Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1555

 

 

 

 

 

 

 

   2022        12        20                                           2022/ШЦТ/1555  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03407 1916 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, нарийн боовны цехэд ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Вест баарны гадна Ц.Эыг нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь “хамар ясны хугарал, дээд доод уруулын дотор салстад шарх” бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1409 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Вест” баарны гадна Ц.Эыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь “хамар ясны хугарал, дээд доод уруулын дотор салстад шарх” бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Ц.Эын “..2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед “Вест” баарны дотор тайзны хажууд зогсож байхад Б цээж рүү гараараа 2 удаа цохисон, гадаа гараад цагдаад дуудлага өгөх гээд зогсож байхад Б баруун хацар руу алгадаад, үсдээд газар унагаасан. Би доош дөрвөн хөллөж хана налж унахад үснээс доош дараад нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд хамар эвгүй болоод цус гарсан ба би цусаа гоожуулаад босоод зогсож байхад Б над руу дайраад байхаар нь би Быг түлхээд өөрөөсөө холдуултал Б гараад ирчихсэн “чи манай эхнэрийг цохидог хэн бэ” гээд намайг зүүн хөлийн тахим руу өшиглөсөн, ...Б нь нүүр лүү өшиглөх үед хамраас цус гоожсон, өшиглүүлсний улмаас хамар хугарсан..” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

гэрч О.Бгийн “..Намайг бааран дотроос гарч ирэхэд шар үстэй хүүхэн Эыг зодож байсан. Эын хамар, ам, цамцны энгэр нь цус болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би хамгаалаад дээрээс нь дараад хэвтэхэд эрэгтэй нь миний куртикны малгайнаас татаж унагаагаад Эын цээж рүү өшиглөсөн. Эо нүүрээ хоёр гараараа дараад 4 хөллөөд доошоо харсан байдалтай байж байтал шар үстэй хүүхэн нь үснээс нь зулгаагаад чирээд нүүр, ам руу нь гараараа цохиж зодоод байсан. Би хамгаалаад хоёр гараа алдлаад байж байхад нөгөө шар үстэй хүүхэн чинь миний суг доогуур хөлөөрөө Эыг өшиглөөд байсан. Эмэгтэй нь хамар руу нь өшиглөсөн, эрэгтэй нь цээж рүү нь өшиглөсөн, сүүлд нь эрэгтэй нь эмэгтэйгээ хориглоод “чи боль” гэхэд шар үстэй эмэгтэй нь “чи яасан өмөөрөөд байгаа юм уу” гээд эргэж хүрч ирээд үснээс нь зулгааж унагаагаад дээш нь харуулаад дээр нь гарч суугаад нүүр рүү нь гараараа цохиж зодсон. Би хориод дийлээгүй..” гэсэн мэдүүлэг /хх25-26, 28-29/,

 гэрч Б.Мийн “..үл таних эмэгтэй гүйж ирээд утсаараа ганц яриулаач гэхээр нь гар утсаа өгсөн. ...утсаар яриад зогсож байхад цаанаас нь шар үстэй туранхай өндөр эмэгтэй хүн ирээд үснээс нь зулгааж унагаагаад үснээс нь доош дарж байгаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө эгч нүүрээ дараад газар хэвтэхэд цаанаас нь нэг эрэгтэй хүн гарч ирээд бас нөгөө эгчийг зодсон. Эрэгтэй нь очоод өшиглөж байх шиг байсан яг хаана нь өшиглөснийг хараагүй, шар үстэй эмэгтэй хүрч ирээд үсдээд нүүр лүү нь өшиглөх үед хажууд нь ойрхон байсан..” гэсэн мэдүүлэг /хх31-32/,

гэрч С.Бын “...манай найз хүүхэн Б, Эо нар үснээсээ зулгаалцаад салахгүй газар унаад дээр доороо ороод зодолдоод байсан. Тухайн өдөр Эотой бааранд таарахад ...манай найз хүүхэн Б харчхаад хардаад чи энэ хүүхнийг яаж таньдаг юм гээд уурлаад байсан. Би Эыг зодож цохиогүй, миний хагалгааны оёдол задарчих гээд хүчтэй ч хөдөлж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх22-23/, шүүгдэгч А.Б яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. гэм буруу дээрээ маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 67/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13169 дугаартай дүгнэлтэд "...Ц.Эын биед хамар ясны хугарал, дээд, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний доод зовхи, дээд уруул, баруун чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэжээ. /хх39-40/, дүгнэлттэй холбоотойгоор шинжээч Б.Даваасүрэн “...Ц.Эын биед учирсан хамар ясны хугарал, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлжээ. /хх35-36/,

4. Улсын яллагчаас С.Б нь хохирогчийг зодож, цохисон үйлдэлд хамтран оролцсон шинж тогтоогдоогүй, хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч А.Бы гэм буруугийн санаатай хэлбэрээр дангаараа гар, хөлөөрөө цохиж, зодсон үйлдлээрээ учруулсан гэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Ц.Эо нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой Мөнгөн гүүр эмнэлэгт 25.000 төгрөгөөр үзүүлсэн, цаашид хамар ясны хугарал засах, таславч тэгшлэх эмчилгээ хийлгэхэд 3.577.000 төгрөгийн зардал гарахаар нотлох баримтыг /хх59-60/ гаргаж, нэхэмжилсэн байх ба шүүгдэгчээс хохиролд мөнгө төлөгдөөгүй байна.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

8. Улсын яллагчаас хохирогч эмчид үзүүлж, зөвлөгөө авсан зардал болох 25.000 төгрөгийг хохиролд төлүүлэх, эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд байдаг бөгөөд хохирогч Ц.Эын биед хамар ясны хугарал бүхий хохирол учирсан, хугарлыг мэс заслын аргаар засах, таславч тэгшлэх эмчилгээ хийлгэх зардал нь эрүүл мэндийг буцаан сэргээх зайлшгүй зардал гэж үзлээ. Тиймээс Иргэний хуулийн 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 3.602.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах, хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тайлбар хэлээгүй болно.  

10. Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч А.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 3.602.000 /гурван сая, зургаан зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Эод олгуулж, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР