Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/1548/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1563 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 17.3.2.1., |
Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1563
2022 12 20 2022/ШЦТ/1563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч С.Сүрэнхорол,
хохирогч Б.Б,
шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхоролоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 01291 1525 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ө нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа өөрийн “А.Өсөхөө” гэх нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан “Хөвсгөл далай руу аялал зохион байгуулна” гэх хуурамч зарыг нийтийн сүлжээнд байршуулж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэлийг олж аван өөрийн эзэмшлийн 3455143728 дугаарын дансаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Баас 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, хохирогч Б.Ггаас 2022 оны 7 дугаар сарын 04, 11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр 600.000 төгрөг, хохирогч Ж.Доос 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.400.000 төгрөг, хохирогч Г.Моаас 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 900.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, хохирогч Б.Маас 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг бэлнээр тус тус авч бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 821 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон тухайд:
1. Улсын яллагчаас шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглан, цахим орчинд аялал зохион байгуулна гэсэн хуурамч зар байршуулан нэр бүхий 5 хохирогчийг залилсан, аяллын хөтөлбөр болон зардал анхнаасаа биелэгдэх боломжгүй байхыг мэдсээр байж бусдыг залилсан гэсэн бол,
Хохирогч Б.Б нь шүүгдэгчийн албан тушаалын байдалд итгэн залилуулсан гэж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж оролцсон.
2. Шүүгдэгч А.Ө нь аялал зохион байгуулахад зохион байгуулалтын шинжтэй алдаа гаргаснаас хүмүүсийг хохироосон, тав тухыг алдагдуулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзээд шүүгдэгч А.Өын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв.
4. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзвэл: Шүүгдэгч А.Ө нь 2022 оны 7 дугаар сарын 11-ээс 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Хатгал сум, “Хөвсгөл далай, Жанхайн эрэг” рүү аялал зохион байгуулах зарыг өөрийн цахим хуудсаар олон нийтэд байршуулсан. Уг аялалд 28 хүн бүртгүүлэн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн автобусны зогсоолоос Хөвсгөл чиглэсэн аялал хөдөлсөн байна. 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр зар дээр байсан амралтын газраа очоогүй, амралтын газарт захиалга өгөөгүй, А.Өыг утсаа аваагүй зэрэг шалтгаанаар аялагчид хохирсон, залилуулсан гэсэн гомдол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тус хэрэгт дараах 5 хүнийг хохирогчоор тогтоосон байх ба бусад аялагч болон хөтөч нь гэрчээр мэдүүлэг өгчээ.
4.1. Хохирогч Б.Б мэдүүлэхдээ “...“Өсөхөө.А” гэсэн хаягаас УБ-Хөвсгөл-Жанхай гэсэн маршрутаар ...аялуулахаар бэлдээд байна гэсэн зар тавьсны дагуу холбогдоход 1 хүний төлбөр 600.000 төгрөг 2 ба түүнээс олон хүн хамт явбал 500.000 төгрөг болж хямдарна зэргээр тайлбарлаж хэлээд... хувь хүний данс байна шүү дээ залилчих юм биш биз дээ гэж асуухад би өөрөө цагдаад ажилладаг хүн гэж хэлэхээр нь зургийг нь харж итгээд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 500.0000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгийг аялалд явахдаа шилжүүлэхээр тохиролцоод ...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ө автобус одоо ирж байгаа гэж хүлээлгэж байгаад 19 цаг өнгөрч байхад манай найз охин бид 2-той нийлээд нийт 28 хүнийг нэг автобусанд суулгаад хөтөч гэх Хүрэлбаатар гэх хүнийг бид нарт танилцуулаад ...Ө нь бууж үлдээд бид нар аялалдаа гарсан. ...12-ны орой бид нарт танилцуулж байснаас өөр Далайн түрлэг гэх амралтын газар бид нарыг буулгасан бөгөөд тухайн амралтын газраа ямар ч захиалга өгөөгүй төлбөр тооцоо хийгээгүй болохыг мэдсэн. А.Ө руу хүмүүс залгасан боловч утсаа авахгүй байсан учраас яах аргагүй төлбөрөө бүрэн өгөөгүй байсан хүмүүс мөнгөө нийлүүлээд тухайн амралтын газарт 2 хоноод буцах гэтэл автобусны буцах мөнгийг бас өгөөгүй гээд жолооч нь бид нарыг авч явж чадахгүй гэсэн учраас бид нар өөрсдөө унаа олж Улаанбаатарт ирсэн...500.000 төгрөгийг А.Өын дансаар, үлдсэн 500.000 төгрөгийг хөтөч гэх Хүрэлбаатарын дансаар шилжүүлсэн...” гэсэн бол /хх27-28/,
4.2. Хохирогч Б.Г мэдүүлэхдээ “...Хийморь нэртэй амралтын газар руу маш гоё хөтөлбөртэй аяллын зар тавьсан байсан. Жанхайн эрэг дээр Хийморь гэх нэртэй амралтын бааз дээр очиж амарна, морин болон завьтай аялалтай, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулагдана гэх зэргээр маш гоё хөтөлбөр танилцуулсан. Би данс руу эхлээд 250.000 дараа 350.000 төгрөг шилжүүлсэн. ...Өыг мөнгө шилжүүлэхийг хүлээж байгаад Өаас Хүрэлбаатарт 710.000 төгрөг шилжиж орж ирэхээр нь үлдсэн хүмүүс дундаасаа 400.000 орчим төгрөг цуглуулаад тухайн амралтдаа дахин нэг хоносон. А.Ө биднийг автобусанд суух үед хүний тоогоор жижиг ус ундаа, царцуу шахуу нэг ширхэг хуушуур, хонины мах, 20 литр айраг, ганц хоёр шил дарс бэлдсэн байх шиг байсан. ..нэрийг нь мэдэхгүй эгч байсан бөгөөд тэр эгч хүүхдүүдээс нь төлбөр орж ирнэ гэж хүлээлгэж байгаад ямар ч төлбөр төлөхгүй амралтад нэг хоночхоод маргааш нь алга болсон...” гэжээ. /хх33-34/
4.3. Ж.Д мэдүүлэхдээ “...Цагдаа хувцастай Ө гэх хүн уулзаж, дүү нь ковидоос өмнө 2 удаа аялал зохион байгуулж байсан. Хөвсгөлийн Жанхайн эрэг рүү хүмүүсийг авч явах гэж байна. Нэг хүн явбал 600.000 төгрөг, 2 болон түүнээс дээш хүн явбал 500.000 төгрөг, гэхлээр нь би эхнэр 4 хүүхдийн хамт явбал 1 хүний 500.000 төгрөг болж байна 11 настай хүүхдийг 300.000 төгрөгөөр тооцоод нийт 2.800.000 төгрөгт авч явъя гэж хэлэхээр нь цагдаа хүн байна гэж итгээд 1.400.000 төгрөг шилжүүлж үлдсэн 1.400.000 төгрөгийг замдаа шилжүүлэхээр тохирсон. Би өөрөөсөө 500.000 төгрөг гаргаж, тухайн тухайн амралтын газар гэр бүлээрээ амраад хоол хүнс завь морь зэрэг дандаа хувиасаа гаргасан. Зардалд ойролцоогоор 500.000, төгрөг зарцуулсан нийлээд 3.500.000 төгрөг нэхэмжилмээр байна. Бид нарыг автобусанд суухад хүний нэг жижигхэн ундаа, нэг нэг хуушуур замаас нэг хонины мах зэргийг өгсөн санагдаж байна...тухайн жолооч Далайн түрлэг гэх амралтын газар аваачиж буулгасан, уг нь бол Жанхайн эрэг дээрх Хийморь гэх амралтын газарт бид нарыг буулгана гэж авч явсан...” гэсэн бол /хх40-41/,
4.4. Хохирогч Б.М мэдүүлэхдээ “...А.Ө гэх залуу бид нарыг хүлээж аваад автобусанд суулгаж аяллын хөтөлбөрөө танилцуулаад тооцоогоо хийгээгүй хүмүүс тооцоогоо хийгээрэй гэж хэлэхэд А.Өт бэлнээр 500.000 төгрөг өгсөн, харин манай 4 найз замдаа Хүрэлбаатарын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Далайн түрлэг гэх нэртэй амралтын газарт бид нарыг буулгасан ...аялж байсан хүмүүсээс нэг нь Жанхай биш байна гээд Ө руу залгасан боловч холбогдож чадаагүй, хүмүүс Хүрэлбаатар руу дайраад шилжүүлсэн мөнгөнүүдээ нэхсэн учраас Хүрэлбаатар нь 2.500.000 төгрөгийг Мөнх-Алдарын данс руу шилжүүлсэн. Манай найзууд өөрсдийнхөө шилжүүлсэн мөнгийг авч үлдээд илүү мөнгийг нь бусад мөнгө өгсөн хүнд нь өгсөн...” гэсэн /хх47/,
4.5. хохирогч Г.Мо мэдүүлэхдээ “...Ө гэх хүн өөрөө ирээд одоо автобус ирж байгаа гэж хэлээд удалгүй шар өнгөтэй автобус ирж зогсоход эхнэр бид хоёртой нийлээд 28 хүн тухайн автобусанд суусан. ...Хийморь амралтын газар очихоор хөтөлбөрийн чинь дагуу амраана гэхээр нь 1 сая төгрөг шилжүүлэхээс 900.000 төгрөгийг Өын данс руу шилжүүлсэн. Гэтэл автобусанд байсан хүмүүсийн зарим нь урьдчилгаагаа Ө руу шилжүүлж, зарим хүмүүс нь замдаа шилжүүлье, очоод өгнө гэх зэргээр хойшлуулсан...” гэсэн байна. /хх50-51/,
4.6. Хэрэгт авагдсан баримтаар тус хэрэгт гэрч болон иргэний нэхэмжлэгчээр Н.Хүрэлбаатараас мэдүүлэг авсан байх ба тэрээр аяллын хөтчийн үүрэгтэйгээр явсан нь тогтоогдож байна.
Тэрээр мэдүүлэхдээ “...Хөвсгөл аймаг руу аялагчид авч явж зохион байгуулагч хийх хүн хайж байна цалин өдрийн 60.000 төгрөг гэсэн зарын дагуу Өтай холбогдож зөвшөөрсөн...автобусны 2 жолооч болон надаас гадна 28 хүн автобусанд суугаад Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Автобусанд сууж байсан тооцоогоо дутуу хийсэн хүмүүсээс жолооч руу түлшний мөнгө шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлэхэд Билгүүн гэх хүн Солонгос улсын 1 иргэнтэй хамт явж байсан залуу жолоочийн данс руу 1 сая төгрөг шилжүүлээд тэр мөнгөөрөө түлш хийсэн. 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим Хөвсгөл аймгийн төв дээр орж ирээд Өтай утсаар холбогдоход наана чинь төлбөрөө дутуу хийсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа чи тэр хүмүүсээс мөнгийг нь аваад над руу 500.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгөө дансандаа байлгаж байгаарай гэж хэлсэн. Ингээд миний данс руу Б гэх хүнээс 500.000 төгрөг, Отгонцэцэгээс 400.000 төгрөг, Бадамханд, Даваажаргал нараас 1.000.000 төгрөг, Мөнх-Алдараас 500.000 төгрөг, Саруулчимэгээс 3 хүний 1.500.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөг шилжиж орж ирсэн, бэлнээр Сарантуяа 400.000 төгрөг, Мөнхтөр, Азхийморь гэх 2 хүн 1.000.000 төгрөг өгснөөс Өын хэлсний дагуу 5114456072 дугаар данс руу 500.000 шилжүүлээд, бэлэн 1.000.000 төгрөгийг жолоочид өгсөн. Бэлэн үлдсэн 400.000 төгрөгөөс 161.800 төгрөгөөр нь хүмүүст ус, ундаа авч өгөөд үлдсэн мөнгийг нь дансандаа үлдээгээд Далайн түрлэг гэх амралтын газар очтол урьдчилгаа мөнгөө шилжүүлээгүй, тийм учраас мөнгөө өгөхөөс нааш оруулахгүй гэхээр нь Өсөхөөтэй ярихад наад хүмүүсээ оруулаад байж бай удахгүй би мөнгө шилжүүлнэ зэргээр худал хэлээд байсан. Аялагчид над руу дайраад уцаарлаад байхаар нь хүмүүсээс над руу шилжүүлсэн мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг нь Саруулчимэг гэх аялагчийн данс руу шилжүүлээд мөнгө өгсөн хүмүүс нь хувааж авсан. Ингээд миний дансанд мөнгө 900.000 төгрөг, бэлнээр 238.200 төгрөг байсан ...тэр амралтын баазад 1.100.000 төгрөг шилжүүлээд хүмүүсээс цуглуулсан мөнгө дууссан. Тэр орой Өаас миний данс руу 710.000 төгрөг орсон байсан ба над руу орсон мөнгө дээр нэмж 400.000 төгрөг нэмцгээгээд тухайн амралтдаа дахин нэг хоноод 7 сарын 14-ний өдөр өөрсдөө унаагаа олцгоогоод хот руу явсан. Учир нь Ө жолоочтой ирж буцахын 4.000.000 төгрөг тохироод 2.000.000 төгрөг өгсөн учраас буцахдаа мөнгөөр хүмүүс авч буцна гээд аялагч нарыг аваагүй...миний хувьд цалин 360.000 төрөг, мөн замын зардалд өөрөө зарцуулсан 200.000 төгрөгийг нийт 560.000 төгрөг гаргуулж авах гомдол гаргаснаас 100.000 төгрөгийг Ө надад шилжүүлсэн...” гэжээ. /хх53-54/
4.7. Тус аялалд явсан дараах хүмүүс тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байх бөгөөд С.Мөнх-Алдар гэрчээр мэдүүлэхдээ “...Мөрөн хотод ирчихсэн учраас арай ч хулхидуулчихгүй байх гээд 4 хүний 2 сая төгрөгөө Хүрэлбаатарын данс руу шилжүүлсэн. Жанхайн эрэг дээрх Хийморь амралт биш өөр амралт байсан... ингээд хүмүүс уурлаж эхэлсэн...” гэсэн бол /хх61/, гэрч Д.Бадамханд мэдүүлэхдээ “...Хүрэлбаатар гэх хүнд мөнгөө хураалгасан хүмүүс мөнгөө буцааж авахаар болоод миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгөөрөө тухайн амралтад аргайгүйн эрхэнд ямар ч үзэх харах зүйлгүй 2 хоноод өөрөө унаа олж буцаж ирсэн...” гэсэн /хх65/, гэрч Б.Билгүүн мэдүүлэхдээ “...12-ны өдрийн оройн 19 цагийн орчим Далайн түрлэг гэх амралтад очиход ямар ч урьдчилгаа мөнгө өгөөгүй учраас хүлээн авах боломжгүй гэж байсан...тухайн аялалд явж байсан 2 гадаадын иргэнтэй нийлж бид 4 цаашаа аяллаа үргэлжлүүлсэн...” гэсэн /хх67/, гэрч А.Мөнхтөр мэдүүлэхдээ “Жанхайн эрэг дээрх амралт биш байна гэж хүмүүс хэл ам хийж эхэлсэн бөгөөд орой болсон байсан учраас яах ч аргагүй тухайн амралт дээрээ буугаад хүнтэй нь уулзахад урьдчилгаа төлбөр төлөөгүй гэж хэлсэн...” гэсэн /хх69/, гэрч А.Урангоо мэдүүлэхдээ “...50 гаран настай эгчийн хувьд хэнд ч ямар ч мөнгө төлөөгүй гэдгийг мэдэж байна. Тэр хүний талаар мэдээлэл байхгүй. Харин 2 гадаад улсын иргэн удахгүй нутаг буцна гэж байсан ба Өт мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй, автобусанд суусан цагаас хойш ямар ч мөнгө өгөөгүй. Тэр хоёр хүн Өаас нэхэмжлээд байх зүйл байхгүй гэж ярьж байсан...” гэсэн /хх74-75/, гэрч Б.Отгонцэцэг мэдүүлэхдээ “...Мөрөн суман дээр очоод 400.000 төгрөгийг Хүрэлбаатар гэх залуугийн дансанд хийсэн. Найз Д.Сарантуяа 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр өгсөн мөнгөнөөсөө ямар ч мөнгө эргүүлж аваагүй..” гэсэн /хх131-132/, гэрч Д.Сарантуяа /хх134-135/ мөн адил утгатай мэдүүлэг өгчээ.
4.8. Тус хэрэгт Далайн түрлэг, Хийморь амралтын газрын холбогдох хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч М.Адъяахүү мэдүүлэхдээ “А.Ө гэдэг хүн 2022 оны 7 дугаар сарын 7-08-ны хооронд Далайн түрлэг гэх цахим хаягаар захиалга өгсөн, гэхдээ мөнгө төгрөг бол өгөөгүй. Урьдчилгаа мөнгөө хийгээгүй байсан болохоор урьдчилгаа мөнгө ороогүй байна гэхэд биднийг амраахаар мөнгө авсан Ө гээд хүн урьдчилгаа мөнгийг нь хийсэн гээд байсан. Тэгээд манайх урьдчилгаа мөнгө ороогүй болохоор захиалга хүчингүй болсон уг хүмүүс өөрсдийн бэлэн мөнгөөр 2 хоног амраад явсан...” гэсэн бол /хх140-141/,
гэрч С.Мөн /Хийморь амралтын газрын захирал/ мэдүүлэхдээ “А.Ө гэдэг хүн манай амралт руу холбогдоод хувиараа 30 орчим хүний аялал зохион байгуулах гэсэн юм гэж хэлэхээр нь урьдчилгаа өгөхгүй бол манайх захиалга ихтэй байгаа гэхэд 2022.07.09-ний өдөр манай менежерийн данс руу 500.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн. Гэтэл яг хэлсэн өдөртөө ямар ч хүн ирээгүй учраас манай амралтын газар гэр байшиндаа захиалга аваагүй, 30 хүний хоол хийсэн боловч төлбөрөө авч чадаагүй учраас урьдчилгаанд өгсөн мөнгийг нь зардалдаа тооцож авч үлдсэн. Уг нь бол А.Ө нь 2022.07.12-ны өдөр 30 аялагчийг манайд буулгана гээд 1 хүний хоногийн зардлыг 120.000 төгрөгөөр бодоод 2 хоногийн 7.200.000 төгрөгийг манайд өгөхөөр утсаар тохирсон. Тэгээд 2022.07.12-ны өдөр аялагч нар нь ирэхгүй болохоор нь утсаар залгахад утсаа авахаа больчихсон...” гэжээ. /хх145/,
4.9. Харин шүүгдэгч А.Ө нь гэрчээр мэдүүлэхдээ “...хүмүүсийг Жанхайд байрладаг Хийморь гэх нэртэй жуулчны баазад байрлуулах гээд 2022.07.09-ний өдөр урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлсэн байсан учраас жолоочид тэр амралтын газраа зааж өгч явуулсан. Гэтэл 12-ны орой өөр амралтын газарт ирчихсэн байна төлбөр мөнгө өгөхгүй бол оруулахгүй байна гэж хэлэхээр нь хөтчөөр явсан залууд наанаа байгаа мөнгөө гүйцэд өгөөгүй хүмүүсээс цуглуулж аваад тооцоо хий, болохгүй бол би мөнгө шилжүүлье гэж Хүрэлбаатарын данс руу 710.000 төгрөг шилжүүлсэн. ...Надад нийт цугларсан 4.400.000 төгрөгөөс амралтын газрын урьдчилгаанд 500.000 төгрөг, 12-ны өдөр баазын мөнгө гэж 710.000 төгрөг Хүрэлбаатар руу шилжүүлсэн, 690.000 төгрөгөөр замдаа автобусанд идэж уух ундаа, хиам, чихэр, огурцы, дарс, айраг зэрэг эд зүйл аваад автобусанд өгч явуулсан, аймгийн төвөөс хорхгийн 2 хонь 400.000 төгрөгөөр авахад нь би хотоос шилжүүлсэн. Үлдсэн 2.100.000 төгрөгийг өөрийн болж байна гэж ойлгоод авч үлдсэн... 28 хүний 14 сая төгрөг цуглах ёстой байсан...” гэжээ. /хх23-24/,
5. Хохирогч нар болон гэрч Н.Хүрэлбаатараас шилжүүлсэн мөнгийг оролцуулаад шүүгдэгч А.Өт нийт 4.400.000 төгрөгийг аяллын урьдчилгаанд бэлнээр болон дансаар шилжүүлсэн нь А.Өын дансны хуулга /хх190-202/, Н.Хүрэлбаатарын данс хуулга /хх59/, хохирогч нар болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
6. Улсын яллагчаас шүүгдэгчийг 28 аялагчийн 5-ийг буюу шүүгдэгч А.Өт урьдчилгаа байдлаар дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлсэн Б.Б, Б.Г, Ж.Д, Б.М, Г.Мо нарыг залилсан, тэдгээрт нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг хүлээн авах боломжгүй дараах нөхцөл байдал үүсэж байна.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт “хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан”-ыг ойлгохоор заасан.
Шүүгдэгч А.Ө болон дээр дурдсан хохирогч, гэрч нарын хооронд үүссэн аялал зохион байгуулахтай холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын гэрээтэй холбоотой буюу тухайн гэрээний үүргийн зөрчил, доголдол, үүнтэй холбоотой гэм хорын шаардлагын асуудал уу, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан буюу гэмт санаа зорилгоор, бусдын өмчлөх эрхэд залилан мэхлэх замаар халдсан идэвхтэй үйлдэл эсэхийг нарийн нягт шалган тогтоох шаардлагатай.
Залилах гэмт хэрэг нь Иргэний эрх зүйн гэрээний эрх зүйн харилцаанаас ямар шинжээр, хэрхэн ялгагддаг талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 51 дугаар тогтоолд дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
6.2. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас дараах нөхцөл байдал тодорхойгүй байна.
Тухайлбал, хохирогч гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Ө нь аялалд гарахад ус, ундаа, хуушуур, хонины мах, айраг, дарс бэлдсэн байсан нь тогтоогдсон. Энэхүү зардалд 1.090.000 төгрөг зарцуулсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэх боломжгүй байна.
Мөн тэрээр 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг баазын урьдчилгаа байдлаар шилжүүлсэн нь /хх201/ тал дахь дансны хуулга, “Хийморь” амралтын газрын захирал С.Мөний мэдүүлгээр нотлогдсон. Түүнчлэн 710.000 төгрөгийг 7 дугаар сарын 12-ны орой Н.Хүрэлбаатарын данс руу шилжүүлсэн нь мөн дансны хуулга, мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл урьдчилгаа байдлаар хураасан мөнгөнөөс 2.300.000 төгрөгийн зардал гаргасан байхад урьдчилгаа байдлаар хохирогч нараас хураан авсан үнийн дүнг бусдыг залилсан гэж үзэх нь учир дутагдалтай болжээ.
6.3. Хохирогч нар буюу аялагч нар нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч А.Өын зохион байгуулах аяллын зар болон өөрсдийнх мэдүүлэгт дурдсан Жанхайн эрэг дээрх “Хийморь” гэсэн амралтын газарт яагаад очоогүй нь тодорхойгүй байна.
Учир нь шүүгдэгч А.Ө нь тус амралтын газарт 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг урьдчилгаа байдлаар шилжүүлсэн, үнэ хөлсөө тохирсон, 12-ны өдөр 30 хүний хоол бэлдээд хүлээж байхад аялагч нар ирээгүй талаар холбогдох хариуцсан гэрчээр мэдүүлсэн. Нэр бүхий 5 хохирогч болон дээр дурдсан гэрч нарын мэдүүлэгт жолооч “Далайн түрлэг” гэсэн амралтын газар буулгасан, аялагч нараас захиалсан амралтын газар биш байна гэж шаардлага гаргасан гэх боловч “Хийморь” амралтын газар руу ямар шалтгаанаар яваагүй болохыг мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоогоогүй байна. Энэ талаар тус аялалд хөтчөөр явсан Н.Хүрэлбаатар гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлээгүй, аялагч нарыг авч явсан, өөр амралтад буулгасан гэх жолоочийг гэрчээр асуугаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл захиалга өгсөн “Хийморь” амралтын газарт аялагч нарыг хүргээгүй нь ямар хүчин зүйлээс шалтгаалсан, хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, зохион байгуулалт, тооцооллын алдаа юу, хоорондоо үл ойлголцсоных уу гэдгийг шүүх таамаглан дүгнэх боломжгүй юм.
6.4. Хэрэгт авагдсан баримтаар зарим аялагч нар нь урьдчилгаа төлбөр төлөөгүй, аяллын явцад Н.Хүрэлбаатарт төлсөн, зарим нь огт төлбөр төлөлгүйгээр явсан, мөн буруу газар ирсэн байна гэсэнтэй холбоотой төлбөрөө буцаан шаардаж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэрч А.Урангоогийн мэдүүлэгт “...50 гаран настай эгчийн хувьд хэнд ч ямар ч мөнгө төлөөгүй гэдгийг мэдэж байна. Тэр хүний талаар мэдээлэл байхгүй. Харин 2 гадаад улсын иргэн удахгүй нутаг буцна гэж байсан ба Өт мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй, автобусанд суусан цагаас хойш ямар ч мөнгө өгөөгүй. Тэр хоёр хүн Өаас нэхэмжлээд байх зүйл байхгүй гэж ярьж байсан...” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд зохион байгуулагч, аялагч /жуулчин/ нарын харилцсан тохиролцсон үүргээ биелүүлэхэд ганц шүүгдэгч А.Өын үйлдэл нөлөөлсөн гэж үзэхэд учир дутагдалтай, нөгөө талаар аялагч нар тохиролцсоны дагуу хөлсөө бүрэн төлөөгүйтэй холбоотой асуудал, маргаан үүссэн гэж үзэхээр байна.
6.5. Улсын яллагчаас шүүгдэгчийг аялал зохион байгуулна гэж хуурамч зар байршуулсан гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч А.Ө нь амралтын газрууд судалж, захиалсан байдал, хохирогч нарын аялалд зориулж, хоол хүнс бэлдсэн, хонох газрын төлбөр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдалтай байхад түүнийг анхнаасаа аялал зохион байгуулахгүй, зөвхөн мөнгийг өөрт авах санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй юм.
6.6. Мөн яллах талаас шүүгдэгч нь төрийн тусгай албан хаагч учир хуулиар зөвшөөрөөгүй давхар ажил эрхлэхийг хориглосон, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, улмаар албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилсан буюу залилах гэмт хэргийн шинжид хамааруулах дүгнэлт гаргасан нь мөн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч А.Өын хувьд төрийн тусгай албан хаагч буюу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа, жолооч ажилтай байсан нь өөрийн мэдүүлэг болон төрийн албан хаагчийн анкет /хх149-154/, Цагдаагийн ерөнхий газрын “албан тушаал, ажлын байранд томилж, цол олгосон албан хаагчдын нэрс /хх155-156/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Гэхдээ түүний аялал зохион байгуулах давхар ажил эрхэлсэнтэй холбоотой асуудал нь захиргааны эрх зүйн асуудал болохоос залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй юм.
6.7. Улсын яллагчаас шүүгдэгчийн аялал зохион байгуулах зар нь анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй буюу зах зээлийн ханшид тохирохгүй төлбөр авч, аялалд бүртгэсэн энэ нь анхнаасаа залилах санаа зорилготой байсан гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тус хэрэгт 28 аялагч бүрэн төлбөрөө төлсөн тохиолдолд, замын зардал, амралтын баазын зардал, хөтөч, жолоочийн хөлс хэдэн төгрөг болох талаар бүрэн шалгаж тогтоогоогүй, мөн аялал жуулчлал нь бизнесийн зорилготой үйл ажиллагаатай тул алдагдалд орох, эрсдэлээ тооцох асуудал нь зохион байгуулагчийн асуудал гэж үзэхээр байна. Улмаар уг үйл ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргах эрх хохирогч нарт нээлттэй байжээ.
6.8. Хохирогч нар болон бусад гэрч нар нь шүүгдэгчийг утсаа авахгүй байсан гэх боловч Н.Хүрэлбаатарын мэдүүлэгт холбоо барьсан, нэмж мөнгө шилжүүлсэн талаар тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн анхнаасаа төлөвлөсөн, захиалга өгсөн амралтын газарт очоогүй байхад шүүгдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болсныг мэдэн, бусдыг залилсан гэж үзэж болохгүй юм. Мөн шүүгдэгч нь дээрх нөхцөл байдалд хохирогч нарт огт төлбөр төлөхгүй гэмт санаагаар хуурч, мэхэлсэн идэвхтэй үйлдэл тогтоогдоогүй, харин ч алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан, хохирогч Б.М, Г.Мо, Б.Г нарт учруулсан хохирлоо төлсөн, бусад хохирогч нарт хохирол учирсныг төлөхөө илэрхийлж байгаа нь гэрээний харилцаатай холбоотой гомдлын шаардлагыг зөвшөөрч байгаа гэж үзэхээр байна.
7. Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэх нь зөв байна.
Дээрд дурдсанаар шүүгдэгч А.Өын үйлдэл залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг эргэлзээгүйгээр нотлон тогтоож чадаагүй буюу иргэний эрх зүйн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой харилцаа гэж үзэх үндэслэл байна. Тиймээс эргэлзээтэй нөхцөл байдалд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч А.Өт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2211 01291 1525 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино” гэж заасны дагуу нэр бүхий хохирогч нарын хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
10. Шүүгдэгч А.Өт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
11. Шүүгдэгч нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй буюу нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Өыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2211 01291 1525 дугаартай хэргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
3. Шүүгдэгч А.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч нарын хохирлын талаарх асуудлыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь өөрт учирсан хохирлыг оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХБААТАР