Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                      Дугаар 2023/ШЦТ/15                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнгэ овгийн П-ийн Ц-д холбогдох 2228000000181 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багт байх Хүрмэн сум явах засмал замын хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Х.Мтэй маргалдан улмаар бие махбодид нь халдан зодож эрүүл мэндэд нь тархины доргилт баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн сарвууны олон тооны жижиг зулгаралт 2 гарын бугалга баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Цг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Ц шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр бид хоёр 1999 онд танилцаж 2000 онд айл гэр бүл болсон. Одоо ам бүл 5 нөхөр, гурван хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг Зүүн сайханы 7-19 тоотод амьдарч байна. Манай нөхөр ер нь их хартай, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой би гэр бүлийн найзууд болох М, Халиун нарын хамт караокед орж хэсэг хугацаанд дуулсан юм. Тэгэхэд манай найз Халиун уйлсан. Учир нь Халиуны төрсөн дүү болон хүргэн нь нас барчихсан юм. Тэгээд л уй гашуу болж хэсэг нулимс унагахад манай нөхөр дургүйцэж Халиуныг загнаж чи наадахаа боль та нарын асуудал бид хоёрт хамаагүй гэж хэлсэн. Тэгээд уг газраас гарахаар болсон. М, Халиун хоёрыг хүн ирж авч явсан. Тэрний дараа манай нөхөр Ц автомашиныг жолоодож бид хоёр гэр рүүгээ явахаар болсон. Манай найз Халиуны дүү болон хүргэн нь нас барчихсан. Тэгээд л уг асуудлаа хэлж байсан шүү гэж ярихад манай нөхөр гэнэт учиргүй уурласан. Тухайн үед бид гэрийнхээ гадна ирж байсан юм. Тэгээд уурлаж шууд автомашинаа Хүрмэн сум явах зам руу оруулж замаар явсан. Тэр үед нөхөр бид хоёр маргалдаж явна, явахгүй гэж автомашины руль булаацалдсан. Даланзадгад сумаас нээх хол явалгүй замаас гарч зогсож байгаад миний хацар болон толгой хэсэг рүү цохьсон. Миний баруун талын хацрыг базаж эрүүл мэнд, гоо сайханд гэмтэл учруулсан. Миний баруун хацар маажигдсан байсан. Одоо хумсны сорви үлдэх байх. Тухайн үедээ толгой өвдөж байсан. Одоо бол өвдөж зовиурлаж байгаа ямар нэгэн зүйл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 12-13 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр огт байхгүй. Цаашид болон одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр хувиараа авто сэлбэгийн худалдаа наймаа эрхэлдэг юм. Манай ажлын газар болон тээврийн хэрэгсэлд камер байдаг. Үнэхээр хянадаг эсэхийг нь мэдэхгүй юм. /хх-ийн 16 дахь тал/

 

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цаг өнгөрчихсөн цаг орой болчихсон байхад Өмнөговь аймаг Даланзадгад сумын нутаг дэвсгэрт уулзаж тэндээс караокед орж дуу дуулсан. Ц бид хоёр нэг шил 0.5 литрийн Еden нэртэй архи уусан. Харин манай эхнэр Халиун, Цгийн эхнэр Мөнхцэцэг нар хүний нэг нэг пиво ууссан байх. Үнэндээ би караокед ороод согтчихсон. Яаж гарсан тухайгаа санахгүй байгаа. Нэг мэдсэн маргааш өглөө нь болчихсон гэртээ унтаж байсан. /хх-ийн 18 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Мийн биед тархины доргилт, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн сарвууны олон тооны жижиг зулгаралт, 2 гарын бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 29 дэх тал/

 

Шүүгдэгч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 1979 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд суманд төрсөн. Эцэг эхээс 9-үүл айлын дээрээс 5 дахь нь дөрвөн эгч, дөрвөн дүүгийн хамт хөдөө Номгон суманд амьдарч цэцэрлэг, сургуульд явж 1996 онд наймдугаар анги төгсөж улмаар 1997 -1998 онуудад Ардын арми 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Миний ах дүүс Өмнөговь аймгийн төвд болон Номгон суманд байдаг. Эхнэр бид хоёр 1999 онд Өмнөговь аймаг Номгон суманд танилцсан улмаар гэр бүл болсон гурван хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг Зүүнсайханы 7-19 тоотод оршин сууж байна. /хх-ийн 35 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/

2006 оны 03 сарын 07-ны өдрийн 20 дугаартай Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.М, шүүгдэгч П.Ц нар нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багт байх Хүрмэн сум явах засмал замын хажууд таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч П.Ц нь хохирогч Х.Мийн бие махбодид нь халдан зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Мийн: ... 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой би гэр бүлийн найзууд болох М, Халиун нарын хамт караокед орж хэсэг хугацаанд дуулсан юм. Тэгэхэд манай найз Халиун уйлсан. Учир нь Халиуны төрсөн дүү болон хүргэн нь нас барчихсан юм. Тэрний дараа манай нөхөр Ц автомашиныг жолоодож бид хоёр гэр рүүгээ явахаар болсон. Манай найз Халиуны дүү болон хүргэн нь нас барчихсан. Тэгээд л уг асуудлаа хэлж байсан шүү гэж ярихад манай нөхөр гэнэт учиргүй уурласан. Тухайн үед бид гэрийнхээ гадна ирж байсан юм. Тэгээд уурлаж шууд автомашинаа Хүрмэн сум явах зам руу оруулж замаар явсан. Тэр үед нөхөр бид хоёр маргалдаж явна, явахгүй гэж автомашины руль булаацалдсан. Даланзадгад сумаас нээх хол явалгүй замаас гарч зогсож байгаад миний хацар болон толгой хэсэг рүү цохьсон. Миний баруун талын хацрыг базаж эрүүл мэнд, гоо сайханд гэмтэл учруулсан. /хх-ийн 12-13 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.М-ийн: Эхнэр бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цаг өнгөрчихсөн цаг орой болчихсон байхад Өмнөговь аймаг Даланзадгад сумын нутаг дэвсгэрт уулзаж тэндээс караокед орж дуу дуулсан. Ц бид хоёр нэг шил 0.5 литрийн Еden нэртэй архи уусан. /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Х: ...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бид 4 уулзаж, караокед орж дуу дуулсан юм. Тэгэхэд миний сэтгэл хөдөлж, нулимс унаган тухайн цаг хугацаанд Ц одоо битгий уйл, тэглээ гээд дүү чинь босоод ирэхгүй гэдгийг надад хэлсэн. /хх-ийн 20 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Мийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн сарвууны олон тооны жижиг зулгаралт, 2 гарын бугалга, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 29 дэх тал/-ээр  тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багт байх Хүрмэн сум явах засмал замын хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Х.Мтэй маргалдан улмаар бие махбодид нь халдан зодож эрүүл мэндэд нь тархины доргилт баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн сарвууны олон тооны жижиг зулгаралт 2 гарын бугалга баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Х.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Цаашид болон одоо нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 16 дахь тал/ гэснээр шүүгдэгч П.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч П.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч П.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч П.Цгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 48 дахь тал/, 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.Ц нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч П.Ц нь өөрийгөө өмгөөлж ...гэм буруугаа хүлээж байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Цд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Х.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Гүнгэ овгийн П-ийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Ц нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА