Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ж.О

            Хариуцагч: Төв аймаг, ШШГГ

            “Гэм хорын хохирол 31 238 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.”““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““, хариуцагчийн өмгөөлөгч  П.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай Орон сууцны барилга барих, бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч миний зүгээс тогтсон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 31 238 000 төгрөг тушаах, гүйцэтгэгч тал буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2015 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, надад хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу миний бие эхний 18 238 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, мөн үлдсэн 6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнөөдрийг хүртэл орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөхгүй, миний зүгээс захиалгын орон сууцандаа орох гэтэл Төрийн банкны барьцаанд битүүмжлэгдсэн байхыг олж мэдлээ. Төрийн байгууллага тэр тусмаа хууль сахиулах тусгай чиг үүргийн байгууллага намайг хохироож олон жил эд хөрөнгийн болоод сэтгэл санааны асар их хохирол амсуулж байна. Мөн тухайн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар тендерийн журмаар, ямар компаниар бариулсан гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд гэм хорын хохирол 31 238 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай орон сууц барих, бариулах гэрээ хийсэн. Уг байр нь 2015 оны 04 дүгээр улиралд багтаж ашиглалтанд орно гээд гэрээ хийсэн боловч ашиглалтад орохгүй байсаар 2017 оны 01 сард ашиглалтад орсон. Би Солонгос улсад ажилладаг байсан, гэрээ хийснээс хойш нутагтаа ирэхээрээ байрандаа орно гээд бодож явсан. Гэтэл “Т.Х” ХХК-тай хийсэн нэг гэрээ гараад ирсэн, энэхүү гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмнөөс бараг хийсэн юм шиг байна лээ. Миний гарын үсэг байхгүй, надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй, 2015 эхний улиралд хийсэн гэрээ байсан. Уг гэрээг миний төрсөн ахад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн байсан. Гэрээний дагуу 31 238 000 төгрөг нэхэмжилж байна. Намайг “Т.Х” ХХК-тай хийсэн гэрээ гэж яриад байна. Би “Т.Х” ХХК-тай нэг ч гэрээ байгуулж байгаагүй, гэрээ байгуулъя гэж над руу ярьж байсан удаа байхгүй. 2015 оны эхний улиралд “Т.Х” ХХК-тай гэрээ хийсэн гэдэг, гэтэл энэ гэрээгээ 2018 онд миний ахад өгсөн байсан. “Т.Х” ХХК гэх компанийг би үнэхээр мэдэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрсдөө л “Т.Х” ХХК-тай учраа олох ёстой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон иргэн Ж.”““ нарын хооронд 2014 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байдаг. Гэрээгээр талууд ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр Ж.”““ нь заасан хугацаанд тодорхой төлбөрийг шилжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2015 оны 4 дүгээр улиралд багтааж орон сууцыг Ж.”““ийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Мөн хэрвээ талууд гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс үүсэх хохирлыг нэхэмжлэх, гэрээнээс татгалзах, төлбөр гаргуулах эрхтэйгээр гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Ж.”““ нь гэрээ байгуулангуутаа 18 138 000 төгрөгийг Шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын ажилтан Б.Б.Э гэдэг хүний дансанд шилжүүлсэн. Мөн 2 дахь удаагаа Ж.”““ийн ээж нь мөнгө шилжүүлэх гэсэн юм, ямар данс руу хийх вэ гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Алтантулгаас орж асуухад Б.Э гэдэг хүнийн дансыг өгсөн байдаг. 3 дугаар ээлжийн мөнгийг мөн хугацаандаа шилжүүлсэн байдаг.  Ж.”““ийн ээж нь данс эзэмшигч нь хэн болохыг мэдэхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс юм уу, ажилтных данс юм уу мэдэхгүй шилжүүлсэн гэдэг, ямар байсан ч гэрээгээр заасан хугацаандаа төлөх ёстой мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дээрээс нь тухайн гэрээгээр авахаар тохирсон байр нь Төрийн банкны барьцаанд байгаа мэдээлэл авсан. Мөн нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч гэх “Т.Х” ХХК-тай ямар нэгэн байдлаар эрхзүйн харилцаанд орж байгаагүй. Иймд анх байгуулсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлээ гэрээнээс татгалзсаны улмаас өгсөн 31 238 000 төгрөгөө буцааж авах гэж нэхэмжлэлээ тодруулж байна. Анх захиалгаар байр бариулах гэрээ байгуулаад гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийг төлсөн. Энэ гэрээнд ямар нэг туслан гүйцэтгэгч юм уу, гуравдагч этгээдээр барилгыг бариулна гэсэн заалт байдаггүй. “Т.Х” ХХК-иас нэхэмжлэгчтэй холбогдож гэрээ байгуулъя гэсэн санал тавьж байгаагүй, Ж.”““ нь зөвшөөрөл өгсөн зүйл байдаггүй. Үнэхээр  “Т.Х” ХХК-тай гэрээ байгуулаад дансанд өөрөө мөнгөө хийсэн бол хамтран хариуцагчаар татах асуудал яригдах байх, гэтэл анхны гэрээнд ийм зүйл тусгаагүй, нэхэмжлэгч нь өөрөө анхны гэрээтэй холбоотой асуудлаар л хариуцагчаа сонгосон. Мөн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг асуудлыг тодруулъя гэж хариуцагч тал өөрсдөө хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар “Т.Х” ХХК-тай гэрээ байгуулаад, гарын үсэг зурсан зүйл байдаггүй, гадаад улсад байсан ч консулаар дамжуулаад ч юм уу зөвшөөрсөн бичиг, факс зэрэг явуулсан зүйл байдаггүй. Бид нар анхны байгуулсан гэрээнийхээ үүргийг л шаардаж байгаа. Хоёр дахь гэрээ гэж угаасаа байхгүй, тийм гэрээ огт байгуулаагүй. Хэрвээ “Т.Х” ХХК, Ж.”““ нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж байгаа бол талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй гэдгээ юугаар нотлож байгаа вэ гэвэл гэрээнд гарын үсэг зураагүй, мэдээгүй. Анхны гэрээнийхээ үүргийг шаардаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиход өмнөөс нь “Т.Х” ХХК-ийн гэрээг гаргаж өгсөн, энэ гэрээ нь огт байгуулагдаагүй гэрээ юм. Уг байрны түлхүүрийг гардаж авсан боловч ямар нэг байдлаар Ж.”““ийн өмчлөлд шилжээгүй, ашиглах ямар ч боломжгүй байгаа юм. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа, энэ гэрээг цуцлах талаар хариуцагч өөрөө ямар нэг санал гаргаагүй, энэ гэрээгээр 2015 оны 4 дүгээр улиралд багтааж орон сууцыг ашиглалтад өгнө гэсэн үүргийг хариуцагч тал хүлээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гэрээгээр тодорхой үүрэг хүлээчихээд хүлээсэн үүргээ бүхэлд нь өөр этгээдэд шилжүүлж болохгүй, хэрвээ бүхэлд нь өөр этгээдэд шилжүүлэх юм бол Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 355.4-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй, мөн захиалагч талдаа мэдэгдэх ёстой байтал ийм үйл баримт байдаггүй, иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.1-д заасныг үндэслэн хариуцагч тал гэрээний үүргээ биелээгүй тул шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.”““ийн тус шүүхэд хандан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлдээ “2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай Орон сууцны барилга барих, бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч миний зүгээс тогтоосон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 31 238 000 төгрөг тушаах гүйцэтгэгч тал 2015 оны 04 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж надад хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний үүргийн дагуу 18 238 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, мөн 6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шилжүүлсэн” гэжээ. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдын 30 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 онд анх өөрсдийн алба хаагчдын хөрөнгөөр барьж эхлүүлсэн бөгөөд уг барилгын суурийн давхрыг барьсан. Уг барилгыг гүйцээн ашиглалтад оруулахаар 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Т.Х" ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласны үндсэн дээр тус компани 30 айлын орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусган Улсын комиссд хүлээлгэн өгсөн. Барилгын ажил гүйцэтгэгч "Т.Х" ХХК нь тухайн орон сууцанд захиалга өгсөн хүн нэг бүртэй 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Ингэхдээ Ж.”““тэй мөн уг гэрээг "Т.Х" ХХК нь байгуулсан бөгөөд уг гэрээнд "Т.Х" ХХК-ийг төлөөлөн захирал Н.”““ гарын үсэг зурж баталгаажуулсан, тухайн үед Ж.”““ болон түүний төлөөлөл нь ирж чадаагүй тул гэрээ манай байгууллагад хадгалагдаж байсныг 2018 оны 10 дугаар сард Ж.”““ийн төрсөн ах Ж.Мөнхнасанд хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээгээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ж.”““ нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан орон сууцны барилга барих, бариулах гэрээний үүрэг дуусгавар болж захиалагч Ж.”““ нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө "Т.Х" ХХК-д төлөх мөн "Т.Х" ХХК нь Ж.”““ийн захиалсан орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан түүнд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Ийнхүү дээрх орон сууцыг "Т.Х" ХХК-иар гүйцэтгүүлэх болсныг Ж.”““ нь мэдэж байсан бөгөөд энэ нь дээрх гэрээг хүлээн зөвшөөрч орон сууц захиалгын үлдэгдэл төлбөр болох 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр,  6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус "Т.Х" ХХК-ний Н.”““ын Худалдаа хөгжлийн банкинд байрлах 417005469 тоот дансанд шилжүүлсэн байдлаас харагдаж байна. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ж.”““ нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан орон сууцны барилга барих, бариулах гэрээ дуусгавар болсон тул Ж.”““ийн нэхэмжилсэн 31 238 000 төгрөгийг манай байгууллага төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд уг орон сууцыг барихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн алба хаагчдаас өөрсдөөс нь мөнгө гаргуулж орон сууц барихаар шийдвэрлэсэн болохоор ямар нэг байдлаар тендэр зарлаагүй, зөвхөн алба хаагчдын төвлөрсөн мөнгөөр барьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барилга барихад нэг ч мөнгө, хөрөнгө оруулаагүй, зөвхөн аймгийн засаг захиргаатай харилцан тохироод барилга барих газрыг л гаргуулж авсан, уг байрыг барихдаа зөвхөн алба хаагчид биш энгийг иргэдээс ч захиалга авья гэж барьсан. Ж.”““ийг ямар нэг байдлаар хохирооё гэсэн сэдэл санаа байхгүй, аль болох байранд нь оруулах юмсан гэж бодсон. Тухайн үед Ж.”““ийн ах нь нэхэмжлэл гаргахынхаа урьдхан өдөр нь ирж гэрээгээ авсан, гэтэл би мэдээгүй байсан гэж ярьж байгаа нь үндэсгүй юм, 13 000 000 төгрөгөө мэдэхгүй хүнд зүв зүгээр өгнө гэж байхгүй, утсаар 2, 3 удаа ч холбогдсон хэн гэдэг хүн бэ гэдгийг нь өөрөө мэдэж байсан.

“Т.Х” ХХК-тай гэрээ байгуулахад Ж.”““ийн ээжтэй холбогдсон, та ирж гарын үсэг зураарай гэсэн боловч ирээгүй, мөнгө шилжүүлэх үедээ даргын өрөөнд ирж уулзахад ээжид нь тайлбарлаж хэлж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Т.Х” ХХК-д хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээний үүргээ шилжүүлсэн. Бүх захиалагчтайгаа “Т.Х” ХХК нь гэрээ байгуулсан, мөн Ж.”““тэй байгуулъя гэсэн боловч Солонгос улсад байсан учраас ирээгүй. Зөвхөн  Ж.”““ийг хүлээж гарын үсэг зуруулах байсан бол барилга баригдахгүй, олон хүнийг хохироох байсан, “Т.Х” ХХК нь хэр хэмжээний мөнгөнд Ж.”““ийн байрыг барьцаанд тавьсныг сайн мэдэхгүй байна. Мөн Ж.”““ 700 000, 800 000, 3 000 000 төгрөг гээд нэг өдрийн дотор боловч олон удаа “Т.Х” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг, тийм болохоор “Т.Х” ХХК-иас ч нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ж.”““ээс авсан мөнгө болох 18 238 000 төгрөгөө “Т.Х” ХХК руу бүгдийг нь шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөр дээрээ ямар нэг байдлаар Ж.”““ийн мөнгийг авч үлдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анхны гэрээ нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байр захиалгын гэрээ юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ж.”““ нь “Т.Х” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд тухайн компанийн дансанд байрныхаа үлдэгдэл төлбөрийг шилжүүлж байгаа нь гэрээ хүчин төгөлдөр биелэгдсэн байх нөхцөл бүрдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд гуравдагч этгээдээр “Т.Х” ХХК-ийг татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 18 000 000 төгрөг орсон, “Т.Х” ХХК-ийн дансанд 6 700 000 төгрөг орсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь 31 238 000 төгрөг гэдэг, гэтэл “Т.Х” ХХК-ийн дансанд орсон мөнгийг яах вэ, гэрээнээс татгалзахтай холбоотой буцааж өгч, авах эрх нь зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дан ганц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүй тайлбарлахдаа Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан шаардлага биш гэрээнээс татгалзаж байгаа шаардлага гэж нэгэнт тайлбарласан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь “Т.Х” ХХК-ийн дансанд манай ээж мөнгө шилжүүлсэн гэж өөрөө тайлбарласан, мөн гэрчийн мэдүүлгээр “гүйцэтгэгч компани ярьж байна, мөнгөө шилжүүлээрэй” гэхэд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаас асуухад “““, Б.Э гэх хүмүүсийн данс руу шилжүүлэх ёстой гэж тайлбарласан учраас шилжүүлсэн юм” гэснээр “Т.Х” ХХК нь нэхэмжлэлийг хариуцах ёстой нь нотлогдож байна. “““, Б.Э, “Т.Х” ХХК-ийг гэрээнээс татгалзаж байгаа хэрэгт гуравдагч этгээдээр заавал оролцуулах ёстой гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээдээр оролцох ёстой этгээд нь оролцоогүй байгаа учраас хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.”““ “гэм хорын хохирол 31 238 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрээнээс татгалзаж байгаа тул өгсөн 31 238 000 төгрөгөө буцааж авна гэж нэхэмжлэлээ тодруулсныг  хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж “Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай орон сууц барих, бариулах гэрээ байгуулсан, ... гэрээний дагуу ... нийт 31 238 000 төгрөг шилжүүлсэн, ... орон сууцыг миний өмчлөлд одоо хүртэл шилжүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө гаргуулна” гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Т.Х” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ... гүйцэтгэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны захиалга өгсөн хүн нэг бүртэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, ... тухайн үед Ж.”““ түүний төлөөлөл байгаагүй, ... дээрх гэрээгээр өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон тул манай байгууллага төлөхгүй” гэж тайлбар тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.”““, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /тухайн үеийн нэрээр/ нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны барилга барих, бариулах гэрээ /хх-9-10/ байгуулжээ. Гэрээгээр өрөөний тоо, орон сууцны талбайн хэмжээ, үнийг тохирсон байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээнээс үзвэл нэхэмжлэгч буюу захиалагч нь орон сууцны төлбөрийг 3 хувааж гүйцэтгэгчид шилжүүлэх, хариуцагч буюу гүйцэтгэгч нь орон сууцыг 2015 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон байна. Нэхэмжлэгч Ж.”““ орон сууцны нийт үнэ 31 238 000 төгрөгөөс гэрээний 3-д зааснаар эхний ээлжийн 18 238 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бус түүний ажилтны /Б.Б.Э/ Хаан банк дахь 5756035017 дугаар данс руу /хх-5, 109-110/ шилжүүлснээр хариуцагчийн “орон сууц барихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн алба хаагчдаас өөрсдөөс нь мөнгө гаргуулж орон сууц барихаар шийдвэрлэсэн болохоор ямар нэг байдлаар тендэр зарлаагүй ...” /хх-134/ гэх тайлбар нотлогдож байна. Нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Солонгос улсад ажиллаж байсан тул /хх-87/ түүний эх Ш.”““ орон сууцны үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр /хх-4, 6/, 6 000 000 төгрөгийг /3 000 000, 1 000 000, 700 000, 500 000, 800 000/  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэсэгчлэн /хх-11-15, 95-96/ шилжүүлжээ. Дээрх төлбөр буюу нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ хариуцагч, түүний ажилтны данс руу бус “Т.Х” ХХК-ийн захирал Б.Б.Э, Н.”““ нарын данс руу шилжүүлсэн байна. Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Т.Х” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-116-118/, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-119/ байгуулсан, мөн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ж.”““ “Т.Х” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан /хх-39/, дээрх гэрээнүүд байгуулагдсанаар Ж.”““тэй байгуулсан өмнөх гэрээ дуусгавар болсон, улмаар нэхэмжлэгч гэрээний талаар мэдэж байсан учраас үлдэгдэл 13 000 000 төгрөгийг тухайн компанийн эрх бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн тул манай байгууллага дангаар хариуцахгүй, “Т.Х” ХХК хамтран хариуцах ёстой гэх тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлээр талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж, гэрээ байгуулах саналыг хүлээн авснаа бичгээр мэдэгдэхийг гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиалагч Ж.”““, гүйцэтгэгч “Т.Х” ХХК-ийн хооронд байгуулсан гэх орон сууц захиалан бариулах гэрээнд захиалагч Ж.”““ гарын үсэг зураагүй, захиалагч гэрээ байгуулах саналыг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй тул талуудын хооронд гэрээ байгуулсан гэж тооцохгүй. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг. Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлүүдээр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл, журмыг зохицуулдаг бөгөөд хариуцагч хуульд зааснаар гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгч талд мэдэгдсэн баримт хэрэгт цуглараагүй тул хариуцагчийн “өмнөх гэрээ дуусгавар болсон” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Орон сууцны барилга барих, бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Орон сууцны барилга барих, бариулах гэрээ”-нээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн 31 238 000 төгрөгөө гаргуулахаар шаарджээ. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувь байх ойлголт бөгөөд гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын /нэхэмжлэгч/ хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж ойлгож, талууд гэрээгээр өгсөн авснаа буцаана. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч  хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн /орон сууцыг биет байдлаар хүлээлгэж өгөөгүй/ тул өгсөн зүйл болох 31 238 000 төгрөгөө гаргуулна гэжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ. Эдгээр заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар гэрээний харилцаа нь харилцан буцаан өгөх харилцаа болон өөрчлөгдөж, хариуцагч гэрээгээр авсан зүйлээ буцаан олгоно.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 31 238 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““т олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.”““ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ш.”““д 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай итгэмжлэл олгосон /хх-47/ бөгөөд итгэмжлэлд “... Ш.”““г ... миний бие ... -ийг очих хүртэл өөрийн итгэмжлэгдсэн хүн ...” гэж дурдсан улмаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар “би өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, ээждээ олгосон итгэмжлэл хүчингүй шүү” /хх-67/ гэх тайлбар гаргаснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан гэж үзэх үндэстэйг дурдах нь зүйтэй.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангасан Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-4-5/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хх-7/, гэрэл зураг /хх-8/, орон сууцны барилга барих, бариулах гэрээ /хх-9-10/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-11-13/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-14-15/, хариуцагчийн итгэмжлэл /хх-19/, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-20/, хариуцагчийн хариу тайлбар /хх-26-27/, Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/254 дүгээр албан бичиг /хх-38/,15/024 дүгээр орон сууц захиалан бариулах гэрээ /хх-39/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-47/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан гомдол /хх-52-53/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/1374 дугаар албан бичиг, хавсралт /хх-54-56/, 1/626 дугаар албан бичиг /хх-112/, нэхэмжлэгчийн гарын үсэг /хх-67-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10/1504, 10/1896 дугаар албан бичиг /хх-74, 78/, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар /хх-87/, Ш.”““г гэрчээр асуусан тэмдэглэл /хх-95-96/, Хаан банкны 19/236 дугаар албан бичиг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-109-110/, 15/01 дүгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-116-118/, 15/01-46 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-119/ зэргийг үнэлж шийдвэрийг үндэслэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314 140 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 314 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““т олгох үндэстэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31 238 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314 140 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 314 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.”““т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР