тэдгээрт илүү ээнэгшин дассан болох нь хэрэгт цугларсан баримт, тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэж 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Баярбаясгаланг эх Н.Энхсаруулын асрамжид үлдээх үндэстэй байна.
Гурав. Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн хувьд:
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хариуцагч Н.Тэнүүнжаргалаас тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Т.Баярбаясгаланд олгох нь зүйтэй байна. Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос амьжиргааны доод түвшинг жил бүр тогтоодог бөгөөд 2019 онд охины амьдарч байгаа Булган аймагт энэ хэмжээ 194 300 төгрөг байна. 194 300 төгрөгийн нэг жилийн хэмжээ 2 331 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52 256 төгрөгийг хариуцагч Н.Тэнүүнжаргалаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Энхсаруул, Н.Тэнүүнжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Баярбаясгаланг эх Н.Энхсаруулын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин Т.Баярбаясгаланг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр Н.Тэнүүнжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагч Н.Тэнүүнжаргал цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Тэнүүнжаргалаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсаруулд, хүүхдийн тэтгэлгийн нэг жилд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52 256 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР